Францын хөлбөмбөгийн “Пари Сен-Жермен (ПСЖ) клуб Их Британийн тансаг зэрэглэлийн автомашин үйлдвэрлэгч “Bentley Motors” компанитай албан ёсны түншлэлийн гэрээ байгуулснаа зарлалаа.
Энэхүү хоёр улирлын гэрээний хүрээнд “Bentley” нь “PSG” клубийн эрэгтэйчүүдийн үндсэн багийн “Тансаг зэрэглэлийн автомашины албан ёсны түнш”-ээр ажиллах юм. Уг түншлэл нь Английн Крю хотоос гаралтай гар урлал, дээд зэргийн чанар бүхий автомашины соёлыг Парисын орчин үеийн загвар, спорт, бүтээлч сэтгэлгээтэй нэгтгэх зорилготой гэдгийг талууд онцолжээ.
Хамтын ажиллагааны хүрээнд хоёр брэнд хамтран дэлхийн өнцөг булан бүрд буй хөгжөөн дэмжигчид болон үйлчлүүлэгчдэд зориулсан онцгой арга хэмжээ, тоглолтын өдрийн тусгай хөтөлбөр, дизайн болон амьдралын хэв маягийг харуулсан видео контентуудыг бүтээх аж. Түншлэлийг зарлах үеэр “Bentley”-ийн Flying Spur, Bentayga, Continental загваруудыг “Парк де Пренс” цэнгэлдэхийн зүлгэн дээр байрлуулж, клубийн домогт тоглогч Мамаду Сакогийн оролцсон сурталчилгааны дүрс бичлэгийг олон нийтэд танилцуулсан байна.
“Bentley Motors”-ийн борлуулалт, маркетингийн захирал Кристоф Жорж болон “PSG”-ийн орлого хариуцсан захирал Ричард Хизелгрейв нар хоёр байгууллагын өндөр гүйцэтгэл, төгс төгөлдөрт тэмүүлэх нийтлэг үнэт зүйлс энэхүү хамтын ажиллагааны үндэс болсныг тэмдэглэв.
Сонирхуулахад, олон улсын 1xBet компанийн албан ёсны түнш “PSG” баг хэдхэн сарын өмнө Хятадын “BYD Group”-тэй 2029 он хүртэл “Албан ёсны дэлхийн автомашины түнш”-ээр ажиллах гэрээ байгуулсан. Тиймээс “Bentley”-тэй хийсэн энэхүү гэрээ нь тоглогчдыг автомашинаар хангах бус, зөвхөн тансаг зэрэглэлийн брэнд, амьдралын хэв маяг, маркетингийн хамтарсан төслүүд дээр төвлөрч байгаагаараа онцлог юм. Хоёр тал гэрээний санхүүгийн үнийн дүнг олон нийтэд ил болгоогүй байна.

Сэтгэгдэл ( 0 )