“Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг дэмжив

Я.Болор | Zindaa.mn
14 минутын өмнө

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороо өнөөдөр (2026.11.19) Төрийн ордны “Жанжин Д.Сүхбаатар” танхимд 53.1 хувийн ирцтэй хуралдлаа. Хуралдаан 10 цаг 37 минутад эхэлж, Монголбанкнаас 2026 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр ирүүлсэн “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэв.

Төв банкнаас ирүүлсэн үндсэн чиглэлийн саналыг Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт танилцууллаа. Энэхүү төслийг боловсруулахдаа сүүлийн 15 жилд төрөөс баримталж ирсэн мөнгөний бодлогын үр дүнг үндэслэсэн гэдгийг онцлов. Монголбанкны төлөөллийн танилцуулснаар бол Төв банкны үнэт цаасны үлдэгдэл 15.5 их наяд төгрөг, 2012-2025 оны хуримтлагдсан алдагдал 6.9 их наяд төгрөгт хүрчээ. Энэ нь сүүлийн 14 жилийн хугацаанд ипотекийн зээл, үнэ тогтворжуулах, бусад хөтөлбөр зэрэг төсвийн шинжтэй санхүүжилтэд 15.8 их наяд төгрөг зарцуулсан зэрэг шалтгаантай холбоотой. Монголбанкны өөрийн хөрөнгийн дутагдал 4.8 их наяд төгрөгт хүрснийг анхааралдаа авч, цаашид төв банканд төсвийн шинжтэй асуудлыг хариуцуулахгүй байх эрх зүйн орчин бүрдүүлэх шаардлагатай байна. Ингэхдээ орон сууцны хөнгөлөлттэй зээлийн хөтөлбөрийн хэрэгжилтийг Засгийн газарт бүрэн шилжүүлэх, төв банкны хараат бус, бие даасан байдлыг бүрэн дүүрэн хангаж, тогтолцоог үндсээр өөрчлөх асуудал тулгамдаж буйг илтгэсэн юм.

2026-11-19 14.12.30.jpg

Танилцуулгад дурдсанаар, төсвийн алдагдлыг ДНБ-ий хоёр хувиас хэтрүүлэхгүй байх төсвийн дүрмийг хэрэгжүүлж эхэлснээс хойш уг хязгаараас давсан алдагдлын хуримтлагдсан хэмжээ 12.6 их наяд төгрөгт хүрсэн байна. Монголбанкны 2027 оны мөнгөний бодлогын үндсэн чиглэлийн төсөлд төв банкны хуримтлагдсан алдагдлыг шийдвэрлэх зорилгоор Засгийн газрын урт хугацаат тусгай үнэт цаас гаргах саналыг тусгажээ. Ирэх оны мөнгөний бодлогын үндсэн чиглэлийн төсөлд инфляцыг өдөөж буй зургаан үндсэн сувгийг хаах, мөнгөний бодлогын үр нөлөөг нэмэгдүүлэхэд чиглэсэн арга хэмжээг төлөвлөсөн. Үүнд төсөв болон мөнгөний бодлогын уялдааг хуульчлах, төсвийн шинжтэй хөтөлбөрүүдийг Засгийн газрын хариуцах хүрээнд шилжүүлэх, валютын зах зээлийн зохицуулалтыг боловсронгуй болгох, нийлүүлэлтийн сүлжээний санхүүжилтийг дэмжих, банкны салбарын засаглал, санхүүгийн хэрэгслийг хөгжүүлэх шаардлагатай хэмээн танилцууллаа.

2026-11-19 14.12.25.jpg

Төв банк /Монголбанк/-ны тухай хууль, Банкны тухай хууль, Зээлийн мэдээллийн тухай хууль, Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хууль, Валютын зохицуулалтын тухай хууль, Актив удирдлагын компанийн тухай анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэх шаардлагатай гэв.

2026-11-19 14.13.04.jpg

Монголбанкны танилцуулгын дараа “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг Байнгын хорооны болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Л.Соронзонболд тогтоолын төслийг танилцууллаа.

2026-11-19 14.12.35.jpg

УИХ-ын тогтоолын төсөлд жил бүр 1.5 их наяд төгрөгөөс доошгүй хэмжээний Засгийн газрын дунд, урт хугацаатай тусгай үнэт цаас гаргаж Монголбанкны өөрийн хөрөнгийг нөхөхөөр тусгажээ. Ирэх онд мөнгөний бодлогын чиглэлээр гол нэрийн бараа, бүтээгдэхүүний нийлүүлэлтийн сүлжээний санхүүжилтийн тогтолцоог бүрдүүлж, нөөц бүрдүүлэх үйл ажиллагааг ил тод бүртгэлжүүлэн оновчтой зохион байгуулах; Уул уурхайн компаниудаас улсын төсөвт төвлөрүүлэх ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр болон Үндэсний баялгийн санд төвлөрүүлэх орлогыг Монголбанк дахь Засгийн газрын гадаад валютын дансанд шууд төвлөрүүлэх эрх зүйн орчин бүрдүүлэхийг Засгийн газарт үүрэг болгох ажээ.

Мөн Монголбанк, Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв, Монголын хөрөнгийн биржийн бүртгэл, арилжааны дэд бүтцийг холбож, төгрөгийн эрсдэлгүй өгөөжийн муруйг бүрдүүлэх; Гадаад валютын улсын нөөцийн хүрэлцээг үнэлж, нөөцийн аюулгүй байдлыг хангах, улсын зээлжих зэрэглэлийг баталгаажуулах, нэмэгдүүлэхэд чиглэсэн макро эдийн засгийн бодлогын уялдааг хангах нь Засгийн газрын үүрэг гэж үзжээ.

Харин Монголбанк болон Санхүүгийн зохицуулах хороонд зургаан асуудлыг даалгахаар төлөвлөсний дотор банкны чанаргүй активыг шийдвэрлэх хоёрдогч зах зээлийн эрх зүйн орчныг бүрдүүлэх хуулийн төслийг боловсруулах, цахим залилангаас урьдчилан сэргийлэхийн тулд санхүүгийн нэгдсэн цахим талбарыг хөгжүүлж, эрх зүйн орчинг бүрдүүлэх асуудал багтсан байна.

Vанал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн 81.8 хувь нь дэмжсэн тул энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо. Тогтоолын хавсралтаар "Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэл"-ийг батлах бөгөөд биелэлтэд нь УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо хяналт тавих юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top