Эрүүл мэндийн сайд Э.Батшугар БНСУ-ын Үндэсний эрүүл мэндийн даатгалын алба (NHIS)-ны Гадаад хамтын ажиллагаа, хөгжлийн газрын төлөөлөгчдийг 2026 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтаар “Монгол Улсын эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүгийн удирдлагын чадавхыг бэхжүүлэх” төслийн хэрэгжилт, цаашдын хамтын ажиллагааны чиглэлийн талаар санал солилцов.
Эрүүл мэндийн сайд Э.Батшугар Монгол Улсын эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүгийн тогтвортой байдлыг хангах, орлого, зарлагын удирдлагыг сайжруулах, санхүүжилтийн үр ашгийг нэмэгдүүлэх нь салбарын шинэчлэлийн чухал зорилт болохыг онцоллоо.Тэрээр БНСУ нь бүх нийтийн эрүүл мэндийн даатгалын тогтолцоог хөгжүүлж, шимтгэлийн орлого бүрдүүлэлт, сангийн хөрөнгийн удирдлага, санхүүгийн эрсдэлийн менежментийн чиглэлээр арвин туршлага хуримтлуулсныг тэмдэглээд, энэхүү туршлагыг Монгол Улсын онцлог, хэрэгцээнд нийцүүлэн нэвтрүүлэхэд төслийн ач холбогдол оршиж байгааг илэрхийлэв.

Төслийн хүрээнд эрүүл мэндийн даатгалын сангийн орлого, зарлагын дунд болон урт хугацааны төсөөлөл боловсруулах, санхүүгийн эрсдэлийн удирдлага, төлөвлөлт, мэдээллийн удирдлагыг сайжруулахад анхаарч ажиллах шаардлагатайг онцоллоо.
Мөн төслийн үр дүнг зөвхөн сургалт, туршлага солилцох хүрээнд хязгаарлахгүйгээр сангийн санхүүгийн тогтвортой байдлыг хангах стратегийн чиглэл, хэрэгжүүлэх арга хэмжээний замын зураглал, бодитой аргачлал, зөвлөмж боловсруулахад чиглүүлэх нь чухал гэдгийг дурдав.

Эрүүл мэндийн яамны зүгээс төслийн хэрэгжилтийг бодлогын түвшинд дэмжиж, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар болон холбогдох байгууллагуудын оролцоо, уялдаа холбоог ханган ажиллахаа илэрхийллээ. Цаашид Монгол Улс, БНСУ-ын холбогдох байгууллагуудын мэргэжлийн хамтын ажиллагааг өргөжүүлж, эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүгийн удирдлагын чадавхыг бэхжүүлэх чиглэлээр хамтран ажиллана гэв.

Сэтгэгдэл ( 0 )