Энэ сарын 16-нд Австрийн Вена хотноо болсон цагаачлалын бага хурлын үеэр Европын Холбооны таван гишүүн орон хууль бус цагаачдыг Руанда улсад байгуулах төв рүү албадан гаргах төлөвлөгөөгөө албан ёсоор зарлалаа. Энэхүү санаачилгыг Герман, Австри, Дани, Нидерланд, Грек улсууд Руандагийн Засгийн газартай хамтран хэрэгжүүлэхээр хэлэлцээгээ эхлүүлээд байна.
Энэхүү хөтөлбөр нь орогнол хүссэн өргөдөл нь эцэслэн татгалзсан, Европын Холбоонд хууль ёсоор оршин суух эрхгүй болсон боловч эх орон руу нь шууд буцаах боломжгүй байгаа гуравдагч орны иргэдийг хамрах аж.
Руандад байгуулах төв нь хаалттай хорих байр бус, харин нээлттэй хүлээн авах төв байх аж. Тэнд очсон цагаачдад эх орон руугаа сайн дураараа буцах, оршин суух эрхтэй өөр гуравдагч орон руу шилжих, эсвэл Руандад үлдэж, ажиллаж амьдрах гэсэн сонголтуудыг олгохоор тусгажээ.
Талууд уг төвийг 2027 оны эхээр буюу хавар, зуны улиралд туршилтын журмаар нээхээр төлөвлөж байна. Эхний ээлжинд зөвхөн ганц бие эрчүүдийг хамруулах бөгөөд таван улс тус бүр 20 орчим хүн буюу нийт 100 орчим цагаачийг илгээхээр тооцоолжээ.
Европын Холбооноос саяхан баталсан Цагаачдыг нутаг буцаах тухай шинэ журам нь гишүүн орнуудад Европын Холбооны гадна буюу гуравдагч оронд албадан буцаах төв байгуулах эрх зүйн боломжийг нээж өгсөн юм. Одоогоор ЕХ-ноос гаргах шийдвэр гарсан цагаачдын 30 хүрэхгүй хувь нь л эх орондоо буцдаг тул ийнхүү хатуу арга хэмжээ авахад хүрснийг албаныхан онцолжээ.
Олон улсын хүний эрхийг хамгаалах “Human Rights Watch” байгуулага болон хүмүүнлэгийн 47 байгууллага хамтарсан мэдэгдэл гаргаж, энэ төлөвлөгөөг нэн даруй зогсоохыг уриаллаа. Тэд Руанда улсыг хүний эрхийн зөрчил ихтэй, үзэл бодлоо илэрхийлэгчдийг хавчин гадуурхдаг орон хэмээн шүүмжилж, шилжүүлэн өгсөн цагаачдын эрх ашиг ноцтойгоор зөрчигдөх эрсдэлтэйг анхааруулжээ.
НҮБ-ын Дүрвэгсдийн асуудал эрхэлсэн дээд комиссарын газар аливаа албадан гаргах ажиллагаа нь олон улсын хүний эрхийн хууль тогтоомжид бүрэн нийцсэн байх ёстойг сануулж, хяналт тавихад бэлэн байгаагаа илэрхийлсэн байна.

Сэтгэгдэл ( 0 )