АНУ-ын Лос Анжелес хотод 700 тэнгисийн цэрэг оруулахаар болсон тухай тус улсын Зэвсэгт хүчний Умард командлал мэдэгджээ.
Эдгээр цэрэг хурцадмал байдлыг намжаах, хурсан олныг тогтоох, хүч хэрэглэх зохих дүрэм, журамд суралцсан бөгөөд энгийн үед биедээ авч явдаг зэвсэгтэй байна гэж тус командлал онцолсон байна. Армиас гадна эсэргүүцлийн жагсаалыг дарах зорилгоор Үндэсний гвардийн 2000 алба хаагчдыг илгээгээд байна.
Энэ сарын 6-нд эхэлсэн цагаачдыг албадан гаргахыг эсэргүүцсэн жагсаал үргэлжилж, өдөр ирэх тусам илүү хурц хэлбэрт шилжиж байна. Үүнтэй зэрэгцэн үл таних хүмүүс жагсаал болж буй байршлуудад ачааны тэрэгтэй ирж, жагсагчдад хамгаалалтын дуулга, хийн баг тарааж буй тухай FOX 11 суваг мэдээлжээ. Тэд Үндэсний гвардийн алба хаагчдын нүдэн дээр жагсагчдыг дуулга, баг тараасан хэдий ч тэднийг саатуулаагүй байна. Ингэхдээ тэдний зарим нь нүүрээ ч нуугаагүй байжээ. FOX 11 сувгийн мэдээллээр, жагсагчид дугуй шатааж, байрны хана, машин дээр будаг цацаж, хүчнийхэнтэй мөргөлдөхөд бэлдэж байгаа шинж тэмдэг илэрч байна. Энэ үеэр хүчнийхэн резинэн сум хэрэглэжээ.
Үүнтэй зэрэгцэн Калифорнийн амбан захирагч Гэвин Ньюсом жагсаалыг тараах зорилгоор Лос Анжелес хот руу Үндэсний гвардийнхныг оруулсны төлөө АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трампыг шүүхэд өгнө гэж мэдэгджээ.
Сэтгэгдэл ( 0 )