Индонезид “Монголын үдэш” соёлын арга хэмжээ зохион байгуулав

Я.Болор | Zindaa.mn
12 минутын өмнө

Монгол Улсаас Бүгд Найрамдах Индонез Улсад суугаа Элчин сайдын яам Сурабаяа хот дахь Монгол Улсын Өргөмжит Ерөнхий консулын газартай хамтран Монгол Улс Бүгд Найрамдах Улсаа тунхагласны ой, Монгол, Индонезийн хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг тохиолдуулан “Монголын үдэш” соёлын арга хэмжээг зохион байгуулав.

Арга хэмжээнд Сурабая хот дахь консулын корпусын төлөөлөл, өргөмжит консулууд, бизнесийн салбарын төлөөлөгчид оролцов.

Элчин сайд Д.Энхтайван, Монгол Улсын Өргөмжит Ерөнхий консул Чандра М.Гозали болон Сурабаяа хотоос сонгогдсон Индонезийн Парламентын Төлөөлөгчдийн танхимын (DPR RI) гишүүн Индах Курния нар үг хэлэв.

Арга хэмжээний үеэр Монголын үндэсний хөгжим, хөөмий, уртын дуу, уран нугаралтын тоглолт толилуулж, Монголын өв соёл, урлагийг сурталчлан таниулж, хоёр орны найрамдал, харилцан ойлголцлыг бэхжүүлэхэд хувь нэмэр оруулав.

Монгол Улсаас Бүгд Найрамдах Индонез Улсад суугаа Элчин сайдын яам үүнээс өмнө Жакарта хотноо Монгол Улс Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 102 жилийн ой, Монгол, Индонезийн хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойд зориулсан "Mongolia: A Journey of Taste, Sound and Stories" хүндэтгэлийн хүлээн авалт зохион байгуулав.

Арга хэмжээнд хүндэт зочноор Индонез Улсын Хоршооллын сайд Ферри Жулиантоно, Эрүүл мэндийн сайд Буди Гунади Садикин, төр, засгийн байгууллагууд, дипломат корпус, олон улсын байгууллага, бизнесийн салбарын төлөөлөгчид оролцов.

Хүлээн авалтын хүрээнд соёлын тоглолт толилуулж, Монголын уртын дуу, хөөмий, уран нугаралт, үндэсний хөгжмийн аялгуугаар дамжуулан Монголын баялаг түүх, өв соёл, урлагийг зочдод танилцуулав.

Түүнчлэн Индонез Улсад зохион байгуулагдсан “The 8th LaCuisine 2026” олон улсын хоолны тэмцээнд оролцсон Монголын тогооч нар үндэсний хоол, зоог бэлтгэн зочдод үйлчилж, Монголын хоолны соёлыг сурталчлав.

Энэхүү арга хэмжээ нь хоёр орны найрамдалт харилцааг бэхжүүлэхийн зэрэгцээ Монголын соёл, урлаг, үндэсний хоолны уламжлалыг Индонезийн олон нийтэд сурталчлан таниулахад чиглэсэн байна.

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top