БНСУ-д элсэлтийн шалгалтын үеэр Wi-Fi сүлжээг хаана

Я.Болор | Zindaa.mn
22 минутын өмнө

 

БНСУ-ын их, дээд сургуулийн элсэлтийн нэгдсэн шалгалт энэ пүрэв гарагт /2026.11.19/ тус улс даяар нийт 1312 шалгалтын төвд зохион байгуулагдана. Энэ жилийн шалгалтад нийт 551 864 сурагч оролцохоор бүртгүүлсэн бөгөөд шалгалтын материалыг цагдаагийн хамгаалалтын дор бүс нутгууд руу түгээж эхлээд байна.

Саяхан тус улсын татварын мэргэшсэн нягтлан бодогчийн шалгалтад оролцогч бичил камер болон хиймэл оюун ухаан ашиглан хуулсан дуулиан гарсны дараа зарим улстөрчид болон эцэг эхчүүд шалгалтыг хойшлуулах санал гаргасан юм. Гэсэн хэдий ч Боловсролын сайд Чой Кё Жин хугацааг өөрчлөх нь сурагчдын дунд илүү их дарамт үүсгэнэ хэмээн үзэж, шалгалтыг товлосон өдөр нь явуулна гэдгийг албан ёсоор мэдэгдлээ. Ирэх жилээс элсэлтийн шалгалтын бүтцэд томоохон өөрчлөлт орохоор төлөвлөгдсөн тул энэ жилийнх одоогийн тогтолцоогоор авч буй сүүлчийн шалгалт болж байгаагаараа онцлог юм.

Хууран мэхлэлтээс урьдчилан сэргийлэх зорилгоор БНСУ-ын Засгийн газар хяналтаа дээд зэргээр чангатгаад байна. Тодруулбал, Ерөнхий сайд Хан Сон Сүк шалгалтын үеэр бүх шалгалтын төвүүдийн нийтийн Wi-Fi сүлжээг түр хаах үүргийг холбогдох яаманд өгчээ. Мөн шалгалтын төв бүрт ухаалаг нүдний шил, нууц төхөөрөмжийг гаднах шинж тэмдгээр нь таних тусгай сургалтад хамрагдсан хянагч нарыг ажиллуулахаар болсон байна. Үүний зэрэгцээ хууль бус арга хэрэглэсэн тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээс гадна дахин шалгалт өгөх эрхийг нэг жил байсныг таван жил болгон хасах хуулийн төслийг парламентад өргөн бариад байгаа аж.

Шалгалт  энэ сарын 19-ний өглөө 08:40 цагт эхэлж, орой 17:45 цаг хүртэл үргэлжлэх бөгөөд оролцогчид 08:10 цагаас өмнө байрандаа орсон байх хатуу дүрэмтэй. Энэ өдөр улс орон даяар онцгой зохицуулалт үйлчилж, замын түгжрэлийг бууруулах үүднээс төрийн байгууллага, банк болон томоохон компаниудын ажлын цагийг 10:00 цаг болгон хойшлуулна.

Түүнчлэн үдээс хойш 13:05–13:40 цагийн хооронд явагдах англи хэлний сонсох шалгалтын үеэр тус улсын агаарын орон зайд онгоц хөөрөх, газардахыг түр зогсоож, барилгын ажил болон цэргийн сургуулилтыг завсарлуулах юм.

Энэ жилийн шалгалтад насанд хүрээгүй хоригдлуудын тусгай сургууль болох Манделагийн нэрэмжит хөвгүүдийн сургуулиас 11 сурагч оролцохоор болжээ. Харин БНСУ-д суралцах хүсэлтэй гадаад оюутнууд энэхүү шалгалтыг өгдөггүй бөгөөд ахлах сургуулийн дүн болон хэлний оноогоороо тусдаа элсдэг байна. Ерөнхий шалгалтын албан ёсны дүн ирэх арванхоёрдугаар сарын 11-нд гарна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top