Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссоос “Уур амьсгалын өөрчлөлтийн хүний эрхэд үзүүлэх нөлөөлөл, үр дагавар” судалгааны урьдчилсан үр дүнг танилцуулах хэлэлцүүлгийг 2026 оны арваннэгдүгээр сарын 17-ны өдөр зохион байгууллаа.
Хэлэлцүүлэгт төрийн болон төрийн бус байгууллага, олон улсын байгууллагын төлөөлөл, эрдэмтэн судлаачид оролцож, уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэн малчдын амьдрал, аж ахуй, хүний эрхийн хэрэгжилтэд тулгарч буй асуудал, тэдгээрийн үр дагаврын талаар судалгааны урьдчилсан үр дүнг хэлэлцэж, санал солилцов. Хэлэлцүүлгийг ХЭҮК-ын дарга, хууль зүйн доктор, профессор Д.Сүнжид нээж, Судалгаа, дүн шинжилгээний хэлтсийн дарга С.Тунгалагтамир чиглүүлэв.
МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Нийтийн эрх зүйн тэнхимийн багш, хууль зүйн доктор Д.Баяр “Уур амьсгалын өөрчлөлт, хүний эрх, малчид: Хууль зүйн өнцгөөс”, МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн Археологи, антропологи, хүн ам зүйн тэнхимийн багш, Оксфордын их сургуулийн докторант Г.Мөнх-Эрдэнэ “Уур амьсгалын өөрчлөлт, хүний эрх, малчид: Антропологийн өнцгөөс” сэдвээр тус тус илтгэл танилцууллаа.
Судалгааны хүрээнд уур амьсгалын өөрчлөлт хүний эрхэд хэрхэн нөлөөлж байгааг хууль зүйн болон антропологийн талаас цогцоор нь авч үзсэн бөгөөд хоёр гол дүгнэлтийг онцолж байна.
Нэгдүгээрт, уур амьсгалын өөрчлөлт нь зөвхөн амьд явах, эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхэд нөлөөлөөд зогсохгүй ундны усаар хангагдах, шим тэжээлтэй хүнс хэрэглэх, зорчих, оршин суух газраа сонгох зэрэг олон эрхийн хэрэгжилтэд шууд болон шууд бусаар нөлөөлж байна.
Хоёрдугаарт, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөлөл малчдын өдөр тутмын амьдрал, мал аж ахуй, амьжиргаанд хэдийнээ бодитоор илэрч эхэлжээ.
Хэлэлцүүлгийн үр дүнд оролцогчдын санал, судалгааны урьдчилсан үр дүнд үндэслэн цаашид анхаарах асуудлыг нэгтгэн дүгнэж, судалгааны баг эдгээр санал, зөвлөмжийг эцсийн тайланд тусган сайжруулалт хийхээр ажиллаж байна.
Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс судалгааны эцсийн үр дүн, дүн шинжилгээнд үндэслэн хөндөгдсөн асуудлыг ирэх оны Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх илтгэлд тусгаж, уур амьсгалын өөрчлөлтөд хүний эрхэд суурилсан хандлагыг төлөвшүүлэх, холбогдох бодлого, хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгоход анхаарч ажиллах юм.

Сэтгэгдэл ( 0 )