ХЭҮК: Санал авах байранд нэр нь байхгүй байна гэх гомдол иргэдээс ирдэг

2024 оны 06 сарын 06

Хүний эрхийн үндэсний комиссоос УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулиар гарсан болон УИХ-ын 2024 оны сонгуулиар гарч болзошгүй хүний эрхийн зөрчлийн талаар мэдээлэл хийлээ.

УИХ-ын 2020 оны ээлжит сонгууль, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийн үеэр гарсан нийтлэг зөрчил болон энэ оны ээлжит сонгуулиар гарч болзошгүй хүний эрхийн зөрчлүүдийн талаар ХЭҮК-ын дарга Д.Сүнжид “Нэн түрүүнд сонгох эрхийн тухай асуудал байна. Сонгогчдын нэрсийн жагсаалтын асуудал яригдана. Санал авах байрандаа очиход нэр нь байхгүй байна гэх гомдол иргэдээс ирдэг. Үүнийг хэсгийн хороо, улсын бүртгэлийн байгууллага, холбогдох газрууд сонгуулийн өмнө шийдвэрлэсэн байх шаардлагатай” гэлээ.

Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ахмад настнуудад хүртээмжтэй байлгахад анхаарч, санал авах байрны орц, гарц, довжоо, налуу замыг бодолцох хэрэгтэйг онцлов.

Нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан тохиолдлууд нь:

Шүүхийн тогтоолоор ял эдэлж байгаа гэсэн үндэслэлээр таван хүнийг,

Нэр дэвшүүлсэн нам эвслээсээ өөр намын гишүүн хэвээрээ байгаа гэдэг үндэслэлээр дөрвөн хүнийг,

Сонгуулийн тойргоос 801-ээс доошгүй сонгогчдын гарын үсэг зуруулах шаардлага хангаагүй гэдэг үндэслэлээр дөрвөн хүнийг,

Төрийн жинхэнэ албан хаагч хуулийн хугацаанд албан тушаалаасаа чөлөөлөгдөөгүй гэх үндэслэлээр нэг хүнийг,

Авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэдэг үндэслэлээр нэг хүнийг буюу Үндэсний эвслээс нэр дэвшсэн Н.Номтойбаярыг татгалзсан тохиолдол гарсан байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top