Хорих ял эдлээд суллагдсан хүмүүсийн 40 хувь нь ДАХИН ГЭМТ ХЭРЭГ үйлджээ

Б.Гантуяа | Zindaa.mn
2024 оны 04 сарын 17

Монгол Улс дахь Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 23 дахь илтгэлийг Хууль зүйн байнгын хорооны Мягмар гарагийн /2024.04.16/ хуралдаанаар хэлэлцсэн юм.

Энэхүү илтгэлийг “Эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийн хэрэгжилт, нөхцөл байдал”, “Боловсролын салбар дахь хүний эрхийн нөхцөл байдал”, “Хүүхдийн эрхийн зарим асуудал”, “Гэр бүлийн хүрээн дэх жендэр ба хүний эрхийн асуудал”, “Иргэний нийгэм болон байгаль орчны чиглэлээр ажилладаг хүний эрх хамгаалагчдын эрхийн хэрэгжилт”, “Хорих ял эдлээд суллагдсан хүмүүсийн нийгэм, эдийн засаг, соёлын эрх”, “Хөгжлийн бэрхшээлтэй хүний улс төрийн оролцоог нэмэгдүүлэхэд нөлөөлөх хүчин зүйлс, шийдэл” гэсэн үндсэн 7 бүлгийн хүрээнд боловсруулж, энэ хүрээнд нийт 54 саналыг УИХ-д танилцуулжээ.

-Хог хаягдал, нүхэн жорлон зэрэг нь 60 гаруй төрлийн халдварт өвчний шалтгаан болж байна-

“Эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийн хэрэгжилт, нөхцөл байдал”, “Боловсролын салбар дахь хүний эрхийн асуудал” гэсэн эхний хоёр бүлгийн талаар Хүний Эрхийн Үндэсний Комиссын дарга Д.Сүнжид: Эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийн хэрэгжилт, нөхцөл байдлын хүрээнд нэн тэргүүнд хууль тогтоомжийн давхардал, хийдэл, зөрчлийн нөхцөлд дүгнэлт хийхэд 30 орчим хууль, 200 орчим стандарт, захиргааны хэм хэмжээний акт, дүрэм, журам байгаль орчны салбарт үйлчилдэг гэдгийг тогтоожээ. Энэ бүлгийн хүрээнд Монгол Улсын Үндсэн хуульд заасан эрүүл аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхийг нарийвчлан зохицуулсан байгаль орчны салбарын хууль тогтоомж, эрх зүйн актын дүн шинжилгээний үр дүнд давхардал 16, зөрчил 29, хийдэл 71 байгааг тодорхойлсон.

Түүнчлэн агаар, хөрс болон усны бохирдол, Улаанбаатар хотын стандартын асуудал, уул уурхайн нөлөөллийн бүсэд амьдарч байгаа орон нутгийн иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийн хэрэгжилтийн нөхцөл байдалд хийсэн хяналт шалгалт, судалгааны үр дүнг тусгалаа.

Хүрээлэн буй орчны асуудлаар 180 улсыг хамруулсан 2022 оны индексийн үзүүлэлтээр Монгол Улс 155 дугаар байрт байгаа бөгөөд, агаарын, хөрсний, усны бохирдол нь үндэсний болон олон улсын стандартын үзүүлэлтээр ноцтой түвшинд байгаа тул орчны чанарыг зохистой түвшинд хүргэх, аюулгүй орчны стандартын хэрэгжилтийг хангах асуудал нэн тулгамдсан байна.

Хөрсний бохирдлын хувьд хог хаягдал, нүхэн жорлон зэрэг нь 60 гаруй төрлийн халдварт өвчний шалтгаан болж байгаа.

Улаанбаатар хот болон аймгийн төвүүдийн ундны ус чанарын шаардлага хангахгүй, холбогдох төсвийг усны менежментийн төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд зарцуулдаггүйн улмаас хэрэгжилт хангалтгүй байгаа.

“Хотын стандарт ба аюулгүй орчинд амьдрах эрхийн зарим асуудал” дэд сэдвээр судалгаа хийсэн бөгөөд энэ хүрээнд Монгол Улсад 6,589 стандарт үйлчилж байгаа ч Хотын стандарт, хяналтын газраас ирүүлсэн мэдээллээс үзэхэд 2023 оны байдлаар 305 сургуулиас 231, 241 хүүхдийн цэцэрлэгээс 131, нийт тоглоомын талбайн 80 хувь нь стандартын шаардлага хангаагүй.

-Нийслэлийн нийт явган замын 77.9 хувь стандартад нийцээгүй-

2023 оны байдлаар нийслэлийн зургаан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах явган замыг норм, дүрмийн шалгуур үзүүлэлтийн дагуу хяналт шалгалт хийсэн дүнгээс үзэхэд хавтан хагарч эвдэрсэн, стандартын шаардлага хангаагүй эрсдэлтэй нийт 1,054 газарт зөрчил дутагдал илэрсэн нь нийт явган замын 77.9 хувь стандартад нийцээгүйг харуулж байгаа бөгөөд энэ бүхэн нь иргэний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийн зөрчил үүсгэх эрсдэлтэй.

Эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийн хэрэгжилт, нөхцөл байдлын хүрээнд нэн тэргүүнд хууль тогтоомжийн давхардал, хийдэл, зөрчлийн нөхцөлд дүгнэлт хийгээд Байгаль орчны салбарт мөрдөгдөж буй 30 хууль, 200 эрх зүйн акт, норм ба дүрэм, стандартын давхардал, зөрчил, хийдлийг хүний эрхийн шалгуурт нийцүүлэн арилгах; Засгийн газраас 2017 оны 98 дугаар тогтоолоор баталсан “Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрийн хэрэгжилт”-ийг цаг хугацааны мөчлөгтэй, оновчтой, хэмжигдэхүйц, биелэгдэхүйц, ач холбогдолтой шалгуураар үнэлэх гэх зэрэг Улсын Их Хурлаас шийдвэр гаргуулахаар 14 санал хүргүүлжээ.

Тэрбээр боловсролын салбар дахь хүний эрхийн нөхцөл байдлын талаар: Боловсролын багц хуулийн 2023 оны цогц шинэчлэлтээр хүүхэд бүрд чанартай боловсрол эзэмших тэгш боломж бүрдэж, иргэд насан туршдаа суралцах эрх баталгаажиж, багш тасралтгүй хөгжих боломж нээгдэж, чадахуйн зарчимд суурилсан удирдлага, засаглалын тогтолцоо бэхжиж, чанар, үр дүн, гүйцэтгэлд суурилсан санхүүжилтийг нэвтрүүлж, орон зай, цаг хугацаанаас үл хамаарсан цахим боловсролын тогтолцоотой болсон. Ийнхүү Монгол Улсын боловсролын салбарын бодлого, эрх зүйн зохицуулалтад тасралтгүй шинэчлэл хийгдэж байгаа хэдий ч хүн амын амьжиргааны түвшин, хөдөлмөр эрхлэлт, шилжилт хөдөлгөөн, хот суурин газрын хүн амын хэт нягтрал, суурьшлын тархалтаас шалтгаалан боловсролын үйлчилгээг эрх тэгш, чанартай хүргэж чадахгүй байна.

Боловсролын салбар технологийн үсрэнгүй хөгжил, дэлхий нийтийн цахим шилжилтэд нийцүүлэн цахим шилжилтүүдийг хийж байгаа боловч амьжиргааны түвшин, оршин суугаа газрын алслагдсан байршил зэргээс шалтгаалж компьютер, гар утас, дата интернэтийн төлбөргүй, интернэт холболтгүй нөхцөлд амьдарч байгаа хүүхдийн сурч боловсрох эрх зөрчигдөх, боловсролын тэгш бус байдлыг улам гүнзгийрүүлж болзошгүйг онцгой анхаарах шаардлагатай.

Бүх хүнд чанар, хүртээмжтэй боловсрол олгох нь улс орны Засгийн газрын нэн тэргүүний үүрэг бөгөөд энэ үүргээ боловсролын яам, орон нутгийн боловсролын байгууллагаар дамжуулан хэрэгжүүлдэг. Бүх түвшний боловсролын сургалтын байгууллагын орчинд оюутан, суралцагчийн аюулгүй байдлыг хангах, эрүүл, аюулгүй, хамгаалагдсан орчинд сурч боловсрох, хөгжих боломжийг бүрдүүлэх, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх талаар эрх зүйн орчин бүрдэж, тодорхой стандартууд мөрдөгдөж байгаа хэдий ч стандартын шаардлага хангаагүй орчин нөхцөлтэй СӨББ, ЕБС, МБТБ, их, дээд сургууль олон байна.

Гадаад орчин, дотоод орчин, үйл ажиллагаанд тавигдах стандартын шаардлагын хэрэгжилт сургалтын байгууллагын байршил, өмчийн хэлбэрээс хамааран харилцан адилгүй байгаа аж.

СӨББ, ЕБС-ийн бүлэг, анги дүүргэлт нийслэл, орон нутагт тогтоосон нормоос хэтэрсэн үзүүлэлттэй байна. Хүн амын төвлөрөлтөөс шалтгаалан сургуулийн өмнөх болон сургуулийн насны хүүхдийн тоо аймаг, нийслэл, сум дүүрэгт харилцан адилгүй байгааг харгалзан үзэж шаардлагатай байршилд СӨББ, ЕБС барих, барилгын өргөтгөл хийх хэрэгтэй.

Хувийн өмчийн боловсролын сургалтын байгууллагад ялгаварлан гадуурхалт, дарамт, хүчирхийллээс ангид байх эрх зөрчигдсөөр байна
Боловсролын сургалтын байгууллагын онцлог, суралцагчдын ялгаатай хэрэгцээнээс шалтгаалан СӨББ-д ундны ус цэвэршүүлэх төхөөрөмжийг байршуулах, тоглоом, тоглоомын талбайн хүртээмж, аюулгүй байдлыг хангах, багш, ажилтнуудын тоог нэмэгдүүлж, багшийн хөгжлийг дэмжих шаардлагатай байна.

Түүнчлэн, цэцэрлэгийн хоолны чанар, хүртээмж, нэр төрлийг олшруулж, тэжээллэг чанарыг нэмэгдүүлэхэд шаардагдах зардлыг эцэг, эх, асран хамгаалагчдын оролцоотой нэмэгдүүлэх асуудлыг судалж бүх талын оролцоог хангасан байдлаар хэлэлцүүлбэл үр дүнтэй талаар салбарынхан дурджээ.

Өдөр өнжүүлэх үйлчилгээ эрхлэх нийтлэг шаардлага, стандарт, хуулийн зохицуулалт, хяналт тавих механизм байхгүй байгаа нь хүүхдийн сурч боловсрох, хөгжих, хамгаалуулах, эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг зөрчиж байна. Өдөр өнжүүлэх төвд хамрагдаж байгаа хүүхдийн эрхийг хамгаалах, эцэг эх, асран хамгаалагч нар ажил хөдөлмөр эрхлэх боломж нөхцөлөөр хангах зорилгоор төрөөс онцгой анхаарах шаардлагатай байгаа гэжээ.

Боловсролын салбарт үйлдэгдэж байгаа хүүхдийн эсрэг хүчирхийлэл, ялгаварлан гадуурхалт, дээрэлхэлт нь нийгмийн эрүүл мэнд, сайн сайхан байдал, эрүүгийн хэргийн  гаралт, хүүхдийн ирээдүйн хөдөлмөр эрхлэлт, орлогын байдал, нийгмийн харилцаанд идэвхтэй оролцоход ноцтой үр дагавар учруулахын зэрэгцээ эдийн засгийн үргүй зардлыг нэмэгдүүлдэг. Холбогдох хууль тогтоомжоор бүх шатны боловсролын сургалтын байгууллагад ялгаварлан гадуурхалт, дарамт, хүчирхийлэл, үе тэнгийн дээрэлхэлтийг хориглож, урьдчилан сэргийлэх, таслан зогсоох чиглэлээр журам, чиглэл баталж, нэгдсэн удирдамжаар хангаж байгаа хэдий ч СӨББ, ЕБС, МБТБ, их, дээд сургуульд суралцагчдын эрх зөрчигдөж байна гэж үзжээ.

Боловсролын тухай багц хуульд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд тохирох орчин, сурах бичгээр хангах, сургалтын хэрэглэгдэхүүн, багш, багшийн туслах, ажилтанд нэмэгдэл хөлс олгох, сонсголын бэрхшээлтэй хүүхэд залуучуудын сургалтын хэл дохионы хэл байх зэрэг зохицуулалт орсон нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд залуучууд бусад үе тэнгийнхэнтэй хамтдаа суралцах тэгш боломжийг олгосон зохицуулалт туссан.

Гэвч бүх түвшний боловсролын сургалтын байгууллагад налуу зам, тусгайлсан бие засах өрөө, сургуулийн давхар хооронд зорчих шат зэрэг хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд шаардлагатай наад захын хэрэгцээ бүрэн хангагдаагүй, сургуулийн орчны хүртээмж хангалтгүй, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд тулгардаг саад бэрхшээлийн талаар багш, ажилтнууд хангалттай мэдлэг ойлголтгүй, багш нарын арга зүй, чадвар харилцан адилгүй, асран хамгаалагч нарын зүгээс хүүхдээ сургахын төлөө хамтын ажиллагаа, уялдаа холбоо муу байна.

ЕБС-ийн хүний эрхийн агуулга туссан сурах бичигт хүний эрхийн суурь ойлголт, жендэрийн тэгш байдал, олон талт ялгаатай байдлын талаар агуулга хангалтгүй, хамран сургах тойргийн биш хүүхдийг сургуулиас шилжихийг шаардах тохиолдол цөөнгүй, өрхийн амьжиргааны түвшнээс хамаарч ялангуяа хөвгүүд ажил, хөдөлмөр эрхэлж, ар гэрээ тэжээх зэргээр сургууль завсардаж сурч боловсрох, хөгжих, нийгмийн хамгаалалд орох эрх нь зөрчигдөж байна.

Хувийн өмчийн боловсролын сургалтын байгууллагад хүүхдийн сурч боловсрох, хөгжих, ялгаварлан гадуурхалт, дарамт, хүчирхийллээс ангид байх эрх зөрчигдсөөр байгаа.

Мэргэжлийн болон техникийн боловсролын салбар нь суралцах хугацаандаа онолын болон сургууль дээрх дадлага, үйлдвэрлэлийн дадлага ажлаар дамжуулан суралцагчдад мэдлэг, ур чадвар олгодог онцлогтой. Тухайн салбар, мэргэжлийн онцлогоос хамаарч сургалтын хэрэглэгдэхүүн, түүхий эд материал, бусад шаардлагатай зүйлс хэрэглэх шаардлага гардаг ч судалгаанд хамрагдсан суралцагчид бүрэн хангагдахгүй байна гэж үзсэн.

Түүнчлэн, элсэлтийн бодлогыг хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, нийлүүлэлттэй уялдуулах замаар төлөвлөх, суралцагчид тэтгэлэг олгох журмыг эргэн харж мэргэжлийн боловсролын салбарын онцлогтой уялдуулан дахин үнэлгээ хийх шаардлагатай болохыг Д.Сүнжид дарга танилцууллаа. 

Багш, ажилтнууд илүү цагаар ажиллах, албан тушаалын тодорхойлолтод тусгагдаагүй ажил, үүрэг гүйцэтгэж байгаа бөгөөд тэдний хөдөлмөрлөх эрхийн хэрэгжилт хангалтгүй, багшийн хөгжлийн төвгүйгээс ажлын байран дээрээ тасралтгүй хөгжих боломж бага, нийгмийн баталгаагаар бүрэн хангагдаж чадахгүй байгааг мөн дурдаж байв.

Дээд боловсролын зээлийн сангийн талаарх мэдээллийг олон нийтэд нээлттэй мэдээлэх, суралцагчдыг тэгш хамруулахад анхаарч, олгож байгаа тэтгэлэг, зээлийн эргэн төлөлтөд иргэдийн оролцоотой хөндлөнгийн хяналтын тогтолцоог бий болгох нь зүйтэй гэж үзсэн байна.

Боловсролын салбар дахь хүний эрхийн нөхцөл байдлын хүрээнд бүх шатны боловсролын сургалтын байгууллагын орчин, дотуур байрны гадаад болон дотоод орчны аюулгүй байдлын стандартыг хангуулах, боловсролын байгууллагын барилга, өргөтгөлийн ажилд хөндлөнгийн хяналт тавих боломжийг бүрдүүлэх; Хувийн өмчийн боловсролын сургалтын байгууллагын үйл ажиллагаанд тавигдах шаардлага, шалгуурыг нарийвчлан журамлах, хэрэгжилтэд боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас хяналт тавих; Хүүхдийн өдөр өнжүүлэх үйлчилгээ эрхлэхэд тавигдах шаардлага, стандарт, хууль эрх зүйн орчныг бий болгох зэрэг 11 саналыг УИХ-аас шийдвэр гаргуулахаар боловсруулжээ.

Хагас болон бүтэн өнчин хүүхэд мөнгөн тэтгэмж болон тэжээгчээ алдсаны тэтгэврээ авч чадахгүй байгаа бол нөхөн олгох нь зүйтэй
“Хүүхдийн эрхийн зарим асуудлаар”-х мэдээллийг Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн Ж.Хунан танилцуулав.

Энэхүү илтгэлээр хагас болон бүтэн өнчин хүүхэд, байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн тоо, бүртгэл, нөхцөл байдал, төрөөс үзүүлж буй халамж, үйлчилгээ, тулгамдаж буй асуудлыг хөнджээ.

Монгол Улсад 2022 оны байдлаар 0-18 насны нийт 1,282,373 хүүхэд бүртгэлтэй байгаагаас хагас өнчин 36,363, бүтэн өнчин 2,911 хүүхэд байна. Засаг даргын захирамжаар Асрамж халамжийн төвд 2019 онд 908, 2020 онд 904, 2021 онд 960, 2022 онд 964, 2023 онд 906 хүүхэд хүргэгдсэн байна. Асрамж, халамжийн төвд амьдарч байгаа хүүхдүүдийг гэр бүлийн байдлаар нь авч үзвэл 2023 онд хагас өнчин 334, бүтэн өнчин 220, гэр бүлтэй хүүхэд 341, олдмол 29 хүүхэд байгаа аж.

Монгол Улсад нийгмийн эрсдэлт бүлэгт хамаардаг хагас, бүтэн өнчин хүүхдийн эрхийн асуудал тулгамдсан хэвээр байна хэмээн дүгнэжээ.

Монгол Улсад асрамж халамжийн төвд амьдарч байгаа бүтэн өнчин хүүхэд төрийн хараа хяналтад байгаагаас бусад ах, дүү хамаатан садан, өвөө, эмээгийндээ амьдарч буй хүүхдүүд эсэн мэнд аж төрж байгаа эсэх, авах ёстой тэтгэвэр, тэтгэмж бүрэн гүйцэд авч байгаа эсэх, өөртөө зарцуулж байгаа эсэх, сургуулийн өмнөх боловсрол, ерөнхий боловсролын сургуульдаа хамрагдаж байгаа эсэхэд хяналт тавих механизм хангалтгүй байна гэв.

Хагас болон бүтэн өнчин хүүхдэд асран хамгаалагч, харгалзан дэмжигчийг томилсон Засаг даргын захирамж харилцан адилгүй байх бөгөөд захирамжийн үндэслэл, ямар үндэслэлээр асран хамгаалагч, харгалзан дэмжигчийг томилж байгаа шалтгаан, хэрэв хүүхэд бүтэн өнчин болсон тохиолдолд өмч хөрөнгийн асуудал, захирамжийн хэрэгжилтэд хяналт тавихтай холбоотой мэдээллийг захирамжид бүрэн тусгах шаардлагатай байна.

Харин эцэг, эх байх эрхийг шүүхийн шийдвэрээр хассаны улмаас хүүхэд хагас болон бүтэн өнчин болсон тохиолдолд хүүхдэд асран хамгаалагч, харгалзан дэмжигч тогтоох, хүүхдийн тэтгэвэр, хүүхдэд ногдох өмч хөрөнгийн асуудлыг шийдвэрлэхгүйгээр орхигдуулж байгаад цаашид анхаарч ажиллах хэрэгтэй.

Төрөлжсөн асрамж халамжийн төвд амьдардаг хүүхдүүдийн хувьд сургууль, цэцэрлэгт хамрагдалт болон МСҮТ, их, дээд сургуульд суралцдаг эсэхийг хянах боломжтой, эрүүл мэндийн үйлчилгээнд тогтмол хамрагддаг бол бусад ах, дүү, өвөө, эмээ, хамаатан садныдаа амьдардаг хагас болон бүтэн өнчин хүүхдийн хувьд нэгдсэн бүртгэл, мэдээлэл хангалтгүйгээс сурч байгаа эсхүл сургуульд завсардсан эсэхийг тодорхойлох, эрүүл мэндийн үзлэг, үйлчилгээнд тогтмол хамрагддаг эсэх нь тодорхойгүй байна.

Түүнчлэн их, дээд сургуульд хамрагдсан эсхүл төгссөн оюутнуудын статистик мэдээлэлд хагас болон бүтэн өнчин хүүхдийн мэдээлэл байхгүйгээс хэдэн хувь нь дээд боловсрол эзэмшиж байгаад дүгнэлт хийх боломжгүй болгож байна. Цаашлаад бүтэн өнчин хүүхэд их, дээд сургуульд сурах хугацаандаа сургалтын төлбөрийн дэмжлэг үзүүлэх болон амьжиргааг дэмжих тэтгэлгийн олгох асуудлыг цогцоор нь шийдвэрлэх шаардлагатай гэж дүгнэжээ.

Хагас болон бүтэн өнчин хүүхэд бүр хуульд заасан нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжид бүрэн хамрагдаж байгаа эсэхэд нэгдсэн бүртгэлийг хийж, хэрэв хүүхдийн мөнгөн тэтгэмж болон тэжээгчээ алдсаны тэтгэврээ авч чадахгүй байгаа бол нөхөн олгох нь зүйтэй байна.

Нийгмийн халамжийн тухай хуульд тэжээгч нь нас барсан хүүхдэд сар бүр олгох нийгмийн халамжийн тэтгэвэр зохицуулалтын талаар, амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмжийг бүтэн өнчин хүүхэд бүрд олгох, бүтэн өнчин хүүхэд асрамж халамжийн газраас гарах үед онцгой тохиолдлын болон амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмжийг ялгаварлалгүй олгох, тодорхой хугацаанд “Түрээсийн орон сууц хөтөлбөр”-т хамруулах гэх мэтээр газар, орон байраар хангах зохицуулалтыг дахин хэрэгжүүлэх хэрэгтэй гэж үзсэн байна. Ийнхүү энэ хүрээнд 9 саналыг боловсруулан, холбогдох шийдвэрийг УИХ гаргах нь зүйтэй хэмээн илтгэлд дурдав.

“Гэр бүлийн харилцаан дахь жендэрийн эрх тэгш байдал, хүний эрхийн зарим асуудал” сэдвийг Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн Х.Мөнхзул: 2021-2023 онд нийт гэрлэлт 51,122 бүртгэгдсэн бол гэрлэлт цуцлалт 12,743 бүртгэгдсэнээс үзэхэд дунджаар 4 гэрлэлт тутмын нэг нь гэр бүл цуцлуулж үүний цаана бүтэн гэр бүлд, эцэг эхтэйгээ хамтдаа байх хүүхдийн эрх ашиг ноцтой зөрчигдсөөр байхад гэр бүл цуцлалтын шалтгаан нөхцөлийг нарийвчлан судалж, суурь шалтгааныг арилгахад чиглэсэн дорвитой ажил хийгдээгүй байна.

Гэр бүл цуцлалтын 76 хувь нь таарамжгүй харилцаанаас үүдэлтэй гэх боловч хосуудад чиглэсэн зөвлөгөө мэдээлэл хангалтгүй, гэр бүлд чиглэсэн үйлчилгээ хангалтгүй, ялангуяа сэтгэл зүйчийн орон тоо хангалтгүй, үйлчилгээний хөлс хэт өндөр байна. Иймд гэр бүлийн бүтэц хэв маягийн талаарх статистик мэдээллийг дэлгэрэнгүй, нарийвчлалтай гаргаж зорилтот гэр бүлүүдэд чиглэсэн бодлого, үйлчилгээг тодорхойлох, бий болгож, хөгжүүлэх шаардлагатай гэж дүгнэсэн.

Гэр бүлийн хүчирхийлэл, энэ төрлийн зөрчил, гэмт хэргийн тоо буурахгүй байгаа бөгөөд энэ нь тухайн хэрэг, зөрчил гарсан хойно биш гарахаас өмнөх урьдчилан сэргийлсэн бодлого, үйл ажиллагаа бүх түвшинд хангалтгүй байгаагийн илэрхийлэл гэж үзжээ. Үүний зэрэгцээ сэтгэл санаа болон эдийн засгийн хүчирхийллийг тогтоох, таслах зогсоох арга хэмжээ авч хэрэгжүүлэхгүй байгаа ч судалгаанд оролцсон таван эмэгтэй тутмын хоёр нь хянах хэлбэрийн хүчирхийлэлд өртөж байгаагаа илэрхийлсэн байна.

-2022 онд 10-19 насны буюу өсвөр насны 2,391 охин төрсөн-

Технологийн дэвшилтэй холбоотойгоор хөдөлгөөнт төхөөрөмж, аппликэйшн ашиглах хянаж, ажил хөдөлмөр эрхлэх, нийгмийн амьдралд оролцох эрхийг нь хязгаарлах зөрчлүүд гарч байгаа ч үүнийг зөрчил, гэмт хэрэг хэмээн үзэж, таслан зогсоох, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч хэрэгжүүлж чадахгүй байгааг дурдав. Гэр бүлийн хүчирхийллийн нийгмийн эрүүл мэндэд үзүүлж буй сөрөг нөлөөллийн судалгааг Эрүүл мэндийн яам хийхгүй байгааг танилцуулсан.

Хүүхдээ хүмүүжүүлэхэд гэр бүлийн гишүүдийн оролцоо сул, хүүхдийн тэтгэлгийн төлбөр барагдуулалт хангалтгүй байгааг мөн холбогдох мэдээлэл, тоо баримтын хамт танилцуулсан.

Анхаарал хандуулан өөр нэг чухал хэсэг нь 2021-2022 онд өсвөр насны охидын жирэмслэлтийн хяналтын тоо, үр хөндөлт, бэлгийн замын халдварт өвчин жил бүр өсөх хандлагатай байна гэв. 2022 онд 10-19 насны буюу өсвөр насны 2,391 охин төрсөн байна. Энэ нь өсвөр насны охидын эрүүл мэнд, нөхөн үржихүйн асуудалд онцгой анхаарал хандуулж, тусгай арга хэмжээ авах шаардлагын талаар мөн Комиссын гишүүн Х.Мөнхзул танилцуулав.

Энэ бүлгийн хүрээнд гэр бүл дэх хөлсгүй хөдөлмөрийн талаар судалсан бөгөөд эмэгтэйчүүд гэр бүл дэх хөлсгүй хөдөлмөрийг эрэгтэйчүүдээс 3.5 дахин хэмжээгээр гүйцэтгэдэг гэсэн дүн гарчээ.

Гэр бүлийн боловсрол олгох асуудлын талаар, онцгой анхаарал хандуулах ёстой гэр бүлийн хэв маягийн талаар мэдээлэл өгөөд зорилтот гэр бүлүүдийн онцлог, тэдний хэрэгцээнд тулгуурласан нийгмийн халамж, хамгааллын хосолсон хувилбарт үйлчилгээг бий болгох, үйлчилгээний стандартыг батлах, анхан шатанд үнэ төлбөргүй нийгэм, сэтгэл зүйн үйлчилгээг авах боломжийг бүрдүүлэх; өсвөр насныхны нөхөн үржихүй, эрүүл мэндийн асуудалд онцгой анхаарч, тэдний өвөрмөц хэрэгцээнд тулгуурласан урьдчилан сэргийлэх, тусламж, үйлчилгээний тусгай арга хэмжээ авах; 0-3 хүртэлх насны хүүхдээ асарч буй эх, эцэгт сар бүр олгодог тэтгэмжийн 50 мянган төгрөгийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй уялдуулан тогтоож, мөн уян хатан цагтай бага насны хүүхэд харах үйлчилгээ, өдөр өнжүүлэх төвүүд зэрэг олон хувилбарт сонголттой үйлчилгээг төрөөс дэмжин бий болгох зэрэг 6 саналыг боловсруулснаа нэг бүрчлэн танилцуулсан юм.

Монгол Улсад 31,000 иргэний нийгмийн байгууллага бүртгэлтэй байгаагаас 7,000 орчим нь идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг
Иргэний нийгэм болон байгаль орчны чиглэлээр ажилладаг хүний эрх хамгаалагчдын эрхийн хэрэгжилтийн талаарх тайланг Монгол Улс дахь Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 23 дахь илтгэлийн тавдугаар бүлэг болгон боловсруулсан. Энэ бүлгийн талаар Хүний эрхийн Үндэсний Комиссын Хүний эрх хамгаалагчийн хэлтсийн дарга З.Өнөржаргал Байнгын хорооны хуралдаанд танилцуулсан.

Энэ бүлгийн хүрээнд “Иргэний нийгэм болон байгаль орчны чиглэлээр ажилладаг хүний эрх хамгаалагчийн өнөөгийн нөхцөл байдал”, “Хүний эрх хамгаалагчдад тулгамдаж буй бэрхшээл, эрсдэл тэдгээрийг даван туулж буй арга замууд”, “Байгаль орчны хүний эрх хамгаалагчдын гүйцэтгэх үүрэг, ач холбогдол” Хүний эрх хамгаалагчийн аюулгүй байдал, хамгаалалтын талаарх нөхцөл байдал” дэд сэдвээр судалгаа хийжээ.

Монгол Улсад 31,000 иргэний нийгмийн байгууллага бүртгэлтэй байгаагаас 7,000 орчим нь идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа хэмээгээд олон улсын индексээр сүүлийн жилүүдэд Монгол Улс дахь иргэний нийгмийн байгууллагын индекс буурсаар байгааг танилцуулсан.

Уул уурхай болон байгаль орчны чиглэлээр ажилладаг хүний эрх хамгаалагчдын эрх илүүтэй зөрчигддөг болохыг судалгаагаар тогтоосон байна.

Сүүлийн жилүүдэд байгаль орчны хүний эрхийн асуудлаар үйл ажиллагаа явуулж байгаа хүний эрх хамгаалагчид нь байгаль орчны өөрчлөлтөөс үүдэн эрх нь зөрчигдсөн, зөрчигдөж болзошгүй иргэд, бүлгийн эрх ашгийг хамгаалах, тэдний өмнөөс дуу хоолойгоо шийдвэр гаргагчид, бусад оролцогчдод хүргэх, тэмцэх явдал эрчимжиж байгааг дурдаад Монгол Улсад 1,147 байгаль хамгаалагч байгаа юм байна. Тэдгээрийн статус тодорхойгүй байгаа нь байгаль орчны хүний эрхийн асуудлаар үйл ажиллагаа явуулж байгаа хүний эрх хамгаалагчдад эрсдэл болдог хэмээлээ.

Судалгаанд оролцсон хүний эрх хамгаалагчдын хувьд нийтлэг байдлаар зөрчигдсөн эрхээ сэргээлгэж чадаагүй байна. Ялангуяа байгаль орчны чиглэлээр ажилладаг хүний эрх хамгаалагчид болон эмэгтэй хүний эрх хамгаалагчдад аюул, эрсдэл их тохиолддог байна. Тиймээс хүний эрх хамгаалагчийн аюул эрсдэлийн механизмыг сайжруулах, ялангуяа байгаль орчны хүний эрх хамгаалагчдад тулгамдаж буй өс хонзонгийн сэдэлтэй хүний эрхийн зөрчлүүдийг илрүүлэх, арилгах чиглэлээр бодлого, зохицуулалт бий болгох, мөн нийтийн эрх ашгийн өмгөөлөл хийх хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох шаардлагатай байна.

Түүнчлэн байгаль хамгаалагч хариуцан хамгаалж байгаа нутаг дэвсгэртээ ажиллаж, амьдрахад тохиромжтой ажлын байр бий болгох, камержуулах, аюулгүй ажиллах нөхцөлийг бүрдүүлэх, байгаль орчны бохирдлыг шинжлэх, тухайлбал байгаль дээрх хүнцэл, ионы хэмжээ болон уул уурхайгаас үүдэлтэй байгаль орчинд үзүүлж буй бусад сөрөг нөлөөллийг судлах олон улсын стандартын шаардлага хангасан лаборатори байгуулах асуудлыг шийдвэрлэх шаардлагатай гэж үзсэн байна. Энэ сэдвийн хүрээнд гурван саналыг боловсруулан Монгол Улс дахь Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 23 дахь илтгэлд тусгажээ.

-Хорих ял эдлээд суллагдсан хүмүүсийн 38.6 хувь нь суллагдсанаас хойш хоёр жилийн дотор дахин гэмт хэрэг үйлджээ-

Хорих ял эдлээд суллагдсан хүмүүсийн нийгэм, эдийн засаг, соёлын эрхийн талаар Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн Б.Энхболд танилцуулав.

Монгол Улсад сүүлийн хоёр жилийн дунджаар 2,614 хүн хорих ялаар шийтгүүлж, 1,597 орчим хүн хуульд заасан үндэслэл, журмын дагуу суллагдаж байгаа бол нийт хорих ял эдэлж байгаа хүний 45 орчим хувь нь тав хүртэлх жилийн хугацаагаар хорих ял эдэлж байна.

Хорих ял нь хүний эрхийн хязгаарлалтын хамгийн хүнд хэлбэр бөгөөд гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, шударга ёсыг тогтоох зорилгоор  энэ төрлийг ялыг хэрэглэж байгаа ч  санхүүгийн хувьд харьцангуй өндөр зардалтай, нийгэмд үзүүлэх үр нөлөө нь багатай албадлагын арга хэмжээ гэдгийг тэрбээр тодотгов. Иймээс олон улсын чиг хандлага нь энэ төрлийн ялыг эцсийн арга хэмжээ болгож, нийгмийн хор аюул ихтэй гэмт хэрэгт зохих хугацаагаар оногдуулах, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх ажилд цогц байдлаар анхаарал хандуулах гэдгийг танилцуулгадаа дурдсан.

Монгол Улсад хоригдлыг нийгэмшүүлэх, хорихоос суллагдахад бэлтгэх, суллагдсаны дараа хяналт тавих, нийгэм, эдийн засгийн хувьд тодорхой хэмжээнд дэмжлэг үзүүлэх эрх зүйн орчин бүрдсэн хэдий ч хорих ангийн санхүүгийн нөөц бололцоо дутмаг, нийгмийн ажил явуулах арга барил шинэчлэгдээгүй, суллагдсаны дараа дэмжлэг үзүүлэх, үүрэг хүлээсэн байгууллагуудын хамтын ажиллагаа сул байгаагаас хууль тогтоомжийн хэрэгжилт хангалтгүй байна гэв.

Нөгөө талаар хоригдлыг нийгэмшүүлэх, нийгэмд дасан зохицоход нь дэмжлэг үзүүлэх бодлого зөвхөн хорих ял эдлүүлэх явцад, эсхүл суллагдах дөхсөн хоригдолд хамааралтайгаар хэрэгжиж байгаа бөгөөд суллагдсаны дараа дэмжлэг үзүүлэх албан ёсны тогтолцоо бүрдээгүй нь хорих ялын үр нөлөөг сулруулж, нийгмийн болон хувь хүний хөгжилд сөргөөр нөлөөлж байна.

Хорих ял эдлээд суллагдсан хүмүүсийн 38.6 хувь нь суллагдсанаас хойш хоёр жилийн дотор дахин гэмт хэрэг үйлдэж хорих ялаар шийтгүүлжээ. Дахин гэмт хэрэг үйлдэж ял эдэлж байгаа хоригдлуудын дийлэнх нь суллагдсаны дараа нийгэмд бие даан амьдрахад хүндрэлтэй байсан гэж үзжээ. Тиймээс хорих ял эдлээд суллагдсан хүнд тодорхой хугацаанд (2 жил) нийгэмд дасан зохицоход нь дэмжлэг үзүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлэх шаардлагатайг харуулж байна.

Хорих ял эдлээд суллагдсан хүмүүст тулгарч байгаа нийтлэг асуудлыг багцлан үзвэл суллагдсаны дараа нийгмийн харилцаанд бие даан оролцоход хүндрэлтэй байдаг, хуулиар тодорхойлсон нийгмийн халамж авахад шаардлагатай баримт бичгийг бүрдүүлэх, ажил хөдөлмөр эрхлэх боломж хомс, нийгмийн ялгаварлан гадуурхалт, гэр бүлийн харилцаа хөндийрсөн, өөрийн гэсэн оройн байр байхгүй зэрэг асуудлыг нэн тэргүүнд дурджээ. Энэ хүрээнд хорих ял эдлээд суллагдсан хүмүүсийн нийгэм, эдийн засаг, соёлын эрхийг хангахад зайлшгүй шаардлагатай арга хэмжээний талаарх 6 санал, зөвлөмжийг боловсруулжээ.

-УИХ болон Ерөнхийлөгчийн сонгуульд хөгжлийн бэрхшээлтэй долоон иргэн нэр дэвшиж байсан ч нэг нь ч сонгогдоогүй-

Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн Г.Нарантуяа илтгэлийн долдугаар бүлэг болох “Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн улс төрийн оролцоог нэмэгдүүлэхэд нөлөөлөх хүчин зүйлс, шийдэл” сэдвээр тайлан танилцууллаа.

Өнөөдрийн байдлаар Монгол Улсад 105,000 орчим хөгжлийн бэрхшээлтэй иргэн бүртгэлтэй байдаг байна. Эдгээрийн 80 орчим хувь нь санал өгөх буюу сонгох эрхээ эдэлж байгаа бол сонгогдох эрхээ эдэлж чадахгүй байгааг дараах тоо баримт илэрхийлнэ гэв.

Өнгөрсөн хугацаанд УИХ болон Ерөнхийлөгчийн сонгуульд хөгжлийн бэрхшээлтэй долоон иргэн нэр дэвшиж байсан ч нэг нь ч сонгогдож байгаагүй аж. Нийслэлийн Налайх дүүргийн ИТХ-д хөгжлийн бэрхшээлтэй иргэн төлөөлөгчөөр ажиллаж байгаа талаар мөн дурдав.

2010 оны Хүн ам, орон сууцны тооллогоор манай улсад 10 болон түүнээс дээш настай хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн 78 хувь нь ямар нэг төвшний боловсрол эзэмшсэн байсан бол 2020 оны тооллогын дүнгээр 86.1 болж, 8.1 хувиар өсжээ.

2010 онд улсын хэмжээнд хөдөлмөрийн насны хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн 18.2 хувь нь хөдөлмөр эрхэлж байсан бол 2020 онд 29.2 хувь болсон байна. ХЭҮК-ын судалгаанд оролцсон хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн 8.0 хувь нь сонгох, сонгогдох эрхээ хангалттай, 33.5 хувь нь дунд төвшинд эдэлж байна гэж, харин 58.5 хувь нь эдэлж чадахгүй байгаа гэж үнэлжээ.

Илтгэлийн энэ бүлгээр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн улс төрийн оролцоог нэмэгдүүлэхэд тулгамдсан асуудал, авах арга хэмжээг санал болгох; олон талт хүчин зүйлсийн нөлөөгөөр үүссэн нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд зөвхөн эрх зүй, институтийн арга хэмжээ хангалтгүй, харин тухайн асуудалд нөлөөлж буй хүчин зүйлсийг цогцоор тодорхойлж, бодлогын эрэмбийг тогтоох нь үр дүнтэй болохыг хууль тогтоогч, бодлого боловсруулагчдад сануулах гэсэн хоёр үндсэн зорилгыг дэвшүүлжээ.

Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс бол өнөөгийн нийгмээс хамгийн их тусгаарлагдсан нийгмийн бүлэг юм.

Амьдралын наад захын шийдвэрийг өөрөө гаргах дадал бага, бие даан амьдрах, нийгмийн харилцаанд оролцох чадвар сул, хөдөлмөр эрхлэхгүй, эдийн засгийн чадавхгүй байдал нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн улс төрийн идэвх, оролцоонд саад учруулж буй тэргүүлэх хүчин зүйлс байна.

Орчны хүртээмжгүй байдал, бие даан чөлөөтэй зорчих боломжгүй, бэрхшээлийн онцлогт тохирсон байдлаар мэдээлэл авч чадахгүй байгаа нь нийгмийн идэвхтэй харилцааг хязгаарлах удаах хүчин зүйл болж байна. Орчны хязгаарлалт ялангуяа Улаанбаатар хотын хувьд өвлийн улиралд нэмэгддэг.

Харин хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс улс төр, нийгмийн амьдралд оролцох хүсэл, эрмэлзэлтэй, өөрийгөө бусдаас ялгаатай гэж үзэх хандлага харьцангуй бага, хөгжлийн бэрхшээлтэй улс төрчийг дэмжих хандлага нийгмийн бусад гишүүдэд харьцангуй их байгаа тэдний улс төрийн оролцоог нэмэгдүүлэх арга хэмжээ үр дүнд хүрэх боломжтойг илтгэж байна. Богино хугацаанд улс төрийн намуудын санаачилга, хөгжлийн бэрхшээлтэй улс төрчдийг санхүүжилтээр дэмжих, урт хугацаанд боловсролын хүртээмж, чанарын өөрчлөлт хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн сонгох, сонгогдох эрхийг хангахад бодитой түлхэц үзүүлнэ.

Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн бие даан нийгмийн харилцаанд орох хүсэл, өөртөө хамааралтай асуудлаар шийдвэр гаргах, улс төрийн оролцоонд хүйсийн ялгаатай байдал ажиглагдаагүй. Энэ нь нэг талаас өөрийн чадвар, чадавхын талаарх төсөөлөлд хүйс төдийлөн чухал нөлөө үзүүлэх хүчин зүйл биш болохыг, нөгөө талаас хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн улс төрийн оролцоо маш бага учраас хөгжлийн бэрхшээл ба нийгмийн бусад хүчин зүйлсийн харилцан хамаарлыг мэдрэх туршлага байхгүйг илтгэж байгааг хэлж байв.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн 70 орчим хувь нь бие даан амьдрах хэвшилгүй, өөрийгөө хөгжүүлэх боломж хязгаарлагдмал, санхүүгийн гачигдалтай амьдардаг бөгөөд орчны хүртээмжгүй байдлаас нийгмийн харилцаанд чөлөөтэй оролцож чадахгүй байгаа тул хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлж, ядуурлаас гаргах, боловсролын чанар хүртээмжийг дээшлүүлж, хувь хүнийг хөгжүүлэхгүйгээр тэдний улс төрийн оролцоо өргөн хүрээнд, бодитой нэмэгдэхгүй.

Харин тухайн асуудалд нөлөөлж буй хувь хүний, нийгэм-соёлын, эдийн засгийн, улс төр, эрх зүйн суурь хүчин зүйлсийг тодорхойлж, авах арга хэмжээний эрэмбийг тогтоох нь илүү үр дүнтэй хэмээн дүгнэжээ. Энэ хүрээнд эрхийн хэрэгжилтийг хангах, холбогдох шийдвэр гаргуулахаар Улсын Их Хуралд 3, Засгийн газар 2 санал дэвшүүлжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top