Жолоодох эрхийн хугацаа дууссан үнэмлэхтэй жолоо баривал 400 мянган төгрөгөөр торгоно

О.Должин | Zindaa.mn
11 минутын өмнө

Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 17.2-т жолоодох эрхийн үнэмлэхийг 10 жилийн хугацаатай олгохоор заасан байдаг.

Гэвч жолооч нар үнэмлэхийнхээ хүчинтэй хугацааг анзаараагүйгээс жолоодох эрхийн хугацаа нь дууссан үнэмлэхтэйгээр замын хөдөлгөөнд оролцож, торгуулах тохиолдол гардаг байна.

Тодруулбал, Замын хөдөлгөөний дүрмийн 14.7.1-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, эсхүл жолоодох эрх нь дуусгавар болсон хүн тээврийн хэрэгсэл жолоодсон тохиолдолд 400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 400 мянган төгрөгөөр торгох хариуцлага хүлээлгэнэ.

Иймд жолооч нар дараах зүйлсийг анхаарах шаардлагатайг холбогдох байгууллагаас зөвлөж байна.

Нэгдүгээрт, жолоодох эрхийн үнэмлэхийн хүчинтэй хугацаа дуусахаас 30 хоногийн өмнө И-Монголиа системд бүртгэлтэй утасны дугаарт мэдэгдэл ирдэг тул уг мэдээллийг анхаарч, үнэмлэхийнхээ хугацааг шалгаж байх хэрэгтэй.

Хоёрдугаарт, жолоодох эрхийн үнэмлэхийн хугацаа дууссан бол И-Монголиа системээр дамжуулан захиалж, Монгол шуудангаар өөрийн хүссэн байршилд хүргүүлэн авах боломжтой.

Гуравдугаарт, улсын хэмжээнд жолоодох эрхийн үнэмлэх хэвлэх автомат киоск машин найман байршилд ажиллаж байна. Жолооч өөрийн биеэр киоск машинд очиж, И-Монголиа системд бүртгэлтэй утасны дугаарт ирсэн баталгаажуулах кодыг оруулснаар үнэмлэхээ таван минутын дотор хэвлүүлэн авах боломжтой.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top