МУСТА А.Наранбаатар “Орфей-2026” олон улсын уралдааны тэргүүн байрын эзэн боллоо

О.Должин | Zindaa.mn
11 минутын өмнө

ОХУ-ын Бүгд Найрамдах Чечень Улсын Грозный хотноо зохион байгуулагдсан XX зууны нэрт дуучин Муслим Магомаевын нэрэмжит “Орфей-2026” олон улсын гоцлол дуучдын IX уралдаанд Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан, дуучин А.Наранбаатар тэргүүн байр эзэллээ.

Тодруулбал, “Duo tenor” төслийн санаачлагч, продюсер, Нийслэлийн Улаанбаатар театрын уран бүтээлч А.Наранбаатар 31-38 насны ангиллын вокал төрөлд өрсөлдөж, тэргүүн байрын шагнал хүртсэн байна.

Тус уралдаан арваннэгдүгээр сарын 13-16-ны өдрүүдэд Аднан Шахбулатовын нэрэмжит Чеченийн Улсын Филармонийн тайзнаа болжээ. Энэ удаагийн уралдаанд анх 130 гаруй мэргэжлийн дуучин оролцсоноос 72 нь төгсгөлийн шатанд шалгарч, ОХУ, Монгол, БНХАУ, Киргизстан, Казахстан зэрэг улсын 18-38 насны уран бүтээлчид авьяас чадвараа сорьсон байна.

Мөн ОХУ-ын Большой, Мариинский, Новая опера, Геликон-Опера зэрэг нэр хүндтэй театрын гоцлол дуучид оролцсон аж.

ОХУ-ын Соёлын яамны дэмжлэгтэйгээр Чеченийн Соёлын яам болон Аднан Шахбулатовын нэрэмжит Улсын Филармони хамтран зохион байгуулдаг “Орфей” олон улсын уралдаанд Монголын дуучид тав дахь жилдээ оролцож байгаа аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top