Үндэсний статистикийн хорооны мэдээлснээр Улаанбаатар хотод 2026 оны 11 дүгээр сарын 09-ний байдлаар гол нэрийн зарим барааны үнэ өмнөх сараас 2.0 хувиар, өмнөх 7 хоногоос 0.4 хувиар тус тус өсжээ.
Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2026 оны аравдугаар сард улсын хэмжээнд өмнөх оны мөн үеэс 13.4 хувиар, өмнөх сараас 1.1 хувиар өссөнийг Үндэсний Статистикийн хорооноос мөн мэдээлж байсан.
Инфляцын түвшин 2025 оны аравдугаар сард 9.2 хувьтай байсан бол 2026 оны аравдугаар сард 13.4 хувь болж, өсөлтийн хурдац өмнөх оны мөн үеэс 4.2 нэгж хувиар нэмэгдээд байгаа ба энэ нь 2026 оны хамгийн өндөр түвшинд хүрч байгаа үзүүлэлт юм.
Улсын инфляц 13.4 хувьтай гарахад импортын барааны үнэ 2.1 нэгж хувиар (16.0%), мах, хатуу түлшнээс бусад дотоодын барааны үнэ 4.4 нэгж хувиар (32.8%) өссөн нь голлон нөлөөлсөн гэж үзжээ. Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2026 оны 10 дугаар сард өмнөх сараас 1.1 хувиар өсөхөд тээврийн бүлгийн үнэ 4.2 хувиар өссөн нь голлон нөлөөлсөн гэж үзэж байна.
Тодруулбал, 2026 оны аравдугаар сард өгсөн албан мэдээллээс харахад Инфляцид хамгийн их нөлөөлсөн хүчин зүйлс нь дараах шалтгаантайг албаныхан хэлж буй.
Монгол Улсад өргөн хэрэглээний бараа, хүнсний бүтээгдэхүүний үнэ өсөж байгаа нь ганцхан шалтгаантай биш. Дотоодын үйлдвэрлэлийн зардал, импортын барааны үнэ, валютын ханш, тээвэр ложистик, шатахуун, нийлүүлэлтийн хомсдол зэрэг олон хүчин зүйл давхар нөлөөлж байна.
Статистикаас харахад, 2026 оны 10 дугаар сард мах, махан бүтээгдэхүүний бүлгийн үнэ өмнөх оны мөн үеэс 44.4 хувиар өсөхөд үхрийн махны үнэ 46.2 хувиар, хонь, ямааны махны үнэ 55.2 хувиар тус тус өссөн нь голлон нөлөөлжээ. Харин талх, гурил, будааны бүлгийн үнэ өмнөх оны мөн үеэс 10.0 хувиар өсөхөд гурил болон бусад төстэй бүтээгдэхүүний үнэ 12.7 хувиар, гоймонгийн үнэ 26.3 хувиар тус тус өссөн нь голлон нөлөөлсөн байна. Ингэхдээ гурил, талх, мах, сүү, ургамлын тос, хүнсний ногооны үнэд эдгээр хүчин зүйлс харилцан адилгүй нөлөөлж иржээ.
Тухайлбал, хүнсний дотоодын нийлүүлэлт, мал аж ахуйн нөхцөл, малын өвөлжилт, хаваржилтын хүндрэл, ган, зуд, бэлчээрийн доройтол, малын хорогдол, махны нийлүүлэлтийн бууралт, улирлын чанартай хүнсний ногооны хомсдол, ургацын хэмжээ, ургац хураалтын өөрчлөлт зэргийн нөлөөлөл бий.
2026 оны 10 дугаар сард мах, махан бүтээгдэхүүний үнэ өмнөх оны мөн үеэс 44.4%-иар өссөн нь инфляцын томоохон шалтгаан болсон уу гэвэл тийм.
Үүн дээр нэмэгдэх хамгийн том шалтгаан нь шатахууны үнийн өсөлт. Олон улсын газрын тосны үнийн өөрчлөлт, импортын хэмжээ, нийлүүлэлтийн хязгаарлалт, шатахууны жижиглэнгийн үнийн өсөлтөөс шалтгаалаад өнөөдөр гурил, будаа тээвэрлэх зардал нэмэгдэж байна. Хүнсний ногоо, гурил, махны түгээлтийн зардал өсөж, үйлдвэрлэлийн зардал, бүтээгдэхүүний өртөг нэмэгдсээр байгаа нь цаашид өргөн хэрэглээний бүтээгдээхүүний үнийг хөдөлгөхөөс аргагүй нөхцөлд хүргэж байгааг дотоодын үйлдвэрлэгчид ярьж эхэллээ.
Жилийн өмнөх буюу 2025.11.17-ны байдлаарх гол нэрийн өргөн хэрэглээний барааны үнэ

Жилийн дараах буюу 2026.11.09-ний байдлаарх гол нэрийн өргөн хэрэглээний барааны үнэ

Дотоодын үйлдвэрлэгчдийн зардал нэмэгдэхэд эцсийн бүтээгдэхүүний үнэ дагаж өсдөг. Тухайлбал, талх үйлдвэрлэхэд, улаан буудайн үнэ, гурилын үнэ, цахилгаан, дулааны төлбөр, шатахуун, тээвэр, сав баглаа боодол, ажилчдын цалин зэрэг зардал нөлөөлдөг учраас сүүлийн яг нэг жилийн хугацаанд гэхэд “Атар” талх 215 төгрөгөөр нэмэгджээ.
Зөвхөн талхан дээр ярихад, 2026 оны 1-11 сарын хугацаанд үнэ дараах байдлаар өөрчлөгдсөн ба ойрын өдрүүдэд гурил, талхны үнэ дахиад ч нэмэгдэхийг үгүйсгэхгүй.
Цаашлаад, гурилын үнийн өөрчлөлтийг харвал, 2024-2026 оны аравдугаар сар хүртэлх хугацаанд 21 аймг дахь дундаж үнэ ойролцоогоор 29%-иар нэмэгджээ.
Өндөгний тухайд гэхэд жилийн өмнө буюу 2025 оны арваннэгдүгээр сарын 17-нд өндөгний үнэ ширхэг нь 614 төгрөг байсан бол 2026.11.09-ны байдлаар дундаж үнэ 627 төгрөг байгааг Үндэсний статистикийн хорооны мэдээнд тусгажээ.
Жижиглэн худалдаа, супермаркетуудаас бол хэрэглэгчид нэг ширхэг өндгийг өчигдрийн байдлаар 780,000 төгрөгөөр авч байна. Арваннэгдүгээр сар гарснаас хойш импортын өндөгний нийлүүлэлт буурсан тул томоохон сүлжээ дэлгүүр, супермаркетуудад өндөг тасалдаж эхэлсэн нь энэ долоо хоногийн байдлаар өөрчлөгдөөгүй хэвээр байна.

Сэтгэгдэл ( 0 )