2026 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Улаанбаатар хотын "Туушин" зочид буудлын "Соёмбо" танхимд Бүгд Найрамдах Солонгос Улсын TKG Aikang компанийн сантехникийн цэвэр ус, халаалтын системийн PB хоолой болон галын автомат системийн C-PVC хоолойн бүтээгдэхүүний танилцуулга уулзалт амжилттай зохион байгуулагдлаа.
Тус арга хэмжээг БНСУ-ын TKG Aikang компани, Монгол Улсад бүтээгдэхүүнийг албан ёсоор борлуулагч Эган Монкор ХХК, БНСУ-ын Гадаад худалдаа, хөрөнгө оруулалтын корпораци (KOTRA), Монголын сантехникчдийн хөгжлийн нийгэмлэг ТББ хамтран зохион байгуулсан юм.
Уулзалтад барилга угсралт, зураг төсөл, сантехникийн угсралтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компаниудын удирдлага, инженер техникийн ажилтнууд зэрэг нийт 80 орчим зочин оролцлоо.
Арга хэмжээнд БНСУ-ын TKG Aikang компанийн Борлуулалт хариуцсан захирал Юү Ги Үн, Гадаад худалдааны хэлтсийн ажилтан Ан Жи Вон нар хүрэлцэн ирж, компанийн үйл ажиллагаа, бүтээгдэхүүний технологи, техникийн үзүүлэлт, хэрэглээний онцлог болон олон улсын зах зээл дэх бүтээгдэхүүний шийдлүүдийн талаар дэлгэрэнгүй танилцуулга хийв.
Өнөөдөр барилгын салбарт зөвхөн барилга байгууламжийн өнгө үзэмж, хийц загвараас гадна хүний эрүүл мэнд, аюулгүй байдал, ашиглалтын хугацаа, инженерийн шугам сүлжээний найдвартай ажиллагаа чухал байр суурь эзэлж байна.
Ялангуяа ундны усны чанарыг хамгаалах, халаалтын системийн үр ашгийг нэмэгдүүлэх, галын аюулгүй байдлыг хангах нь орчин үеийн барилгын инженерчлэлийн салшгүй хэсэг юм.
Иймд олон улсын стандартад нийцсэн, зориулалтын шаардлага хангасан, чанартай бүтээгдэхүүн, дэвшилтэт технологийг Монголын барилгын салбарт нэвтрүүлэх нь чухал ач холбогдолтой юм.
Энэхүү уулзалт нь Монгол, БНСУ-ын байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх, барилгын салбарын инженер, мэргэжилтнүүдэд шинэ бүтээгдэхүүн, технологийн талаарх мэдээлэл хүргэх, цаашдын хамтын ажиллагааны боломжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн үр дүнтэй арга хэмжээ боллоо.

Сэтгэгдэл ( 0 )