Америкийн технологийн “Nvidia” компанийн гүйцэтгэх захирал асан Женсен Хуан тус компанийн удирдлагын суудалд эргэн очих боломжийг судалж байгаа тухай “Financial Times” сонин олон эх сурвалж дурдан мэдээллээ.
Тус хэвлэлд бичсэнээр Хуан энэ талаар өөрийн итгэлт хүмүүстэйгээ зөвлөлдөж эхэлсэн байна. Түүний ойрын хүрээллийн нэгэн эх сурвалжийн хэлснээр, Хуангийн холбоотнууд Цахиурын хөндийн томоохон компаниудын удирдлагуудаас бүрдсэн тусгай “штаб” байгуулж, түүнийг эргүүлэн томилуулах лобби хийх, цаашлаад Цагаан ордны дэмжлэгийг авахаар ажиллаж байгаа аж.
Женсен Хуантай холбоотой шуугианы дараа “Nvidia” компанийн гурван топ удирдлага тэрбумтны эгнээнээс хасагдсан тухай “Forbes” сэтгүүл мэдээлэв.
Үүнд тус компанийн санхүүгийн захирал бөгөөд гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Колетт Кресс, олон улсын үйл ажиллагаа хариуцсан дэд ерөнхийлөгч асан Жей Пури, мөн ТУЗ-ийн гишүүн Брук Сьюэлл нар багтжээ. Тэдний хөрөнгө тус бүр 300 сая ам.доллароор буурч, одоо 900 сая ам.доллар орчим болоод байна.
Харин Женсен Хуанг өөрөө энэхүү дуулианы улмаас 62 тэрбум ам.доллар алдсан бөгөөд өнөөдрийн байдлаар түүний хөрөнгө 145 тэрбум ам.доллароор үнэлэгдэж байна. Түүнчлэн ТУЗ-ийн гишүүн, хөрөнгө оруулагч Марк Стивенс хоёр тэрбум, Тенч Кокс 2.2 тэрбум ам.долларын алдагдал хүлээжээ.
“Nvidia”-ийн экс тэргүүний орсон шиг дуулиант хэргээс сэргийлэхийн тулд АНУ-ын томоохон компаниудын удирдлагууд шинэ хүмүүстэй танилцахаас татгалзаж, хувийн дадал зуршлаа өөрчлөн, харилцаа холбоо болон аюулгүй байдлын тусгай мэргэжилтнүүдийг хөлслөх болсон тухай “The Wall Street Journal” (WSJ) сонин онцоллоо. Удирдлагуудын санааг хамгийн ихээр зовоож буй зүйл нь хувийн зураг алдагдах болон хиймэл оюун ухаанаар бүтээсэн хуурамч бичлэг (deepfake) юм.

Сэтгэгдэл ( 0 )