Австрали, Канад, Итали болон Их Британи улсууд Газын зурваст хүмүүнлэгийн тусламжийг нэн даруй, ямар ч саадгүй нэвтрүүлэхийг Израилд уриаллаа. Сүүлийн үед болсон үер усны гамшиг тус бүс нутагт амьдарч буй палестинчуудад ихээхэн хүнд тусаж байгааг онцолсон байна.
Тус улсуудын гадаад хэргийн сайд нар ням гарагт хамтарсан мэдэгдэлд гарын үсэг зурсан нь бүслэлтэд байгаа тус бүс нутгийн хүмүүнлэгийн хүнд нөхцөл байдлын талаар олон улсын зүгээс өгч буй ээлжит анхааруулга боллоо.
Мэдэгдэлд Газын зурвасын ард иргэдэд орон байр, хүмүүнлэгийн тусламж нэн яаралтай хэрэгтэй байна. Гэвч 150,000 майхан болон бусад нэн шаардлагатай хангамжийг хил дээр саатуулж, зурвас руу нэвтрүүлэхгүйг байгааг дурджээ.
Израил улс хоёр сая гаруй хүн амтай Газын зурвасын орж гарах хөдөлгөөн, экспортыг олон жилийн турш хязгаарлаж ирсэн. Женевийн конвенцын дагуу энгийн иргэдэд хүмүүнлэгийн тусламж үзүүлэхээс татгалзах нь дайны гэмт хэрэгт тооцогддог.
Энэ сард орсон аадар борооны улмаас тус бүс нутаг дахь олон мянган майхан урсаж, олон хүн орон гэргүй болсон байна. Энэ нөхцөл байдлыг өөрчлөх боломжтой бөгөөд өвөл эхлэхээс өмнө арга хэмжээ авах цаг хугацаа бидэнд бий хэмээн мэдэгдэлд онцолжээ.
НҮБ-ын мэдээлснээр Газын зурваст 1.9 сая гаруй хүн дүрвэсэн бөгөөд тэдний олонх нь хэд хэдэн удаа дүрвэхэд хүрсэн байна. Улаан загалмай нийгэмлэгийн тооцоогоор Газын оршин суугчдад энэ улирлын хүйтэн, бороотой цаг агаарыг даван туулахад дор хаяж 1.7 сая гудас, 121 мянган майхан шаардлагатай байгаа аж.
Израилын өдөөсөн дайны үеэр бүхэл бүтэн хороолол, хотууд газрын хөрснөөс арчигдаад байна. Үлдсэн барилга байгууламжуудын зарим нь нурах эрсдэлтэй хэвээр байна. Дайн эхэлснээс хойш Газын хэдэн зуун мянган палестин ядууралд ороод байна.
Европын Холбоо мөн бямба гарагт мэдэгдэл гаргаж, хүмүүнлэгийн хямралд санаа зовниж буйгаа илэрхийлсэн. ЕХ Израилд хандан хүмүүнлэгийн тусламжийг нэн даруй, саадгүй нэвтрүүлэх, Газын бүх хилийн боомтуудыг дахин нээхийг уриалсан байна.
Израил улс Олон улсын шүүхэд үй олноор хөнөөх гэмт хэргийн хэргээр шалгагдаж байгаа бөгөөд ерөнхий сайд Беньямин Нетаньяху болон батлан хамгаалахын сайд асан Йоав Галлант нарыг баривчлах тушаалыг Олон улсын эрүүгийн шүүхээс гаргаад байгаа юм. Тэднийг дайны гэмт хэрэг болон хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэгт буруутгаж байгаа билээ.

Сэтгэгдэл ( 0 )