(38).jpg)
Израилын парламент буюу Кнессетийн шинэ спикерээр сөрөг хүчний төлөөлөгч Матан Кахана сонгогджээ. Тэрбээр санал хураалтаар 66 гишүүний дэмжлэг авч, эрх баригч “Ликуд” намаас нэр дэвшсэн Офир Кацыг (52 санал) ялсан байна. Ингэснээр Ерөнхий сайд Биньямин Нетаньяхугийн холбоотон Амир Оханагийн оронд Гади Айзенкотын тэргүүлдэг сөрөг хүчний “Яшар” намын гишүүн парламентыг удирдахаар болов.
Аравдугаар сарын 27-нд болсон сонгуулийн дараах эвслийн засгийн газар байгуулах хэлэлцээ үргэлжилж байгаа энэ үед Нетаньяху Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байгаа ч парламентын даргын суудлаа алдсан нь түүнд улс төрийн томоохон цохилт болж байна.
Кнессетийн дарга нь хуулийн төслүүдийг хэлэлцэх хуваарийг баталж, санал хураалтын үйл явцыг зохицуулдаг гол хүн. Одоо сөрөг хүчин шинэ засгийн газар байгуулагдах үйл явц удааширсан ч өөрсдийн санаачилсан хуулиудыг парламентаар батлуулах боломжтой боллоо.
Сөрөг хүчний эвсэл Нетаньяхугийн өмнөх засгийн газрын үед баталсан шүүх засаглалын эрх мэдлийг хязгаарлах тухай маргаантай хуулиудыг цуцлах боломж бүрдэж байна.
Олонх болсон сөрөг хүчин Нетаньяхугийн эсэргүүцдэг хоёр чухал асуудлыг яаралтай горимоор хэлэлцэхээр төлөвлөж байна. Тухайлбал, 2023 оны аравдугаар сарын 7-нд болсон ХАМАС-ын халдлагын үеэр гарсан алдаа дутагдлыг шалгах хараат бус улсын комисс байгуулах, нэг хүн ерөнхий сайдын албан тушаалыг хаших хугацааг хуулиар хязгаарлах асуудлыг хэлэлцэх юм.
Гади Айзенкотын эвсэл санхүү, гадаад харилцаа, батлан хамгаалах зэрэг парламентын гол хороодын түр орлон гүйцэтгэгч даргаар өөрсдийн хүмүүсийг томилжээ. Энэ нь сөрөг хүчинд улсын төсөв, аюулгүй байдлын асуудлыг хянах хөшүүрэг болж, Нетаньяхугийн шилжилтийн засгийн газрын эрх мэдлийг хязгаарлаж байна.й

Сэтгэгдэл ( 0 )