Израилд парламентын сонгууль эхэлнэ

Я.Болор | Zindaa.mn
48 минутын өмнө

Израилд энэ сарын 27-нд парламентын сонгууль эхэлж байна. Нийт 12018 санал хураах байр 07.00-22.00 цагийн хооронд ажиллана.

Израилын парламентын сонгуульд 30 гаруй улстөрийн нам оролцохоор бүртгүүлсэн бөгөөд парламентад суудал авахын тулд 3.25 хувийн босгыг давах ёстой. Тус улсад 7.3 сая сонгогч бүртгэгджээ.

Сонгуулийн төв комисс энэ сарын 29-нд санал хураалтын урьдчилсан дүнг зарлах бол эцсийн дүнг ирэх сарын 4-ий дотор гаргана. Санал хураалтын эцсийн дүнг гаргасны дараа Израилын Ерөнхийлөгч Ицхак Херцог Кнессетэд суудал авсан улстөрийн намудын төлөөлөлтэй уулзаж, эвслийн засгийн газар байгуулах үүрэг чиглэл өгнө.

Ерөнхий сайдад хамгийн олон суудал авсан намын дарга болдог дүрэмтэй ч тус улсын төрийн тэргүүн олонхын суудал аваагүй ч эвсэл байгуулах чадвартай намд ч ийм эрх олгох нь бий.

Энэ удаад гол өрсөлдөөн эвслийн тогтвортой засгийн газар бүрдүүлж чадах улстөрчдийн хооронд өрнөнө гэсэн хүлээлт байна.

Сонгуулиас өмнө явуулсан санал асуулгаар, Нетаньяхугийн тэргүүлдэг “Ликуд” нам, жанжин штабын дарга асан Гади Айзенкотын тэргүүлдэг “Яшар” намын дэмжлэг өндөр байна. Эдгээр намууд тус бүр 20-23 суудал авч магадгүй байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top