Их Британийн Засгийн газар Иордан голын баруун эрэгт хууль бусаар суурьшсан Израилын суурингуудад үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнд хориг тавьжээ. Үүний хариуд Израилын тал хариу арга хэмжээ, тэр дундаа Иерусалим дахь Их Британийн консулын газрыг хаахаа мэдэгдсэн байна.
Их Британийн гадаад хэргийн сайд Эд Милибэнд Нийтийн танхимд үг хэлэхдээ энэ талаар мэдэгдээд Их Британийн Засгийн газар баруун эргийн зарим бүсэд угсаатныг устгах ажиллагаа явж буйг хүлээн зөвшөөрч, үүнийг хууль бусаар суурьшсан алан хядагчид үйлдэж байна хэмээн мэдэгдсэн байна.
Тэрбээр “Израилын Иордан голын баруун эргийг эзлэн түрэмгийлж буй явдал нь хууль бус гэсэн албан ёсны байр суурийг Их Британийн Засгийн газар баримталж байна” гэж мэдэгджээ. Их Британийн Засгийн газар Израилын Засгийн газрын энэхүү шударга бус явдал, ард иргэдэд учруулж буй зовлон шаналалыг зөвхөн буруутгаад зогсохгүй тодорхой арга хэмжээ авч байна гэж Милибэнд онцолжээ. Их Британи хоёр улсын зэрэгцэн орших зарчмыг дэмжиж байна.
Үүний хариуд Израилын тал Иерусалим дахь консулын газрыг хаахаас гадна Их Британийн парламентын 12 гишүүнд Израилд зорчихыг хориглож, Газын зурвасыг дэмжих олон улсын төв дэх Их Британийн төлөөлөгчдийн үйл ажиллагааг зогсоох, Лондонд Палестины аюулгүй байдлын хүчнийг бэлтгэхэд хориглох зэрэг хариу арга хэмжээ авахаа мэдэгдээд байна.
Иордан голын баруун эрэг дэх Израилын суурингууд жимсгэнэ, ногоо, оливын тос зэрэг гол төлөв хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн болон өргөн хэрэглээний бараа экспортлодог байна.
Их Британитай зэрэгцэн Нидерланд, Ирланд, Бельги, Испани зэрэг орнууд мөн ижил төрлийн арга хэмжээ авч байгаа юм.
Европын Холбоо нь Израилын худалдааны гол түнш тул ЕХ-ны худалдааны бодлого ихээхэн ач холбогдолтой. Өнгөрсөн онд Израилын худалдааны нийт эргэлтийн гуравны нэг ЕХ-нд ногджээ. Гэсэн хэдий ч Европын Холбооны гишүүн орнууд Израилын суурингуудын эсрэг хориг арга хэмжээ авах талаар нэгдсэн шийдвэрт хүрч чадахгүй байгаа юм.

Сэтгэгдэл ( 0 )