Улс төрийн буулт: Яагаад Европт Палестин улсыг хүлээн зөвшөөрөх үйл явц идэвхжив?

Я.Болор | Zindaa.mn
2024 оны 05 сарын 27

Норвег, Испани, Ирландын эрх баригчид Палестиныг тусгаар улс хэмээн хүлээн зөвшөөрөх тухай зарлав. Холбогдох шийдвэрүүд нь энэ сарын 28-нд хүчин төгөлдөр болно. Үүний хариуд Израил эдгээр улсад суугаа элчин сайд нараа зөвлөлдөхөөр дуудаж, Осло, Мадрид, Даблины шийдвэрийг буруушаасан юм. Европын ихэнх улс орон Израилыг Ойрх Дорнодын мөргөлдөөний хохирогч гэж хүлээн авахаа больж, Палестины тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй нөхцөл байдал үүссэнийг ойлгожээ.

“Норвег улс Палестиныг олон улсын эрх зүй болон НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн холбогдох тогтоолын дагуу тусгаар улс хэмээн хүлээн зөвшөөрч байна. Өөрөөр хэлбэл Норвег нь Палестиныг тусгаар тогтносон, улмаар өөрийн эрх, үүрэгтэй улс хэмээн үзэж байна” гэж Норвегийн Засгийн газрын мэдээлэлд онцолсон байна.

Норвегийн араас мөн ижил шийдвэр гаргасан тухай Ирландын эрх баригчид зарлав. “Бид Палестин Улсыг хүлээн зөвшөөрч байна” гэж Ирландын Ерөнхий сайд Саймон Харрисын мэдэгдсэнийг “The Irish Times” сонин дамжууллаа.

Үүний дараа Палестин Улсыг хүлээн зөвшөөрсөн тухай Мадрид мэдээлсэн.

Испанийн Ерөнхий сайд Педро Санчес парламентынхаа чуулганд үг хэлэхдээ “Испанийн Засгийн газар Газын зурвас болон Палестины бусад нутаг дэвсгэр дэх цуст аллагыг буруутгаж, Палестин Улсыг хүлээн зөвшөөрч байна” гэж мэдэгдэв.

 

Маргаан дагуулсан тусгаар тогтнол

Палестин Улсыг хүлээн зөвшөөрсний хариуд Израилын Гадаад хэргийн сайд Исраэль Кац Даблин, Мадрид, Ослогийн шийдвэрийг эрс буруушааж, “Израил тусгаар байдал, аюулгүй байдлыг нь заналхийлсэн хэний ч өмнө дуугүй байхгүй ба иргэдийнхээ аюулгүй байдлыг хангах, Хамас хөдөлгөөнийг устгах, барьцаанд байгаа хүмүүсийг гэрт нь буцаах зорилгодоо хүрэх зорилгодоо хатуу зогсох болно” хэмээн Х хуудсаараа дамжуулан мэдэгдсэн. Тэрбээр Европын улс орнууд үйлдлээрээ “терроризм үр шимээ өгдөг” гэсэн дохио өгч, Хамас хөдөлгөөн болон Ираныг урамшуулж байна гэв.

Европын гурван улс Палестины тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан Кремль тайлбар хийжээ. “ОХУ нь ЗХУ-ын залгамжлагч гэдгийг дахин сануулахыг хүсэж байна. Тухайн цаг үед ЗХУ ч гэсэн Палестин Улсын хүлээн зөвшөөрч байсан” гэж ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков онцолжээ. Түүний хэлснээр, энэхүү байр суурь нь НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн тогтоолтой нийцэж байгаа бөгөөд мөргөлдөөнийг хоёр улс гэсэн зохицуулалтын үндсэн дээр шийдэх арга замд нийцэж байна. ОХУ цаашид ч энэ зарчмыг баримтална хэмээн Песков онцолсон байна.

 

 

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены засаг захиргаа эсрэгээр Палестин Улсыг хүлээн зөвшөөрөх талаар Норвег, Испани, Ирландын хийсэн энэхүү алхмыг дэмжээгүй. АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл Жо Байден нь хоёр улс гэсэн  шийдлийг тууштай дэмжигч хэмээн мэдэгдээд гэхдээ үүнийг нэг талаас хүлээн зөвшөөрөх бус харин Израил, Палестины хооронд яриа хэлэлцээ явуулах замаар эцэслэх учиртай гэж үздэг хэмээн мэдэгдсэнийг CNN дамжуулсан.

Палестинчуудын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөх явдал нь НҮБ-ын 1947 онд баталсан Британийн Палестиныг хуваах тухай 181-р тогтоолд заасан хоёр улс гэгдэх шийдэл юм.

1974 онд НҮБ Палестины ард түмний өөрийнхөө хувь заяаг шийдэх, тусгаар тогтнох эрхийг баталгаажуулсан байдаг. 1988 онд Палестин өөрийгөө Палестин Улс хэмээн тунхаглаж байжээ. Палестины тусгаар тогтнолыг одоогоор 140 гаруй улс хүлээн зөвшөөрөөд байгаа бол АНУ, Франц, Герман, Их Британи, Австрали, Япон зэрэг улс хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж байгаа юм.

Харин Израил хоёр улс гэсэн шийдлийг эрс үгүйсгэдэг. Тус улсын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху Палестин Улс гэж байх ёсгүй, Иордан голын баруун эргийн нутаг дэвсгэрийг бүхэлд нь Израил хянах ёстой гэж нэг бус удаа мэдэгдсэн юм.

2024 оны нэгдүгээр сард АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдентай хэлэлцээ хийхээр Вашингтонд айлчлах үеэр Нетаньяху “Палестин Улсыг хөгжүүлэхгүйн тулд 30 жил ажилласан” хэмээн онцолж байв.

 

Буулт хийх зам

Палестин, Израилын мөргөлдөөнийг зохицуулах цорын ганц арга зам нь хоёр улсын тухай НҮБ-ын тогтоолыг хэрэгжүүлэх явдал гэдгийг дэлхийн улс орнууд ойлгох болсон гэж шинжээчид онцолжээ.

Тэдний үзэж буйгаар, Европын орнууд Палестины тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй байдлыг ойлгож, АНУ нь Израилыг дэмжсэнээр асуудлыг шийдэх бус харин эсрэгээр саад болж буйг ухамсарлаж байна. Ийм хоёрдмол нөхцөл байдлыг эцэслэхийн тулд шийдэмгий алхам хийх ёстой болсныг Норвег, Испани, Ирланд улсууд өөрсдийн үйлдлээрээ харууллаа гэж ажиглагчид дүгнэж байна.

Израил, Палестины сөргөлдөөн олон арван жил үргэлжилж байгаа бөгөөд хоёр улс байгуулах тухай НҮБ-ын шийдвэрийг хэрэгжүүлэхгүйгээр энэ сөргөлдөөн хэзээ ч төгсөхгүй. Үүний сацуу Европын орнууд Палестин Улсыг хүлээн зөвшөөрөхөөс татгалзах нь Ойрх Дорнодын улс орнуудтай харилцах харилцаа нь ихээхэн муудахад хүргэж байгааг ч мөн харгалзан үзэж байна. Европын Холбооны Ойрх Дорнодтой сайн харилцаатай байх гол шалтгаан нь эрчим хүчний эх үүсвэр. Тиймээс Европт НҮБ-ын холбогдох шийдвэрийг хэрэгжүүлэх чиглэлээр идэвхтэй арга хэмжээ авч эхэлжээ.

 

 

Европын Холбооны улс орнуудын зүгээс авч буй ийм алхам нь геополитикийн тэнцвэрт байдал өөрчлөгдөж буйг илтгэж байна гэж зарим ажиглагчид үзэж байна. Европт нөхцөл байдлыг илүү бодитоор харж эхэлж буйг үйл явц харууллаа. Израил, түүний гол холбоотон болох АНУ-ын хүсэж байгаачлан Палестины асуудлыг шийдэхгүй үлдээж болно гэсэн найдвар үгүй болж байна. Вашингтоны ноёрхол өнгөрсөн цагт үлдээж байна гэж шинжээчид онцолжээ.

Палестин, Израилын мөргөлдөөн хурцдаж эхлэхэд, ялангуяа Израилын зэвсэгт хүчний Газын зурваст явуулж буй цуст ажиллагаатай холбогдуулан Европын Холбооны ихэнх орны ард иргэд Палестиныг дэмжиж, дуу хоолойгоо өргөх болсон. Норвег, Испани, Ирландын эрх баригчид ард иргэдийнхээ дуу хоолойг сонсжээ. Энэ бол ардчилсан үйл явц.

Түүнчлэн, Израилыг олон улсын хүмүүнлэгийн эрх зүйг зөрчиж буйг зүгээр хараад сууж болохгүй тул Европын Холбооны гишүүн орнууд хариу арга хэмжээ авах үүрэгтэй. Мэдээж хэрэг Палестин Улсын хүлээн зөвшөөрснөөр цэргийн гэмт хэрэг шууд зогсохгүй ч Израилын хохирогч гэсэн статусыг эргэн харахад хүргэнэ. Палестиныг дэмжиж буй улс орнуудын тоо улам бүр өссөөр байна. Энэ нь хоёр улс гэсэн шийдлийг хэрэгжихэд нэг алхам ойртуулж байна. Израилын хувьд АНУ ч тусалж чадахгүй болох тэр зураасыг давж байгаа гэдгээ ухамсарлах ёстой. Тель Авивын үл хүндэтгэсэн байдал Вашингтоны дургүйцлийг хүргэхээс гадна олон улсын тавцанд нэр хүндээ алдахад хүргэж байна. Үүнийг зогсоох цорын гац арга зам бол буулт хийх, тэр дундаа Палестин Улсыг хүлээн зөвшөөрөх явдал юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top