ӨАБНУ Их-20 бүлгийн үйл ажиллагаанаас завсарлага авлаа

Я.Болор | Zindaa.mn
42 минутын өмнө

Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улс Их 20 бүлгийн үйл ажиллагаанаас завсарлага авах шийдвэр гаргажээ. Их 20 бүлгийг энэ онд даргалж байгаа АНУ энэ сарын дундуур болох тус бүлгийн итгэмжит төлөөлөгч нарын уулзалтад урилга ирүүлээгүй юм.

Өмнөд Африк улсын ерөнхийлөгчийн албан ёсны төлөөлөгч Венсент Магвенья Их 20 бүлгийг даргалах бүрэн эрх Их Британид 2026 оны арванхоёрдугаар сард шилжин очсоны дараа Преториа тус бүлгийн үйл ажиллагаанд эргэн ирж, дэлхий дахины тулгамдсан асуудлыг нухацтай хэлэлцэхэд бэлэн гэжээ.

АНУ энэ сарын 1-ээс Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсаас Их 20 бүлгийг даргалах бүрэн эрхийг шилжүүлэн авсан билээ. АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп тус улсад цагаан арьст цөөнхийг хоморголон устгах ажиллагаа явж байна гэж үзэн Их 20 бүлэгт Өмнөд Африк улс байх ёстой эсэхэд эргэлзэж буйгаа илэрхийлж байсан юм. Тэрбээр 2026 онд Флоридад болох Их 20 бүлгийн дээд хэмжээний уулзалтад оролцох урилгыг ӨАБНУ-д илгээхгүй гэж мэдэгдсэн. Өмнөд Африкийн SABC сувгийн дамжуулснаар, АНУ тус бүлгийг даргалах хугацаандаа Өмнөд Африк улсын оронд Польш улсыг бүлгийн гол арга хэмжээнүүдэд оролцуулах санаатай байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top