“Их 20” бүлгийн орнуудын гадаад хэргийн сайд нарын уулзалт Йоханнесбург хотноо эхэлжээ.
Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсын Ерөнхийлөгч Сирил Рамапоса уулзалтыг нээж үг хэлэхдээ, дэлхий дахинд нүүрлэж буй аюул, заналхийллийг нухацтай хэлэлцэх шаардлагатай байна. Дэлхийн тэргүүлэгч улс орнууд, тэр дундаа “ИХ 20” бүлэгт томоохон хямралуудыг шийдэх нэгдсэн санаа алга байна. Гэхдээ бид үүнийг боловсруулах учиртай. “Их 20” бүлэг яриа хэлэлцээ, эв санааны нэгдлээр асуудлыг шийдэхэд тэргүүлэх үүрэг гүйцэтгэнэ гэж дэлхий дахин харж байна гэв. Түүний хэлснээр, Африк тив дэлхий дахинд хамаарах шийдлийг олоход өөрийн хувь нэмрээ оруулахыг эрмэлзэж байна. Орчин цагийн чухал асуудлууд дээр Африкийн дуу хоолой дэлхийд сонсогдох ёстой.
Уулзалтаар талууд дэлхийн геополитикийн нөхцөл байдал, Африк, Ойрх Дорнод, Европ, тэр дундаа Украин дахь зэвсэгт мөргөлдөөнүүд, дэлхийн нэн ядуу улс орнуудын өрийн асуудал, дэлхийн эдийн засгийн тогтвортой байдал, техногений салбарт амин чухал эрдэс баялгийн олборлолт, худалдааны төлөв зэрэг өргөн хүрээний асуудлыг хэлэлцэх гэж байна. Уулзалтын гол сэдэв нь “Эв санааны нэгдэл, тэгш ба тогтвортой байдал”.
Уулзалтад тус бүлгийн гишүүн 15 орон гадаад хэргийн сайд, дөрвөн улсын дэд сайдын түвшинд оролцож байна. ӨАБНУ уулзалтад тус бүлэгт ордоггүй Ангол, Египет, Испани, Ирланд, Нигери, Нидерланд, Норвег, АНЭУ, Этиопын төлөөлөгчдийг мөн урьж, оролцуулж байна.
Сэтгэгдэл ( 0 )