АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трампын засаг захиргаа “Их 20” бүлгийг даргалах жилээ эдийн засгийн өсөлтийг дэмжих тэргүүлэх зорилго тавина гэж төрийн департмент нь мэдэгджээ. Энэ оны арванхоёдугаар сарын 1-нээс эхлэн АНУ тус бүлгийг 2026 оны хугацаанд даргалах юм.
Трампын удирдлага дор Их 20 бүлгийн гол зорилго болох эдийн засгийн өсөлт, хөгжил цэцэглэлтийг түргэтгэж, үр дүнд хүргэхээр зорьж байна гэж мэдэгдэлд онцолжээ. Түүнчлэн, эдийн засаг дахь төрийн зохицуулалтыг бууруулах, хүртээмжтэй, аюулгүй эрчим хүчний эх үүсвэрийн нийлүүлэлтийн гинжин хэлхээг бий болгох, шинэ технологиудыг нэвтрүүлэх зэрэг үндсэн чиглэлүүдийг тодорхойлоод байна. Зарим эх сурвалжуудын онцолсноор, АНУ тус бүлгийг даргалах хугацаандаа эрчим хүч, нийгэм болон экологийн сэдвүүдээс зайлсхийж магадгүй.
“Их 20” бүлэг нь 199 онд дэлхийн эдийн засгийн тогтвортой байдлыг дэмжих зорилгоор байгуулагдсан хөгжингүй болон хөгжиж буй том улс орнуудын албан бус нэгдэл юм. Тус нэгдэл нь сүүлийн жилүүдэд геополитикийн асуудлуудад илүү анхаарах болжээ. “Их 20” бүлэг нь 19 улс орон, Африкийн холбоо болон Европын холбоог эгнээндээ нэгтгэдэг бөгөөд дэлхийн ДНБ-ний 85 хувь, дэлхийн худалдааны 75 хувь ногддог байна.

Сэтгэгдэл ( 0 )