Бахархах зүйлгүй: “Их 20” уулзалт Украинд халдсаныг буруутгасангүй

Я.Болор | Zindaa.mn
2023 оны 09 сарын 12

Энэтхэгийн Шинэ Дели хотноо болсон “Их 20” бүлгийн дээд хэмжээний уулзалт Москва, Бээжин хоёрын байр сууринаас болж Украинд Орос довтолсныг буруутгасангүй. Үүний оронд бүлгийн гишүүн орнууд мөргөлдөөний талуудад хандан НҮБ-ын зарчмуудыг баримтлахыг уриалжээ. Уулзалтын үр дүнд Украин урам нь хугарсан бол Орост таалагдав.

Шинэ Делигийн тунхагт илүү хүчтэй нэр томьёо оруулахыг хичээсэн түншүүддээ Украин талархаж байна гэж Украины Гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч Олег Николенко мэдэгдээд гэхдээ Украины эсрэг явуулж буй Оросын түрэмгийллийн талаар “Их 20” бүлэгт бахархах зүйл байсангүй хэмээн онцолсон байна. Тэрбээр энэ удаагийн дээд хэмжээний уулзалтад Украины төлөөлөгчид оролцоогүй гэдгийг тодруулаад Украины талын оролцоо уулзалтын оролцогчдод нөхцөл байдлыг илүү ойлгуулах байсан байх. Украингүй Украиныг хэлэлцэхгүй гэсэн зарчим хэзээ хэзээнээс чухал буйг харууллаа гэж Николенко онцолжээ.

“Их 20” бүлгийн гишүүн орнуудын хооронд Украины асуудлаар санал зөрөлдөөн их байсан тул дээд хэмжээний уулзалтын эхний өдөр тунхаг батална гэдэг хүлээлт бага байсан. Харин Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди тунхгийн талаар “Их 20” бүлэг зөвшилцөлд хүрч чадсан тухай зарлав. Хэлэлцээ сүүлийн мөч хүртэл үргэлжилснийг тунхгийн эхний хувилбаруудын нэг батална. ВВС агентлагийн олж авсан энэхүү хувилбарт Украины талаарх заалт байгаагүй байна.

Өөр өөр санал, үнэлэлт

Өнгөрсөн онд Балид болсон дээд хэмжээний уулзалтын нэгэн адил Украин дахь нөхцөл байдал маргааны гол сэдэв байлаа. Гэхдээ Балигийн дээд хэмжээний уулзалтын үеэр “Их 20” бүлгийн ихэнх гишүүн орон байр сууриа баталж, Украины эсрэг явуулж  буй Оросын түрэмгийллийг хатуу буруутгаж байсан. Гэхдээ өөр өөр санал, үнэлэлт байсныг мөн цохон тэмдэглэж байв.

Шинэ Делид баталсан тунхагт Оросын явуулж буй дайныг шууд буруутгасан заалт орсонгүй. Гэхдээ баримт бичигт Украин дахь дайны улмаас хүмүүс зовж, шаналан, дайн нь дэлхийн хүнсний болон эрчим хүчний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж буйг дурджээ. Мөн заалтад янз бүрийн санал, дүгнэлт байгааг дахин хүлээн зөвшөөрсөн байна.

Тунхагт хоёрдмол утгатай нэр томьёо ашигласан нь Москвад Украины нутаг дэвсгэрийг булаан эзэлснээ зөвтгөхдөө ашиглах боломжийг онолын хувьд олгож болох талтай гэж шүүмжлэгчид үзэж байна. Бүх улс орон НҮБ-ын дүрмийн зарчим, зорилгод нийцсэн үйл ажиллагаа явуулах ёстой. НҮБ-ын дүрэм ёсоор, бүх улс орон аливаа улс орны газар нутгийн бүрэн бүтэн байдал, тусгаар байдал болон улс төрийн хараат бус байдлын эсрэг чиглэсэн аюул заналхийлэл, хүч хэрэглэхээс түдгэлзэх учиртай. Цөмийн зэвсэг хэрэглэх, хэрэглэхээр заналхийлэх нь байж боломгүй гэж тунхагт онцолжээ. Баримт бичигт мөн үр тарианы гэрээний асуудлыг тусгасан байна. Орос, Украин, НҮБ, Туркийн хооронд байгуулсан хэлэлцээр Украины үр тариаг Хар тэнгисийн боомтоор дамжуулан экспортлох боломжийг нээж байсан. Харин энэхүү хэлэлцээрээс Орос өнгөрсөн зун гарсан билээ.

“Их 20” Орос болон Украины боомтоор үр тариа болон бусад бүтээгдэхүүнийг саадгүй гаргахыг уриалсан. Энэхүү заалтад хүнсний болон эрчим хүчний аюулгүй байдалд шууд хамаатай боомтын дэд бүтцэд цохилт өгөхөө зогсоохыг уриалсан байна.

Үр тарианы гэрээнээс гарсныхаа дараа Оросын арми Украины боомтууд болон хүнсний агуулахад нэг бус удаа цохилт өгч байв. Тунхагт мөн “Украины эсрэг дайн” гэх бус “Украин дахь дайн” хэмээн дурджээ. Үг хэллэгийн ийм сонголт Оросын талын тунхгийг дэмжих магадлалыг нэмэгдүүлэх зорилготой байсан байх талтай. Владимир Путин өөрийн биеэр дээд хэмжээний уулзалтад оролцоогүй ч Москва эцсийн эцэст тунхгийг дэмжсэн. Путины оронд Гадаад хэргийн сайд Сергей Лавров ирсэн билээ.

Дээд хэмжээний уулзалт, мэдээж хэрэг, маргаангүй амжилт байсан. Юун түрүүнд “Их 20” бүлгийг жилийн турш даргалсан Энэтхэг болон бид бүгдийн хувьд амжилттай болсон гэж Лавров хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдсэн байна. Тэрбээр “Их 20” бүлэг дотоод шинэчлэл явуулж байна. Юуны өмнө энэ нь “Их 20” бүлгийн дэлхийн өмнөд хагаст ордог гишүүн орнуудын идэвхжилээс харагдаж байна. Энэтхэгийн тэргүүлэх оролцоотой эдгээр улс орон ашиг сонирхлоо тунхагт тусгуулах чиглэлээр амжилтад хүрсэн.

Оросын төлөөлөгч Светлана Лукаш тунхгийг “тэнцвэрийг хангасан” хэмээн дүгнэж, Украины асуудлаарх хэлэлцээ хүндхэн болсон гэж онцолсон байна.

Төгсгөлийн баримт бичигт Оросын түрэмгийллийг дурдахаас татгалзсаныг Киев өрнөдийн түншүүд нь дайныг хэрхэн тодорхойлох асуудлаар дэлхийн өмнөд хагастай өрнүүлсэн маргаанд ялагдсан гэж дүгнэж чадахгүй л болов уу гэж шинжээчид онцолжээ. Энэ талаар мөн Оросын Гадаад хэргийн яамны тэргүүн мөн онцолсон. Дэлхийн өмнөд хагасын хатуу байр суурийн ачаар дээд хэмжээний уулзалтын хэлэлцэх асуудлын “украинжуулах” гэсэн өрнөдийн оролдлогыг таслан, хөгжиж буй орнуудын тулгамдсан асуудлыг хэлэлцэх боломж нээгдсэн хэмээн Лавров онцолжээ.

Африк ба уур амьсгал

Нарендра Моди “Их 20” бүлгийн дээд хэмжээний уулзалтад Африкийн холбоог тус бүлгийн байнгын гишүүн болохыг албан ёсоор урьсан нь чухал мэдээ байлаа. Нэг жилийн хугацаанд “Их 20” бүлгийг удирдсан Энэтхэг улс Африкийн орнуудын үүрэг, оролцоог нэмэгдүүлэхийг ихээхэн хичээсэн. Дели энэхүү стратегийн хамтын ажиллагааг Африк болон Ази тивд нөлөөгөө бэхжүүлэхийн төлөөх Хятадтай хийж буй өрсөлдөөнд чухал хэрэгсэл хэмээн харж байна.

Түүнчлэн, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх асуудал дээр мөн тохиролцоонд хүрч чадсан.

Дээд хэмжээний уулзалтын өмнө болсон “Их 20” бүлгийн сайд нарын уулзалтуудын үеэр энэ асуудлаар тохиролцоонд хүрч чадаагүй. Харин одоо албаны хүмүүс зуун хувь зөвшилцөлд хүрсэн хэмээн дуу нэгтэй мэдэгдэж байна.

“Их 20” бүлгийн гишүүн орнууд дэлхий дахинд сэргээгдэх эрчим хүчний хүчин чадлыг гурав дахин нэмэгдүүлэх хүчин чармайлтыг дэмжихээ үргэлжлүүлнэ. Тус блокт хүлэмжийн хийн ялгарлын нийт хэмжээний 75 хувь ногддог.

Тунхагт зааснаар, тогтвортой хөгжлийн шаардлага, ядуурал, шударга ёс, тухайн үндэстний онцлогоос шалтгаалан хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах хугацааг тогтоохоор болжээ. Өөрөөр хэлбэл, ядуу, буурай орнуудад хүлэмжийн хийг даруй бууруулах үүрэг хүлээгээгүй.

Бразил “Их 20” бүлгийг даргална

Энэтхэг “Их 20” бүлгийг ирэх нэг жил даргалах халаагаа Бразилд шилжүүлэв. Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди бэлгэдлийн алхыг Бразилын Ерөнхийлөгч Луис Инасиу Лула да Силвад албан ёсоор гардуулан өглөө.

Бразил “Их 20” бүлгийг даргалах хугацаанд ядуурал, тогтвортой хөгжил, Олон улсын валютын сан, НҮБ-ын Аюулгүйн зөвлөл зэрэг олон улсын байгууллагуудын дэлхийн удирдлагыг шинэчлэх асуудалд тэргүүлэх ач холбогдол өгч ажиллана хэмээн мэдэгджээ. Тэрбээр мөн ирэх онд Рио де Жайнерод болох “Их 20” дээд хэмжээний уулзалтад ОХУ-ын Ерөнхийлөгч В.Патин баривчлагдана гэсэн айдасгүй оролцох боломжтой хэмээн мэдэгдсэн. Энэ шалтгаанаар В.Путин өнгөрсөн наймдугаар сарын сүүлээр Өмнөд Африкт болсон БРИКС-ийн дээд хэмжээний уулзалтад оролцоогүй гэж үзэж байсан билээ.

Делид болсон дээд хэмжээний уулзалтад БНХАУ-ын дарга Ши Жиньпин оролцоогүй. БНХАУ-ыг Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Цян төлөөлсөн. Ли нь Хятадын хоёр дахь өндөр албан тушаалыг хашдаг ба Ши-гийн баруун гар. Гэсэн  ч Вашингтон дахь “Atlantic Counsil” төвийн судлаач Жош Липски Хятадын төрийн тэргүүн оролцоогүй нь “Их 20” бүлгийн урт хугацааны тогтвортой байдал, амжилтад эргэлзэхэд хүргэж байна гэж дүгнэж байна. Түүний хэлснээр, Ши оролцоогүй нь “Их 20” бүлэг ирээдүйд орших эсэхийг сэрэмжлүүлсэн явдал юм. Эх сурвалж: ВВС

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(139.5.219.132) 2023 оны 09 сарын 12

Aajmaar yariani ongo oorchlogdsoor ,amerik bolon baruun ukrainig orhih bolno...

0  |  0
Top