“Их 20” бүлгийн сайд нар хамтарсан мэдэгдэл гаргаж чадсангүй

Я.Болор | Zindaa.mn
2023 оны 03 сарын 03

“Их 20” бүлгийн орнуудын гадаад хэргийн сайд нар Энэтхэгийн нийслэл Шинэ Дели хотноо болсон уулзалтын дүнгээр хамтарсан мэдэгдэл гаргаж чадсангүй. Хамтарсан мэдэгдлийн оронд “Их 20” бүлгийг даргалагч Энэтхэг улс өөрийн мэдэгдэл гаргахаар болжээ. Энэтхэгийн Гадаад хэргийн сайд Субранманьям Жайшанкар Украины мөргөлдөөний асуудлаар оролцогчид өөр өөр байр суурьтай байсан ба талууд зөвшилцөлд хүрч чадсангүй хэмээн онцолжээ.

24 заалттай хамтарсан мэдэгдлийн төслийн Украины эсрэг хийж буй Оросын түрэмгийллийг буруутгасан заалтыг ОХУ болон БНХАУ эсэргүүцсэн байна. Төсөлд Оросын цэргийг Украины нутаг дэвсгэрээс үг дуугүй, бүрэн гаргахыг шаардаж, цэргийн ажиллагаа нь дэлхийн эдийн засагт сөргөөр нөлөөлж буйг дурдан, олон улсын эрх зүйн хэм хэмжээг мөрдөхийг шаардсаны сацуу цөмийн зэвсэг хэрэглэхийг хатуу эсэргүүцсэн байна.

ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров хамтарсан мэдэгдэл гаргаж чадаагүйн бурууг өрнөдийн орнуудад тохов. Тэрбээр өрнөдийн орнууд хамтарсан мэдэгдэлд “Умардын урсгал” хийн хоолойг дэлбэлсэн хэргийг шударгаар мөрдөх асуудлыг тусгахаас татгалзсан хэмээн тодруулжээ.

Өнгөрсөн долоо хоногт “Их 20” бүлгийн орнуудын сангийн сайд нар Украины асуудлаар зөвшилцөлд хүрч чадалгүй, хамтарсан мэдэгдэл мөн гаргаагүй билээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top