Цахим платформуудтай хамтран ажиллахаар төлөвлөж байна

Л.Батбаяр | Zindaa.mn
2024 оны 11 сарын 19

 

“Их 20”-ийн бүлгийн гишүүн орнууд тоон технологийн чадавхыг ашиглахыг дэмжиж байгаа хэдий ч технологиуд, тэдгээрийн дотор хиймэл оюун ухаан хурдацтай хөгжиж байгаа өнөө үед худал мэдээлэл тараах, үзэн ядалтыг дэвэргэх явдалтай тэмцэхэд цахим платформуудтай хамтран ажиллахаар төлөвлөж байна гэж Рио-де-Жанейро хотод болж байгаа “Их 20”-ийн бүлгийн гишүүн орнуудын удирдагчдын дээд хэмжээний уулзалтаас гаргасан тунхаглалд тэмдэглэжээ.

“Тэгш бус байдлын түвшнийг бууруулахын тулд технологийн чадавхыг ашиглахыг дэмжиж байна. Гэхдээ мэдээллийн салбар цахимжиж, технологиуд, тэдгээрийн дотор хиймэл оюун ухаан хурдацтай хөгжиж байгаа нь худал мэдээлэл тараах, үзэн ядалтыг дэвэргэх хурд, цар хүрээ, хамрах хүрээг огцом тэлж байна. Иймд цахим платформууд баримталж буй бодлого, хууль зүйн хэм хэмжээний дагуу ил тод, хариуцлагатай байх шаардлагатай бөгөөд энэ асуудлаар платформууд болон сонирхсон талуудтай хамтран ажиллана” гэж уг тунхаглалд онцолсон байна.

“Дипломат шугамаар яриа хэлэлцээ хийх замаар мөргөлдөөнүүдийг эв зүйгээр зохицуулахыг эрмэлзэх шаардлагатай байна. Зөвхөн энх амгалан байдал тогтоосноор тогтвортой байдал, хөгжил цэцэглэлтийг хангах боломжтой. Дэлхий даяар дайн болон мөргөлдөөн хүмүүст асар их зовлон учруулж, таагүй үр дагавар дагуулж байгааг “Их 20”-ийн бүлгийн гишүүн орнууд эмзэглэн харж байна” гэж дээрх баримт бичигт өгүүлжээ.

“Их 20”-ийн бүлгийн гишүүн орнуудын удирдагчид НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийг XXI зууны шаардлага, бодит байдалд нийцүүлж, илүү өргөн төлөөлөлтэй, үр нөлөөтэй, үр ашигтай, ардчилсан, хариуцлагатай, ил тод болгон шинэчлэхийг дэмжиж байгаа бөгөөд Аюулгүйн Зөвлөлийн бүрэлдэхүүнд Африк, Ази, Номхон далайн бүс нутаг, Латин Америк болон Карибын сав газрын орнуудын төлөөллийг нэмж оруулахыг уриалсан байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top