“ИХ 20” бүлгийн дээд хэмжээний уулзалт эхэллээ

Л.Батбаяр | Zindaa.mn
2024 оны 11 сарын 18

Бразилын Рио-де-Жанейро хотноо “Их 20” (G20) бүлгийн хоёр өдөр үргэлжлэх дээд хэмжээний уулзалт эхэллээ.

Энэ удаагийн уулзалтад “Их 20-ийн” бүлэгт багтдаг бүх улсын удирдагчдаас гадна Ангол, Боливи, Катар, Колумби, Египет, Малайз, Нигери, Сингапур, Вьетнамын төр, засгийн тэргүүн нар оролцох юм байна.

Бразил улс уг бүлгийг даргалах хугацаандаа тогтвортой хөгжил, НҮБ, Олон Улсын валютын сан, Дэлхийн банк зэрэг дэлхийн удирдах байгууллагуудын шинэчлэл, нийгмийн нэгдэл нягтрал, өлсгөлөнтэй хийх тэмцэл зэрэг сэдвийг чухалчлан авч хэлэлцэхийг санал болгож байгаа аж. Бразилын санал болгож буй өлсгөлөн, ядууралтай тэмцэх Дэлхийн эвслийг арваннэгдүгээр сарын 18-нд албан ёсоор байгуулахаар төлөвлөж байна. Энэхүү эвслийн зорилго нь дэлхийн, ялангуяа нэлээд эмзэг бүс нутгуудын хүнсний хүртээмжийг баталгаажуулах арга хэмжээг хэрэгжүүлэхэд улс орнууд, олон улсын байгууллагууд болон хувийн хэвшлийг дайчлахад орших юм.

Мөргөлдөөнүүдийг, түүний дотор Украин болон Ойрх Дорнодод өрнөж буй мөргөлдөөнийг эв зүйгээр зохицуулах уриалгыг дээд хэмжээний уулзалтаас гаргах тунхаглалд оруулахыг Бразил улс бас санал болгож байгаа ажээ. Уулзалтын дүнд гаргах тунхаглалыг батлахад саад учруулж болзошгүй хүчин зүйлүүдийн нэг нь Аргентины байр суурь байх төлөвтэй байгаа гэнэ. Латин Америкийн энэ улсын ерөнхийлөгч Хавьер Милей уур амьсгалын өөрчлөлтөд хүний нөлөө байгаа нь нотлогдоогүй гэж удаа дараа мэдэгдэж байсан бөгөөд 2030 он хүртэлх тогтвортой хөгжлийн асуудлыг НҮБ-д хэлэлцэхийг дэмжихгүй байхыг Аргентины дипломатуудад үүрэг болгосон юм байна. Бразилын нэгэн сонинд мэдээлснээр, АНУ болон түүний холбоотнууд тунхаглалын төсөлд Украинд явуулж буй Оросын ажиллагааг буруушаасан заалт оруулахыг шаардсан ажээ. Харин Дэлхийн өмнөд бүсийн орнуудын уулзалтад оролцсон улсууд Газын зурваст Израилын явуулж байлдааны ажиллагааг буруушаасан заалт оруулахыг санал болгосон байна. Энэ удаагийн дээд хэмжээний дүнд Бразил улс “Их 20-ийн” бүлгийг даргалах үүргийг ӨАБНУ-д шилжүүлэн өгөх юм.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
E(202.9.41.50) 2024 оны 11 сарын 18

Ganboldiin Gantuya gadaad hariltsaanii yamnd bugsuuruu ajild orson ynhan

0  |  0
Top