Барселона vs Атлетико: Ла Лигийн гол тоглолтын үр дүн

Б.Сэцэн | Zindaa.mn
23 цагийн өмнө

Испанийн Ла лигийн 19 дүгээр тойргийн урьдчилсан тоглолтод Барселона клуб Атлетико Мадридтай учраа таарч 3:1 харьцаагаар ялалт байгууллаа. Ирэх нэгдүгээр сард Испанийн супер цомын тэмцээн Саудын Араб улсад болох хуваарьтай байгаа тул дээрх хоёр клуб нэгдүгээр сард болох тоглолтоо ийнхүү урьдчилан хийсэн юм.

Барилгын ажил нь дуусаагүй байгаа шинэхэн цэнгэлдэхдээ хүлээн авсан гурав дахь тоглолтдоо Барсачууд бүх зүйлээрээ илүү байсан. Бөмбөг эзэмшилтийн хувь, гоолын боломж, хаалга руу цохисон цохилт гээд илүү байлаа.

Тоглолтын эхний таван минутад хоёр баг харилцан нээлттэй тоглолт үзүүлж, адил боломж гаргаж балйаа. Гэвч Барсагийн отон тоглолтын шахалт амжилтгүй болж Атлетико Мадридын Алекс Баена 19 дэх минутад гоол оруулав. Гоол алдсан эзэн баг шахах нь тодорхой тул Барса довтолж эхэлсэн. Улмаар бэртлээс эргэн ирээд удаагүй байгаа Рафинья Педригийн дамжуулалтаар 26 дахь минутад гоолдож тэнцүүллээ. Барса хэдийгээр бөмбөг эзэмшилт сайн байсан ч Атлетико Мадрид оновчтой дамжуулалтаараа илүү байлаа. Зочин багийн хамгаалалтын арын шугам нягт байсан ч Дани Олмог торгуулийн талбайд унагааснаар торгуулийн цохилтыг эздэд заав. Польш гоолын машин Роберт Левандовски тоглолтын 36 дахь минутад торгуулийн цохилт цохисон ч амжилттай болж чадаагүй. Улмаар энэ дүнгээр эхний хагас дууссан юм.

Талбайн зочдоос эхний хагаст Кардосо, хоёрдугаар үеийн дундуур Баена нарыг бэртэлд алдсан. Чухам энэ нь тоглолтын эцсийн үр дүнд нөлөөлсөн байж болох талтай. Хоёрдугаар үе эхлэхэд Барсагийн довтолгоо улам ширүүслээ. Гэвч сөрөг довтолгоогоор зочин багаас Жулиан Алварес гоол оруулах шахсан. Барсагаас Левандовски гоол оруулах сайхан боломжоо алдсан. Улмаар тоглолтын 65 дахь минутад Дани Олмо  16 метрийн шугам дотор гоол оруулж талбайн эзэд тэргүүлж эхэллээ. Гэвч гоол оруулахдаа унаж, мөрөө гэмтээснээр талбайг чөлөөлөхөөс өөр аргагүй болсон. Түүний оронд Маркус Решфорд талбайд орж ирсэн юм. Дани Олмог гэмтэлд алдсан Барсагаас 74 дэх минутад дахин нэг тоглогч бэртсэн нь Педри байв. Ер нь Барселона клубээс бэртэл, гэмтэл салахгүй байгаа нь нэг асуудал. Хэрвээ аваргын өрсөлдөөнд үлдэе л гэвэл бэртэл, гэмтлээс хол байх шаардлагатай. Тоглолт ийнхүү Барсагийн идэвхтэй шахалт, довтолгоон дор үргэлжилсэн. Улмаар үндсэн цаг дуусах эцсийн мөчид буюу 90+6 дахь минутад Алехандро Балдегийн дамжуулалтаар Ферран Торрес гоолдсоноор 3:1 харьцаагаар Барселона клуб ээлжит ялалтаа байгууллаа. Одоогоор хүснэгтийг Барселона клуб 37 оноотой тэргүүлж байгаа бол Атлетико Мадрид клуб 31 оноотой дөрөвдүгээрт жагсаж байна.  

Энэ удаагийн тоглолт Барселонаг аваргаа хамгаалах өндөр боломж бийг харуулсан. Төвөн хамгаалалт сул, довтолгооны арга барил орон гаран байгааг үл харгалзан өрсөлдөгчдөө боломж бага олгож байлаа. Тоглолтын дараа Барселона клубийн менежер Ханси Флик хэлэхдээ: "Энэ улирлын шилдэг тоглолт өнөөдрийнх байлаа. Бүтэн 90 минутын турш манай багийн тоглолт талархууштай байсан. Ялах ёстой баг нь бид байлаа. Дээд түвшинд тоглож байгаа гэхэд эрт ч ямар ч байсан бид формоо олсон" гэсэн юм. Бразил тоглогч Рафинья бэртлээсээ эргэн ирж, гарааны бүрэлдэхүүнд багтсан нь ийнхүү эерэг нөлөөллөө үзүүлжээ. 

Атлетико ийнхүү эхний тойрогт хожигдсоноос хойш анх удаа лигтээ хожигдлоо. Дээрээс нь Камп Ноу цэнгэлдэх Атлетикогийн хувьд бат хэрэм цайз гэсэн үг. Үүнийг статистик ч харуулна. Тэд хамгийн сүүлд 2006 онд "Камп Ноу" цэнгэлдэхэд ялалт байгуулж байжээ. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top