Монголын нийслэл PGL Ulaanbaatar 2027 тэмцээнийг хүлээн авахад бэлэн боллоо

Я.Болор | Zindaa.mn
8 минутын өмнө

Улаанбаатар хотын Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн алсыг харагч тус тэмцээний зохион байгуулагч PGL-ийн логог гэрэлтүүлэн асаалаа. Цахим спорт сонирхогч бүрийн сайн мэдэх эдгээр улаан өнгийн бэлгэдэл нь Монгол Улс PGL-ийг Улаанбаатарт хотноо хүлээн авахад бэлэн болсны илэрхийлэл болж байна.

Нийт нэг сая  ам.долларын шагналын сантай, олон улсын 1xBet компанитай хамтран зохион байгуулах эл цахим спортын PGL тэмцээн 2027 оны дөрөвдүгээр сарын 16-наас 25-ны хооронд зохион байгуулагдана.

PGL Ulaanbaatar 2027 тэмцээнд дэлхийн шилдэг 14 баг өрсөлдөх бөгөөд Европ болон Азийн урьдчилсан шатнаас шалгарсан хоёр баг нэмэгдэх юм. Монгол Улс төдийгүй Азийн шилдэг баг болох The MongolZ эх орондоо болох анхны томоохон тэмцээнд оролцох эрхээ авахын төлөө бүх хүчээ дайчилж байна.

Ийм хэмжээний арга хэмжээг зохион байгуулах нь улс орон болон бүс нутагт асар их боломжийг нээж өгч байна. Дэлхий нийт Монгол Улсыг анхааралтай ажиглаж, бүс нутгийн цахим спортын хамгийн том тэмцээнүүдийн нэг болох нь гарцаагүй PGL Ulaanbaatar 2027-ийн талаар ярилцаж байна.

Одоогоор Монголын таван баг болох The MongolZ, Chinggis Warriors, 5star, NEXVOID болон The Huns багууд Азийн шилдэг 10 багийн тоонд багтаж байгаа юм. Тийм ч учраас Монгол Улс PGL Ulaanbaatar 2027 тэмцээнээр дэлхийн өнцөг булан бүрээс ирэх мянга мянган цахим спорт сонирхогчид, хөгжөөн дэмжигчдийг нийслэл хотдоо цуглуулж, түүх бүтээхэд бэлэн болоод байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top