Шинэ Делид “Их 20” бүлгийн Гадаад хэргийн сайд нарын уулзалт эхлэв

Я.Болор | Zindaa.mn
2023 оны 03 сарын 02

Энэтхэгийн нийслэл Шинэ Дели хотноо “Их 20” бүлгийн орнуудын гадаад хэргийн сайд нарын уулзалт эхэлжээ. Уулзалтын оролцогчид Турк, Сирид болсон газар хөдлөлтийн улмаас амиа алдсан хүмүүсийн гэгээн дурсгалыг хүндэтгэн нэг минут дуугүй зогссон байна.

Энэхүү уулзалт томоохон үл ойлголцлын цаг үед болж байна хэмээн Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди онцлоод дэлхий дахин “Их 20” бүлгийн улс орнуудаас асуудлыг шийдвэрлэхэд тодорхой хувь нэмэр оруулна гэж хүлээж байна гэж мэдэгджээ. “Дэлхийн тэргүүлэгч улс гүрнүүд энэ танхимд байхгүй тэр хүмүүсийн өмнө хариуцлага хүлээж байна. Ихэнх хөгжиж буй улс орон хэмжээлшгүй их өртэй тэмцэж байна. Тиймээс “Их 20” бүлгийг даргалж байгаа Энэтхэг улс дэлхийн өмнөд хэсэгт дуу хоолойгоо хүргэх боломж олгохыг хичээж байна. Ямар ч бүлэг шийдвэрээс нь хамгийн их хамааралтай улс орнуудын дуу хоолойг сонсолгүйгээр дэлхийд манлайлах боломжгүй” хэмээн Нарендра Моди онцолжээ.

Хоёр хоног үргэлжлэх уулзалтад тус бүлгийн гишүүн орнуудаас гадна Нарендра Модигийн тусгай урилгаар олон улсын байгууллагууд болон “Их 20” бүлэгт ордоггүй зарим улсын гадаад сайд нар оролцож байна. Тухайлбал, Нигери, АНЭУ, Оман, Сингапур, Испани, Бангладеш, Египет, Маврики болон Нидерландын гадаад хэргийн сайд нар оролцож байна. Энэтхэг улс 2022 оны арванхоёрдугаар сарын 1-нээс хойш “Их 20” бүлгийг албан ёсоор даргалж байгаа билээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top