Цаг уурын байгууллагаас өнөөдөр буюу арваннэгдүгээр сарын 13-ны өдөр цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна.
Тодруулбал, Архангай, Булган, Орхон аймгийн нутаг, Хөвсгөл, Сэлэнгийн өмнөд хэсэг, Төв аймгийн хойд хэсэг болон Улаанбаатар хот орчмоор их хэмжээний цас орно.
Мөн баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар нойтон цас, цас орж, цасан шуурга шуурах бөгөөд ихэнх нутгаар хүйтэрнэ. Үүний улмаас зам, даваа, гүвээнд үзэгдэх орчин хязгаарлагдаж, халтиргаа гулгаа, мөстөлт үүсэх эрсдэлтэйг анхаарууллаа.
Өнөөдөр Ховд, Увс, Завханы зарим хэсэг, Хөвсгөл, Архангай, Булган, Сэлэнгэ, Төв аймгийн ихэнх нутаг, Өвөрхангайн хойд, Хэнтийн баруун сумдын нутгаар 0.2-9.0 мм нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй.
Салхи нутгийн хойд хагаст баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан, Идэр, Тэс, Заг-Байдраг голын эх, Эг, Үүр, Орхон голын хөндийгөөр -3...-8 градус, Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангайн уулархаг нутгаар -3...+2 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон Дарьгангын тал нутгаар +7...+12 градус, бусад нутгаар 0...+5 градус дулаан байна.
Улаанбаатар хот орчмоор: Үүлэрхэг, их цас орно. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. Агаарын температур өчигдрөөс 6 градусаар хүйтэрч, +1...+3 градус дулаан байна.
Багануур орчмоор: Үүлэрхэг, цас орно. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр, +1...+3 градус дулаан байна.
Тэрэлж орчмоор: Үүлэрхэг, их цас орно. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр, өчигдрөөс 8 градусаар хүйтэрч, 0...+2 градус дулаан байна.
Иймд малчид, иргэд, тээвэрчид цаг агаарын нөхцөл байдлыг харгалзан, хол замд гарахдаа болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Сэтгэгдэл ( 0 )