ЗОРИЛТ | Ядуурлын түвшинг 15% хүртэл бууруулна

Б.Сэцэн | Zindaa.mn
21 минутын өмнө

Монгол Улсын Засгийн газар 2030 он гэхэд ядуурлын түвшинг 15% хүртэл бууруулахаар зорьж байгааг Ерөнхий сайд Н.Учрал мэдэгдээд удаагүй байна. Одоогийн байдлаар ядуурлын түвшин 27% байгаа юм.

Ядуурлын түвшин өндөр байгаа нь эдийн засгийн өсөлт хүртээмжгүй байгааг илтгэнэ. Эдийн засаг уул уурхайн салбараас хамаарч өсдөг ч түүнээс бий болсон баялаг нь цөөн тооны ажлын байр бий болгодог. Уул уурхайн бус, хөдөлмөр их шингээдэг боловсруулах үйлдвэр, хөдөө аж ахуй, жижиг дунд бизнес сул хөгжсөн тул эдийн засгийн өсөлт жирийн иргэдэд хүрч чаддаггүй.

Хэдийгээр цалин, тэтгэвэр нэрлэсэн дүнгээр өсдөг ч хүнс, өргөн хэрэглээний бараа, орон сууцны үнийн өсөлт түүнээс хурдан байгаа. Үүний улмаас иргэдийн худалдан авах чадвар буурч, дундаж давхаргынхан ядуурлын шугам руу гулсах эрсдэлтэй. Түүнчлэн хөдөлмөрийн зах зээлийн гажуудал үүснэ. Ажилгүйдэл болон ажиллах хүчний хомстол бараг зэрэгцэж ирсэн. Нийгмийн халамжийн зохисгүй бодлго, татварын өндөр дарамт нь зарим бүлгийг хөдөлмөр эрхлэх сонирхолгүй болгож байгаа. Нөгөө талдаа боловсролын чанар зах зээлийн эрэлттэй нийцэхгүй байгаагаас залуус өндөр цалинтай ажилд орж чаддаггүй.

Ерөнхий сайд Н.Учралын хэлснээс харвал дээрх бүх хүчин зүйлийг дөрвөн жилийн дотор өргөс авсан юм шиг арилгаад улмаар ядуурлын түвшин буурах нь ээ.

Хөдөө орон нутагт ажлын байр, орлогын эх үүсвэр хомс, байгаль цаг уурын бэрхшээл өндөр байгаагаас шалтгаалан Улаанбаатар руу чиглэх хөдөлгөөн тасрахгүй байна. Гэвч хотод ирээд тогтвортой ажлын байр, чанартай боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээнд хамрагдаж чадахгүй байгаа нь гэр хорооллын ядуурлыг улам бүр нэмэгдүүлдэг.

Төсвийн үрэлгэн зардал, сонгуулийн мөчлөг дагасан бэлэн мөнгөний амлалт, халамжийн хавтгайрал нь урт хугацааны хөгжлийн хөрөнгө оруулалтыг боомилж, эдийн засгийг улам эмзэг болгдог. Мөн зээлийн хүү өндөр байгаа нь иргэд жижиг бизнес эрхлэгчдэд өөрийгөө санхүүжүүлж, орлогоо өсгөх боломжийг хязгаарлаж байна.

Ерөнхий сайд Н.Учралын хэлснээс харвал дээрх бүх хүчин зүйлийг дөрвөн жилийн дотор өргөс авсан юм шиг арилгаад улмаар ядуурлын түвшин буурах нь ээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top