
Олон улсын хөдөлмөрийн байгууллага болон БНСУ-ын хамтын ажиллагааны хөтөлбөрийн (I-KORP) 2024-2026 оны Ази, Номхон далайн бүсийн форум Тайландын Вант Улсын нийслэл Бангкок хотноо энэ сарын 11-14-ний өдрүүдэд болж байна
Ази, Номхон далайн бүс нутагт зохистой болон хүртээмжтэй хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилготой тус форумыг "Үр дүнгээс дараагийн мөчлөг хүртэл: Хиймэл оюун ухааны эрин үе дэх дижитал шилжилт ба хүний нөөцийн чадавхыг хөгжүүлэх" сэдвийн дор зохион байгуулж байгаа юм. Арга хэмжээний хүрээнд нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлж, цаашдын хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэлийг тодорхойлох аж.

Форумд I-KORP төслийн багууд, ОУХБ болон төсөл хэрэгжүүлэгч Монгол, Камбож, Вьетнам, Филиппин, Тайланд улсын холбогдох яам, агентлаг, гурван талт түншлэгч байгууллагуудын төлөөлөл оролцож байна. Мөн БНСУ-ын Хөдөлмөр, хөдөлмөр эрхлэлтийн яам, тус улсын түнш байгууллагууд (KOREATECH, KORO, KLES, KRIVET), ОУХБ-ын Олон улсын сургалтын төв (ITCILO), төсөлд хамрагдсан залуу ажилтан, ажил олгогчдын төлөөлөл болон хамтын ажиллагааг сонирхогч бусад улс орны төлөөлөгчид урилгаар оролцож байна.

Чуулганы эхний өдөр БНСУ, Филиппин, Тайланд улсын төлөөлөгчид төслийн үр дүн, сайн туршлага, сургамжаа хуваалцаж байна. Түүнчлэн "Хүний нөөцийн чадавхыг хөгжүүлэх болон дижитал сургалтын систем дэх инновац", "Дижитал болон ногоон ур чадварыг хөгжүүлэх явц ба сорилтууд", "Хос шилжилтэд шаардлагатай ур чадвар: Ази, Номхон далайн бүс нутаг дахь дижитал болон ногоон өөрчлөлтийг даван туулах нь", "Дижитал эрин үе дэх залуучуудын хөдөлмөр эрхлэлт ба чадавхжуулалт, шударга шилжилт" зэрэг сэдвээр илтгэл хэлэлцүүлж байгаа юм.
Харин форумын хоёр дахь өдөр буюу маргааш Монгол, Вьетнам улсын төлөөлөгчид төслийн хэрэгжилтийн үр дүн, ач холбогдлыг танилцуулж, хөтөлбөрийн цаашдын тэргүүлэх чиглэл, сайжруулалтыг хамтран тодорхойлно.

Сэтгэгдэл ( 0 )