Нөөцийн мах бэлтгэх тогтолцоог шинэчилж, 10.8 мян.тн мах нөөцлөх боломж бүрдээд байна

9 минутын өмнө

Нөөцийн мах бэлтгэх тогтолцоог шинэчилж, одоогийн байдлаар 10.8 мянган тонн мах нөөцлөх боломж бүрдээд байна

Өнгөрсөн хавар зарим аж ахуйн нэгж махыг орон нутгаас бус захаас бөөндөн авсан, бэлтгэсэн махаа зах зээлд бүрэн нийлүүлээгүй зэрэг алдаа гарсныг давтахгүйн тулд нөөцийн мах бэлтгэн нийлүүлэх тогтолцоог үндсээр нь шинэчилж буйг Ерөнхий сайд Н.Учрал тэмдэглэлээ. Засгийн газрын тогтоолоор 2027 оны хаврын хэрэгцээнд зориулж нийслэлд 15–20 мянган тонн мах нөөцлөхөөр шийдвэрлэсэн бөгөөд санхүүжилтийг гурван эх үүсвэрээр шийдвэрлэж байна.

Тодруулбал, арилжааны банкны хөнгөлөлттэй эх үүсвэрээр 13 аж ахуйн нэгжид 86.7 тэрбум төгрөгийн санхүүжилт батлагдаж, 4,422.9 тонн мах бэлтгэх гэрээ байгуулсан бол өөрийн хөрөнгөөр 4 аж ахуйн нэгж 1,580.0 тонн мах бэлтгэх гэрээ байгуулсан. Ийнхүү нийт 17 аж ахуйн нэгж 6,002.9 тонн мах бэлтгэхээр ажиллаж байгаагаас одоогоор 3,091.0 тонныг агуулахад татан төвлөрүүлж, зээлийн гэрээт үүргийн гүйцэтгэл 69.8 хувьтай үргэлжилж байна. Өнөөдөр мах бэлтгэж буй “Дөмөг хүнс” ХХК-ийн агуулахад очиход гэрээнд заасан 510.2 тонн махыг татан төвлөрүүлээд бүрдэж байлаа. Түүнчлэн бондын эх үүсвэрээр 6 аж ахуйн нэгж 4,800.0 тонн мах бэлтгэх хүсэлт Нийслэлд ирүүлсэн. Ингэснээр өнөөдрийн байдлаар нийт 10,802.9 тонн нөөцийн мах бүрдүүлэх боломж бүрдээд байна.

Нөөцийн мах бэлтгэх, хадгалах, түгээх, борлуулах үйл ажиллагааг нэгдсэн цахим системээр бүртгэлжүүлж, олон нийтэд ил тод мэдээлэх зорилгоор бэлтгэн нийлүүлэгчдийн мах худалдан авах цэгийн байршлын мэдээллийг dashboard.gov.mn системийн “Махны нөөц” хэсэг болон “E-Barimt” аппликейшнээр дамжуулан хүргэж байна.

Ерөнхий сайд Н.Учрал нөөцийн махыг цаг алдалгүй бэлтгэх, арилжааны банкуудын хөнгөлөлттэй эх үүсвэрээр дэмжих, түгээлт болон борлуулалтын шат дамжлага бүрийг ил тод, хатуу хяналттай зохион байгуулахыг салбарын сайд болон аймаг, нийслэлийн Засаг даргад үүрэг болгосон. Мөн махны борлуулалтын цэгүүдийг иргэдэд ойр, хүртээмжтэй байршуулахад анхаарч ажиллахыг даалгав.

Түүнчлэн аймаг, орон нутгийн удирдлагууд өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд орон нутгийнхаа нөөцийн махыг цаг алдалгүй бүрдүүлж, иргэдийг хямд, чанартай хүнсээр тасралтгүй хангах үүргээ бүрэн биелүүлж ажиллах шаардлагатайг сануулав.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top