Монголын мах, ноос, ноолуурыг Орос руу экспортлох боломжууд

Я.Болор | Zindaa.mn
42 минутын өмнө

Орос, Монголын харилцан худалдааны эргэлт коронавирусын цар тахлын үеэр бага зэрэг буурсан хэдий ч сүүлийн жилүүдэд тогтвортой өсөж байна. 2023 онд худалдааны хэмжээ 2.5 тэрбум ам.долларт хүрсэн бол 2024, 2025 онуудад 2.7-2.8 тэрбум ам.долларын хооронд хэлбэлзэж байв. Энэ оны дүнгээр бид 3 тэрбум ам.долларын босгыг давж, түүхэн шинэ дээд амжилт тогтооно гэж найдаж байна гэж ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин Сайд А.Н.Евсиков "ОРОС-МОНГОЛЫН ДИПЛОМАТ ХАРИЛЦАА ТОГТООСНЫ 105 ЖИЛИЙН ОЙ"-г тохиолдуулсан хийсэн ярилцлагадаа онцолжээ. 

Хоёр талын худалдааны бүтэц нь Монголын зах зээлийн бодит хэрэгцээ, шаардлагад тулгуурлан бүрдэж байгаа юм. Монгол Улсад нийлүүлж буй Оросын экспортын 70 гаруй хувийг газрын тосны бүтээгдэхүүн эзэлдэг бол үлдсэн хэсгийн үлэмж хувийг Монголын эдийн засагт амин чухал цахилгаан эрчим хүч, азотын бордоо, мөн улаан буудайн үр, баяжуулсан гурил, тахианы өндөг зэрэг хүнсний үндсэн бүтээгдэхүүн бүрдүүлж байна.

Монголын зарим төлөөлөгчид энэхүү нөхцөл байдлыг "Монгол Улс Оросоос эдийн засгийн хувьд хамааралтай" хэмээн зохиомлоор тайлбарлаж, худалдааны тэнцвэргүй байдал нь хүлээн зөвшөөршгүй зүйл болохыг онцолдог. Худалдааны тэнцвэргүй байдал үнэхээр их байгаа бөгөөд хоёр талын худалдаан дахь Оросын экспорт Монголынхоос даруй 50 дахин их байна. Гэхдээ үнэнийг хэлэхэд, ийм дүр зураг танай улсын өндөр хөгжилтэй бусад орнуудтай хийж буй худалдаанд ч ажиглагддаг. Гагцхан Хятадтай хийж буй худалдаа л өөр нөхцөлтэй бөгөөд тус улс нь Монголын уул уурхайн бүтээгдэхүүний цорын ганц, монополь худалдан авагч юм. Энэхүү уул уурхайн бүтээгдэхүүнээс зөвхөн нүүрс, зэсийн баяжмал л гэхэд Монгол Улсын нийт экспортын 80 хувийг эзэлж байна.

Би Монголын гадаад худалдааны энэ оны эхний есөн сарын статистик мэдээллийг харсан. Монгол Улс 5.9 тэрбум ам.долларын өртөгтэй нүүрс, 7 тэрбум ам.долларын өртөгтэй зэсийн баяжмал борлуулсан байна. Харин танай улсын түүхий эдийн бус экспортын нийт хэмжээ ердөө 776 сая ам.доллар байгаа бөгөөд энэ нь Хятадаас бусад улс орнууд руу, тэр дундаа ОХУ руу хийж буй нийлүүлэлтийн үндэс суурь болдог. Монгол Улс түүхий эдийн бус экспортын хязгаарлагдмал хүчин чадалтай учраас худалдааны тэнцвэргүй байдлыг даван туулах боломж хомс байгаа нь илэрхий байна.

Ташрамд хэлэхэд, Монгол Улс бензин, дизель түлш, нисэх онгоцны түлш болон аммонийн нитратын импортоо солонгоруулахад бид хэзээ ч саад болж байгаагүй, цаашид ч саад болохгүй. Гэхдээ Оросын Холбооны Улсаас санал болгож буй таатай нөхцөл, үнийн саналыг монголчууд өөр хаанаас ч олохгүй гэдгийг шударгаар хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болов уу.

Оростой хийж буй худалдааны тэнцвэргүй байдлыг тууштай бууруулахын тулд Евразийн эдийн засгийн холбоо (ЕАЭЗХ) болон Монгол Улс хоорондын Худалдааны түр хэлэлцээрийн нөөц боломжийг бүрэн дүүрэн дайчлах нь чухал гэж би үзэж байна. Энэхүү ажлын хүрээнд гааль, техникийн зохицуулалт, мал эмнэлэг, ариун цэвэр, хорио цээрийн арга хэмжээ, цахим худалдаа зэрэг тарифын бус хязгаарлалтыг даван туулах асуудал хариуцсан мэргэжилтнүүдийн яриа хэлэлцээг идэвхжүүлэх шаардлагатай. Хэрэв Монголын үйлдвэрлэгчид хүлээлтээ зохиомлоор хэт хөөсрүүлж, төр засгийн эрх бүхий байгууллагууд болон мэргэжлийн холбоод нь дэндүү хойрог ажилласаар байвал тус хэлэлцээр үр дүнгээ өгч чадахгүйд хүрнэ. Хэлэлцээр хэрэгжиж эхэлсэн эхний саруудын дүр зураг ч анхаарал татаж байна. Монголын статистик мэдээгээр татваргүй дэглэмийн хүрээнд ЕАЭЗХ-ны орнуудаас Монгол Улсад 16 сая ам.долларын бараа оруулж ирсэн бол Монголоос ЕАЭЗХ руу ердөө 2.6 сая ам.долларын өртөгтэй бараа бүтээгдэхүүн экспортолсон байна.

Хамгийн тулгамдсан асуудлуудын нэг бол Монголын мах олон улсын мал эмнэлгийн шаардлагыг албан ёсоор хангаж чадахгүй байгаа явдал бөгөөд чухамхүү энэ нь Монгол Улс Дэлхийн малын эрүүл мэндийн байгууллагад таагүй статустай байгаа нь үүнтэй шууд холбоотой юм. Тус салбарын нөхцөл байдал үнэхээр төвөгтэй юм. Монголын статистик мэдээллээс үзвэл, энэ оны эхний есөн сард илэрсэн малын аюултай өвчний тохиолдол өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 4.4 дахин их байна. Монголын мэргэжлийн байгууллагууд асуудлыг ойлгож, арга хэмжээ авч байгааг би мэдэж байна. Оросын Холбооны Улс энэ асуудлыг шийдвэрлэхэд нь туслахад бэлэн байгаа, учир нь Монголоос мах, махан бүтээгдэхүүний худалдан авалтаа эрс нэмэгдүүлэх хүсэлтэй байна.

Түүнээс гадна, бид гадаад хүчин зүйл, талуудаас хамааралгүй тогтвортой төлбөр тооцооны механизмыг бий болгох асуудлыг шийдвэрлэх ёстой. Өдгөө хоёр талын худалдаа, тэр дундаа Оросын газрын тосны бүтээгдэхүүн, цахилгаан эрчим хүч, эмнэлгийн хэрэгсэл, хүнсний бүтээгдэхүүн зэргийн төлбөрийг манай монгол түншүүд АНУ-ын зуучлагч бангуудаар дамжуулан гүйцэтгэж байгаа бөгөөд энэ нь АНУ-ын Сангийн яамны үзэмжээс бүрэн хамааралтай байна. Бид монгол түншүүддээ Монгол Улсын банкны тогтолцоонд нэмэлт эрсдэл үүсгэхгүйгээр санхүүгийн төлбөр тооцоог саадгүй гүйцэтгэх тодорхой хувилбаруудыг улс төрийн бүх түвшинд санал болгоод байгаа.

Гол зорилго нь хоёр улсын бизнес эрхлэгчид болон жуулчдад хилээр чөлөөтэй мөнгө гаргах, хууль ёсны дагуу мөнгө шилжүүлэх, төлбөр тооцоо хийх, дэлгүүр, зоогийн газарт картаар үйлчлүүлэх боломжийг бүрдүүлэх явдал билээ.

Ажил хэргийн уулзалт, арга хэмжээнүүдийг эрчимжүүлэх нь мөн адил чухал юм. Бид өөрийн зүгээс есдүгээр сард Улаанбаатар хотноо Орос, Монголын бүс нутгийн хоёрдугаар форумын хүрээнд Оросын бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн болон ОХУ-ын Хөдөө аж ахуйн яамны «Агроэкспорт» төвийн бизнес уулзалт зэрэг цуврал арга хэмжээнүүдийг амжилттай зохион байгуулсан. Иймэрхүү арга хэмжээнүүд бизнес эрхлэгчдийн хооронд шууд холбоо тогтоох, Евразийн эдийн засгийн холбооны гишүүн орон болох Оросын Холбооны Улсад мөрдөгдөж буй чанарын стандартын талаар нэгдсэн ойлголтод хүрэхэд тусалдаг.

Монголчууд Орост өөрсдийн борлуулалтын сүлжээгээ байгуулж амжих хүртэл лаазалсан мах, уламжлалт сүүн бүтээгдэхүүн, чацаргана, зэрлэг жимсгэнээр хийсэн хүнсний болон гоо сайхны бүтээгдэхүүн зэрэг Оросын зах зээлд эрэлт хэрэгцээтэй болох төлөвтэй Монголын бараа бүтээгдэхүүнийг нийлүүлэн түгээхдээ Оросын компаниудын борлуулалт, логистикийн сувгуудыг ашиглаж болно гэж би найдаж байна.

Монгол Улсад Оросын хэрэглэгчдийн сонирхлыг татах зүйл их бий, гагцхүү давуу талуудаа зөв харуулж, бараа бүтээгдэхүүнээ сайн сурталчлах хэрэгтэй байна. Монголын ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэгч тэргүүлэх компаниуд Оросын зах зээлд хүчээ нэгтгэн орохоор төлөвлөж байгаа гэж сонссон.

Үүнийг бүх талаар сайшаан дэмжих хэрэгтэй! Мах болон хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид ч мөн адил санаачилга гаргаж, Москва хотноо болох олон улсын томоохон "Продэкспо" үзэсгэлэнгийн (2027 оны 3-р сарын 1-4) хүрээнд "Монголд үйлдвэрлэв" нэртэй нэгдсэн том асрыг зохион байгуулах нь зүйтэй гэж үзэж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top