Улаанбаатар хот дахь Русский дом 50 жилийн ойгоо тэмдэглэлээ

Я.Болор | Zindaa.mn
56 минутын өмнө

Монгол, Оросын найрамдал, боловсрол, урлаг, соёлын харилцаа, хамтын ажиллагааны чухал төв болсоор ирсэн Улаанбаатар хот дахь Русский Дом буюу Оросын шинжлэх ухаан, соёлын төвийн үүсгэн байгуулагдсаны 50 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн арга хэмжээ ёслол төгөлдөр болж өнгөрлөө.

Ойн арга хэмжээний хүрээнд тус төвийн үүсэл хөгжил, түүхэн замнал, онцлох үйл явдлуудыг харуулсан «Зөвлөлтийн шинжлэх ухаан, соёлын ордон – Оросын шинжлэх ухаан, соёлын төв – Улаанбаатар дахь Русский Дом» гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлт болов.

Үзэсгэлэнд дэлгэсэн архивын гэрэл зургууд нь тус төвийн байгуулагдсан түүх, хөгжлийн үе шат, онцлох уулзалт, арга хэмжээнүүд төдийгүй өнгөрсөн тавин жилийн хугацаанд Монгол, Оросын соёлын харилцааг бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан хүмүүсийн түүхийг өгүүлж байв.

Тус төвийн түүх 1976 оны нэгдүгээр сарын 14-ний өдрөөс эхтэй. Энэ өдөр Улаанбаатар хотноо Зөвлөлтийн шинжлэх ухаан, соёлын ордны нээлтийн ёслол болж, БНМАУ-ын нам, төрийн удирдагч Юмжаагийн Цэдэнбал, ЗХУ-ын Сайд нарын Зөвлөлийн орлогч дарга Игнатий Трофимович Новиков болон хоёр улсын нам, төр, засгийн газрын өндөр албан тушаалтнууд оролцжээ.

Нээлтийн ёслолын үеэр Юмжаагийн Цэдэнбал Хүндэт зочдын дэвтэрт анхны дурсгалын бичээсийг үлдээж, шинээр байгуулагдсан соёлын ордныг хоёр ард түмний бат бэх найрамдал, ахан дүүсийн харилцааны тод илэрхийлэл хэмээн онцлон тэмдэглэсэн байдаг. Тэрбээр:«Энэхүү Зөвлөлтийн шинжлэх ухаан, соёлын ордон бол Монгол, Зөвлөлтийн найрамдал, ахан дүүсийн харилцааны арвин их үр шимийг тод харуулсан гэрч мөн. Энэхүү үнэт бэлгийг бэлэглэсэн Зөвлөлтийн ахан дүүстээ чин сэтгэлийн талархал илэрхийлье» хэмээн бичиж үлдээжээ.

Хагас зуун жилийн дараа ч эдгээр үгсийн утга учир, үнэ цэн хэвээр байна. Цаг үе солигдож, байгууллагын нэр өөрчлөгдсөн ч Русский Дом нь түүхэн залгамжаа хадгалан, соёл, боловсрол, урлаг, уран бүтээлийн уулзвар болсон орон зай хэвээр байж, Монгол, Оросын харилцаа, хамтын ажиллагааны хөгжилд хувь нэмрээ оруулсаар ирсэн билээ.

Ойн баярын хөтөлбөр Красноярск хотын үлээвэр хөгжмийн найрал хөгжим болон Монгол Улсын Дуурь бүжгийн эрдмийн театрын гоцлол дуучдын оролцсон хүндэтгэлийн тоглолтоор үргэлжиллээ.

Түүнчлэн Монгол Улсын Консерваторийн дэмжлэгтэйгээр Русский Домын дэргэдэх уран бүтээлийн хамтлагууд тоглолтод оролцож, уран бүтээлээ толилуулав.

Хөгжим, урлаг нь уран бүтээлчид болон үзэгчдийг нэгэн дор нэгтгэж, урлаг бол улс үндэстнүүдийн соёлын харилцан ойлголцлыг илэрхийлэх хамгийн чин сэтгэлийн, нийтлэг хэл болохыг дахин харууллаа.

ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны зөвлөх-элчин Андрей Ивахин баярын арга хэмжээнд хэлсэн үгэндээ Русский Домын үнэ цэн нь зөвхөн боловсрол эзэмших боломж, соёлын арга хэмжээгээр хязгаарлагдахгүй, харин тус байгууллагатай ажил, амьдрал, хувь заяагаараа холбогдсон хүмүүсийн түүх, дурсамжид оршдог болохыг онцоллоо.

Өнгөрсөн олон арван жилийн хугацаанд Монголын хэд хэдэн үеийн иргэд тус төвийн дугуйлан, сургалт, концерт, уулзалт, арга хэмжээгээр дамжуулан Оросын соёлтой танилцаж, шинэ мэдлэг, мэргэжлийн ур чадвар эзэмшин, амьдралын зорилго, чиг баримжаагаа тодорхойлж, авьяас чадвараа нээн хөгжүүлж ирснийг онцлон тэмдэглэв. Мөн Русский Дом нь хүмүүсийг нэгтгэж, найрамдал нөхөрлөлийг бэхжүүлэн, хойч үеийг хүмүүжүүлэн төлөвшүүлэхэд чухал ач холбогдолтой үнэт зүйлсийг хадгалж, үеэс үед өвлүүлэн уламжилдаг нэгэн төрлийн бат цайз болсон хэмээн тодорхойлов.

«Монгол–Орос» найрамдлын нийгэмлэгийн ерөнхийлөгч, Монгол Улс болон ЗХУ-ын баатар, сансрын нисгэгч Жүгдэрдэмидийн Гүррагчаа тус төвийн хамт олон, зочид төлөөлөгчдөд 50 жилийн ойн баярын мэнд хүргэж, хүүхэд, залуучуудын боловсрол, хүмүүжил, авьяас чадварыг хөгжүүлэхэд Русский Домын гүйцэтгэсэн үүргийг онцлон тэмдэглэв.

Тэрбээр тус төвд ирээдүйн бүжигчид, дуучид, хөгжимчид, шатарчид болон бусад олон салбарын мэргэжилтнүүд суралцаж, авьяас чадвараа хөгжүүлж байсныг дурслаа. Мөн тус ордны тайзнаа ЗХУ болон түүний бүрэлдэхүүнд байсан бүгд найрамдах улсууд, улмаар ОХУ-ын нэрт уран бүтээлчид тоглолтоо толилуулж ирснийг онцолсон юм.

Ж.Гүррагчаа Русский Домтой өнгөрүүлсэн өөрийн дурсамж, тэр дундаа Монгол, Зөвлөлтийн сансар судлалын хамтын ажиллагааны түүхтэй холбоотой чухал уулзалт, арга хэмжээнүүдийн талаар дурдав.

Тэрбээр үгийнхээ төгсгөлд Русский Домын олон жилийн үр бүтээлтэй үйл ажиллагаанд талархал илэрхийлж, цаашдын ажил үйлсэд нь өндөр амжилт хүсэв.

Монгол дахь Россотрудничество агентлагийн төлөөлөгчийн газрын тэргүүн Алина Анисимова энэхүү түүхэн, тэмдэглэлт өдөр албан үүргээ хүлээн авч, Русский Домд ажиллах болсноо нэр төрийн хэрэг төдийгүй өндөр хариуцлага хэмээн тодорхойллоо.

Тэрбээр тус төвийн олон жилийн турш бүрэлдэн тогтсон сайхан уламжлалыг үргэлжлүүлэхийн зэрэгцээ шинэ төсөл, санаачилгуудыг хэрэгжүүлж, улам олон хүнд Оросын соёлтой танилцах, уулзаж ярилцах, харилцан ойлголцох, хамтын сонирхол, үнэт зүйлсээ нээн илрүүлэх боломжийг бүрдүүлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв. Мөн Алина Анисимова Монгол, Оросын ард түмэн уламжлал, үндэсний өв соёлоо эрхэмлэн дээдэлж, хадгалан хамгаалах нийтлэг үнэт зүйлстэй болохыг онцлон тэмдэглэлээ.

Түүний хэлснээр, энэхүү хамтын эрмэлзэл нь хоёр ард түмний цаашдын дотносох, харилцан ойлголцол, хамтын ажиллагааг улам бэхжүүлэх бат бөх үндэс суурь болж байна.

Русский Домын тавин жилийн түүх бол зөвхөн тэмдэглэлт ой, архивын гэрэл зураг, баярын тоглолтын түүх биш юм. Энэ бол хэд хэдэн үеийн хүмүүсийн ажил, амьдрал, мянга мянган уулзалт, боловсрол, соёл, урлагийн олон талт санаачилга, найрамдал нөхөрлөлийн хэлхээ холбоо, өнөөдөр ч үргэлжилсээр буй хүний амьдралын нандин түүхүүдийн цогц билээ.

50 жилийн ойн баярын арга хэмжээ нь 1976 онд Зөвлөлтийн шинжлэх ухаан, соёлын ордон нэртэйгээр байгуулагдаж, хожим Оросын шинжлэх ухаан, соёлын төв, өнөөдөр Улаанбаатар хот дахь Русский Дом хэмээн нэрлэгдэх болсон тус байгууллага үндсэн эрхэм зорилгоо тууштай хэрэгжүүлсээр ирснийг дахин санууллаа.

Монгол, Оросын найрамдал, хамтын ажиллагааг бэхжүүлэх, залуу үеийнхэнд шинэ боломж нээх, соёлоор дамжуулан харилцан ойлголцол, итгэлцлийг гүнзгийрүүлэх нь Русский Домын эрхэм зорилго байсаар ирсэн бөгөөд цаашид ч хэвээр байх болно.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top