ОХУ-ын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн экспортлогчид бизнес айлчлал хийж байна

Я.Болор | Zindaa.mn
18 минутын өмнө

ОХУ-ын хөдөө аж ахуйн салбарын бүтээгдэхүүн экспортлогч компаниудын Монгол Улсад хийх бизнесийн айлчлал есдүгээр сарын 9-нөөс Улаанбаатар хотноо эхэллээ.

Энэхүү айлчлалыг Холбооны түвшний «Агроэкспорт» төв ОХУ-ын Хөдөө аж ахуйн яамтай хамтран Монгол Улс дахь ОХУ-ын Худалдааны төлөөлөгчийн газрын дэмжлэгтэйгээр зохион байгуулж байгаа юм.

ОХУ-ын талаас тус бизнесийн төлөөлөгчдийн уулзалтад үр тариа, өөх тос, мах, сүү, сүүн бүтээгдэхүүн, загас, загасан бүтээгдэхүүн нийлүүлэгч, мөн чихэр, нарийн боов, архи, шар айраг болон ундаа, мал, амьтны тэжээл, бордоо үйлдвэрлэгч 40 гаруй компани оролцож байна. Монголын талаас 50 гаруй импортлогч, дистрибьютер, боловсруулах үйлдвэр, нийтийн хоолны байгууллага, салбарын холбоод болон төрийн байгууллагын төлөөлөл оролцож байна.

Бизнесийн уулзалтын нээлтийн ёслолын үеэр ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Алексей Евсиков оролцогчдод хандан мэндчилгээ дэвшүүллээ. Тэрбээр энэхүү арга хэмжээ нь хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны түүхт 105 жилийн ой тохиож буй болон Евразийн эдийн засгийн холбоо (ЕАЭХ) болон Монгол Улсын хооронд байгуулсан Худалдааны түр хэлэлцээр долоодугаар сарын 22-ноос хүчин төгөлдөр болсон жилд зохион байгуулагдаж байгааг онцлоод “ОХУ-ын Хөдөө аж ахуйн яамны дэргэдэх Холбооны улсын төсвийн байгууллага “Агроэкспорт” тэргүүтэй Оросын байгууллагуудын хүчин чармайлтын үр дүнд эдгээр өдрүүдэд ОХУ-ын хөдөө аж ахуйн салбарын тэргүүлэх аж ахуйн нэгжүүдийг оролцуулсан 40 гаруй компанийн төлөөлөл Улаанбаатар хотод хүрэлцэн ирээд байна. Энэхүү боломжийг ашиглан худалдааны гэрээ хэлэлцээр байгуулах, наад зах нь Монголын талтай нягт, тогтвортой бизнесийн харилцаа тогтооно гэдэгт итгэлтэй байна. Энэ нь ЕАЭХ-ны гишүүн орны хувьд ОХУ-д мөрдөж буй өндөр чанарын стандартад тулгуурлан Монгол Улсад бизнесээ хөгжүүлэхэд дэмжлэг болно” хэмээлээ.

ЕАЭХ болон Монгол Улсын хооронд байгуулсан Худалдааны түр хэлэлцээр нь хоёр талын худалдаа-эдийн засгийн харилцааг шинэ түвшинд гаргахад чухал ач холбогдолтой болохыг Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Бодлого, төлөвлөлтийн газрын захирал, Хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааны ажлын хэсгийн Монголын талын дарга Цэндгомбын Болорчулуун тэмдэглэв. Уг хэлэлцээрээр 367 төрлийн барааны дэд ангиллын гаалийн татварыг бууруулах, эсвэл тэглэнэ хэмээн тусгасан бөгөөд тэдгээрийн дийлэнх нь хөдөө аж ахуйн салбарын бүтээгдэхүүнд хамаарч байгаа юм.

“Улс хоорондын түвшинд бий болгосон боломжийг бодит ажил хэрэг болгох, Монгол, Оросын бизнес эрхлэгчдийн хоорондын шууд харилцаа холбоог өргөжүүлэх, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг зах зээлд таниулах, борлуулалтыг дэмжих чиглэлээр хөрөнгө оруулалтын форум, үзэсгэлэн худалдаа, худалдааны арга хэмжээ, B2B уулзалтуудыг тогтмол зохион байгуулах, мөн экспортлогчдыг холбогдох зах зээлийн талаарх цаг үеийн мэдээллээр хангах шаардлагатай. Өнөөдрийн уулзалтууд шинэ түншлэл, шинэ гэрээ хэлэлцээр, шинэ хөрөнгө оруулалтын төслүүдийн эхлэлийг тавина гэдэгт итгэлтэй байна” хэмээн тэрбээр онцлон тэмдэглэв.

2026 оны эхний долоон сарын байдлаар Орос, Монголын хоорондын хөдөө аж ахуйн салбарын бүтээгдэхүүний худалдааны эргэлт 27 хувиар өсөж, ОХУ-ын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний экспорт 30 хувиар нэмэгдэн, 167 сая ам.долларт хүрсэн талаар “Агроэкспорт” төвийн тэргүүн Илья Ильюшин бизнесийн төлөөлөгчдийн уулзалтын нээлтийн үеэр хэлсэн үгэндээ дурдаад “Хоёр талын худалдаа идэвхтэй хөгжиж байгаа хэдий ч бид цаашид ч худалдааны хэмжээг нэмэгдүүлэхэд бэлэн байна” гээд үүний тулд Орос, Монголын бизнесийн хүрээнийхний хамтын ажиллагааг илүү эрчимтэй хөгжүүлэх шаардлагатай бөгөөд энэ удаагийн бизнесийн төлөөлөгчдийн уулзалт шинэ, найдвартай түншээ олоход тусална гэдэгт итгэлтэй байгаа гэсэн юм.

Түүнчлэн “Агроэкспорт” төвийн тэргүүн ОХУ бэлэн бүтээгдэхүүн, мах, сүүн бүтээгдэхүүн, чихрийн манжингийн бүтээгдэхүүн, түүнчлэн үр, ургамал хамгааллын бодис, вакцин зэрэг хөдөө аж ахуйн технологийг Монгол Улсад илүү өргөн хүрээнд нийлүүлэх боломжтой гэдгийг тэмдэглэв. Мөн хөдөө аж ахуйн боловсролын салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэх өргөн боломж байгааг ч онцолсон.

“Монгол Улсад хөдөө аж ахуй, хүнсний үйлдвэрлэл нь хөгжлийн тэргүүлэх чиглэлүүдийн нэг бөгөөд үүний зэрэгцээ хоёр талын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх ихээхэн нөөц боломжтой салбар юм. Хүнсний аюулгүй байдал, нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хангах, боловсруулах үйлдвэрлэлийг хөгжүүлэх, түүнчлэн мал аж ахуй, газар тариалангийн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх нь бидний хувьд онцгой ач холбогдолтой.

Өнөөдөр бизнес эрхлэгчдэд шууд харилцаа холбоо тогтоох, бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулах, шинэ түншүүдээ олох, цаашдын хамтын ажиллагааны тодорхой чиглэлүүдийг тодорхойлох боломж бүрдэж байна” хэмээн Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч бөгөөд Удирдах зөвлөлийн дарга Баатаржавын Лхагважав итгэл дүүрэн хэлэв.

Мөн энэ үеэр Монгол Улсын Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн хөгжлийн агентлагийн дарга Ядамсүрэнгийн Эрдэнэсайхан “Энэ удаагийн “Агроэкспорт” бизнесийн төлөөлөгчдийн айлчлал нь бидэнд зөвхөн үзэсгэлэнгийн талбай, B2B уулзалт хийх боломж олгоод зогсохгүй илүү өргөн боломжийг нээж байна. Энэхүү арга хэмжээ нь олон улсын түншлэл тогтоох замыг нээж, худалдааг цаашид хөгжүүлэх, хэрэглэгчдийн чиг хандлагыг илүү гүнзгий ойлгох платформоор хангахаас гадна хүнсний үйлдвэрлэлийн салбарт тогтвортой, инновацлаг шийдлүүдийг танилцуулах боломж бүрдүүлж байна.

Бизнесийн төлөөлөгчдийн уулзалтад оролцогчдодоо бат бөх харилцаа холбоо тогтоож, мэдлэг, туршлагаа харилцан солилцон, хамтран хөгжихийг хүсэн ерөөе” хэмээсэн.

Бизнесийн төлөөлөгчдийн уулзалтын нээлтийн ёслолд Монгол Улс дахь ОХУ-ын Худалдааны төлөөлөгч Максим Васильев, Эрхүү муж болон Бүгд Найрамдах Буриад Улс дахь ОХУ-ын Мал эмнэлэг, ургамлын хорио цээрийн холбооны түвшиний хяналтын албаны газрын орлогч дарга Ольга Иванова нар оролцсон.

Монгол Улсад зохион байгуулж буй бизнесийн төлөөлөгчдийн айлчлал есдүгээр сарын 11-нийг хүртэл үргэлжлэх бөгөөд 9-10-ны өдрүүдэд Орос, Монголын компаниудын хооронд зорилтот B2B уулзалт 300 гаруйг зохион байгуулахаар төлөвлөжээ. Гурав дахь өдөр нь уламжлал ёсоор үйлдвэрлэл, худалдааны объектуудтай танилцаж, тухайн газар дээр нь бизнесийн хэлэлцээ хийнэ. Түүнчлэн “Агроэкспорт” төвийн тэргүүн Илья Ильюшин Монголын талын холбогдох байгууллага, түншүүдтэй хэд хэдэн ажлын уулзалт хийх юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top