
Халхын голын ялалтын тухай ярихдаа бид есдүгээр сарын ялалтын өдөр, энхийн хэлэлцээрийг онцлон тэмдэглэх нь түгээмэл байдаг. Гэвч түүхэн үйл явцын өрнөлийг авч үзвэл Монголын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдалд нөлөөлсөн олон чухал шийдвэр үүнээс өмнөх буюу 1939 оны зургаа, долоодугаар сард гарсан байдаг.

Тухайн үед Европ тивд дайн дэгдэхийн өмнөх улс төрийн ээдрээтэй нөхцөл байдал бүрэлдэж байсан бол Зүүн хойд Азид Зөвлөлт Холбоот Улс, Монгол Улс, Япон болон Манж-го улсын ашиг сонирхол огтлолцсон хурцадмал байдал үүсээд байв. Ийм нөхцөлд Монгол Улс өөрийн аюулгүй байдлыг хангахын тулд цэрэг, төрийн байгууллагын бүх нөөц бололцоогоо дайчлан ажиллаж байлаа.
Халхын голын дайнд өсвөр насны 16 охин фронтод явсан баатарлаг түүх бий

Монголын хүүхэд залуус Халхын голын дайн (1939)-ий тухай ерөнхий ойлголттой байдаг ч сүүлийн үеийн судалгаа, онцлох түүхэн баримтуудыг гүнзгийрүүлэн судлах нь багассан байдаг. Мөн түүхийн хичээл болон олон нийтийн мэдээллийн хэрэгслээр дамжуулан анхан шатны суурь мэдлэгийг авсан байдаг. Гэтэл Халхын голын түүхэнд дайны хүнд үед Дорнод аймгийн Баянзун сумаас 14-16 насны 16 охин сайн дураараа фронтод явж, шархадсан цэргүүдэд тусалж байсан баатарлаг түүх хүртэл бий. Тиймээс түүхийн энэхүү чухал үеийн талаар хүүхэд багачууд, орчин цагийн залууст Халх голын дайны амьд түүх буюу ахмад дайчдын дурсамжууд, энэхүү дайны үед монголчуудын оруулсан хувь нэмэр, дайны үйл явц, он цагийн дараалал зэргийг өнөө цагийн эрдэмтэн судлаачид, түүхчид өгүүлж байх нь чухал ач холбогдолтойг дурдах нь илүүц болов уу?
Олон улсын эрдэмтэд одоо ч Халх голын дайны түүхийг судалсаар л байна

Халхын голын дайны ялалтын түүхт ойн хүрээнд Монгол Улсын Батлан хамгаалах эрдэм шинжилгээний хүрээлэнгээс “Халхын голын дайны түүхийн судалгаа-өнөө үе” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурлыг жил бүр өргөн хүрээтэй зохион байгуулдаг. Энэхүү олон улсын эрдэм шинжилгээний хурал нь “Халхын голын дайны түүхийн судалгаа, өнөө үе” гэсэн сэдвийн хүрээнд олон чухал илтгэл хэлэлцүүлж, Монгол Улсын их, дээд, сургууль, хүрээлэнгүүдийн эрдэмтдээс гадна ОХУ-ын ШУА-ийн Сибирийн тасгийн Монгол, будда, түвд судлалын хүрээлэн, БНХАУ-ын Харбин хотын Нийгмийн шинжлэх ухааны хүрээлэнгийн Номун ханы дайны судалгааны газар, Япон улсын Үндэсний Батлан хамгаалахын хүрээлэнгийн эрдэмтэд урилгаар оролцдог.
Түүхийн судалгааны бүтээлүүдэд онцлон тусгагддаг, үйл явдлын тухай товч өгүүлье. Халх голын байлдаан 1939 оны тавдугаар сарын сүүлчээр эхэлж эцсийн шийдвэрлэх тулаан наймдугаар сарын сүүлчээр болж байсан түүхтэй. 1939 оны зургаадугаар сард Зөвлөлтийн цэргийн командлалын бүрэлдэхүүнд өөрчлөлт орж, Георгий Жуков фронтод томилогдон ирснээр байлдааны ажиллагааны төлөвлөлт шинэ шатанд гарсан гэж судлаачид үздэг. Монголын цэргийн удирдлагатай хамтран боловсруулсан ажиллагааны төлөвлөгөө нь хожмын сөрөг давшилтын үндэс болсон гэж үздэг.
Халх голын ялалт хамтарсан цэргийн зохион байгуулалтаар ирэв

Халхын голын байлдааны өмнөх саруудад Монгол, Зөвлөлтийн цэргийн удирдлагын хамтын ажиллагаа эрчимжсэн нь тухайн үеийн онцлог үзэгдлийн нэг байв. Зөвлөлтийн талаас армийн командлагч Григорий Штерн ажиллагааг зохицуулж байсан бол Монгол Ардын Хувьсгалт Цэргийн Хээрийн штабыг Жамсрангийн Цэрэн удирдаж байлаа. Цэргийн штабуудын үндсэн зорилго нь байлдааны төлөвлөлт, хангалт, холбоо, их бууны байрлал, маневрын зохион байгуулалтыг уялдуулах явдал байсан бөгөөд энэ нь хоёр улсын цэргийн байгууллагын харилцан ажиллагааны чадавхыг шинэ түвшинд хүргэсэн юм.
Хожмын ялалтад зөвхөн зэвсгийн хүч бус, удирдлагын зохион байгуулалт, төлөвлөлт, сахилга бат чухал нөлөө үзүүлснийг Халхын голын туршлага харуулдаг. Мөн нөгөөтэйгүүр, Халхын голын байлдаан Монголын Зэвсэгт хүчний хөгжлийн түүхэнд онцгой байр суурь эзэлдэг. Зөвлөлт Холбоот Улсын үзүүлсэн тусламж нь зөвхөн зэвсэг, техникээр хязгаарлагдаагүй бөгөөд орчин үеийн штабын тогтолцоо, цэргийн сургалт, удирдлагын арга барилыг төлөвшүүлэхэд чухал нөлөө үзүүлсэн байдаг.
Халхын гол-ахмад дайчдын дурсамжууд
Жамсрангийн Цэрэн, Лхагвасүрэн, Георгий Жуков, Григорий Штерн зэрэг тухайн үеийн командлагчдын хамтын ажиллагаа Монголын цэргийн байгууллагыг фронтын хэмжээний ажиллагааг төлөвлөх, хэрэгжүүлэх чадавхтай болгоход хувь нэмэр оруулсан гэж түүхчид үнэлдэг. Энэ үйл явц нь ХХ зууны эхэн үеийн Монгол Улсад төрийн институцийн бэхжилтийн нэг хэсэг байсан гэж үзэх үндэслэлтэй. Учир нь мөнхийн хөрш манай хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа өнөө цагт зөвхөн батлан хамгаалах салбараар хязгаарлагдаагүй, боловсрол, эрүүл мэнд, соёл урлаг, их дээд сургуулийн хамтын ажиллагаа гээд бүх салбарт өргөжин хөгжсөөр байна.
Бидний мэдэх Зөвлөлт Холбоот Улс Монголын тусгаар тогтнолыг анхлан хүлээн зөвшөөрсөн улсуудын нэг байж, эдийн засаг, аж үйлдвэр, дэд бүтэц, боловсон хүчин бэлтгэх чиглэлээр олон жилийн хамтын ажиллагааг идэвхтэй хөгжүүлсээр ирсэн юм.
Нөгөө талаас Монгол Улс Дэлхийн хоёрдугаар дайны жилүүдэд холбоотон орны хувьд морь, хүнс, ноос, дулаан хувцас болон “Хувьсгалт Монгол” танкийн цувааг бэлэглэн өөрийн боломжийн хүрээнд бодит хувь нэмрийг оруулсан байдаг. Энэ нь хоёр улсын хамтын ажиллагаа харилцан үүрэг хариуцлагад тулгуурлаж байсны нэг илэрхийлэл гэж үздэг.
Түүхэнд мөнхөрсөн хүмүүсийг дурсахуй
Халхын голын ялалтад оролцсон олон цэргийн удирдагчийн хувь заяа хожим улс төрийн хэлмэгдүүлэлттэй холбогдсон нь ХХ зууны түүхийн эмгэнэлт талуудын нэг юм. Григорий Штерн, Жамсрангийн Цэрэн нарын аль аль нь тухайн цаг үеийн улс төрийн хэлмэгдүүлэлтийн золиос болсон ч дараа нь албан ёсоор цагаатгагдсан байдаг.
Энэ нь түүхэн үйл явдлыг тухайн цаг үеийн улс төрийн нөхцөлөөс салгаж ойлгох боломжгүйг харуулдаг бөгөөд хувь хүний гавьяа, түүхэн үнэлгээг улс төрийн нөхцөл байдлаас ангид авч үзэх шаардлагатайг сануулдаг.
XX зууны эхэн үед Барга болон Монголын өмнө ижил төстэй геополитикийн сорилтууд тулгарч байв. Гэвч тэдгээр бүс нутгийн хөгжлийн замнал өөр өөрөөр өрнөсөн нь олон хүчин зүйлтэй холбоотой. Судлаачид үүнд олон улсын орчин, дипломат бодлого, дотоод төрийн чадавх, цэргийн хүчин зүйлсийг хамтатган авч үздэг. Энэхүү харьцуулалт нь Монгол Улсын тусгаар тогтнолыг хадгалан үлдэхэд олон улсын харилцаа, үндэсний институцийн хөгжил ямар чухал үүрэгтэй байсныг ойлгоход тусалдаг.
Эх орноо гэх сэтгэлийн цучил ямар ч үед үргэлж өөдөө бадрах учиртай

Өчигдөргүй өнөөдөр, өнөөдөргүй маргааш гэж үгүй. Ирээдүй хойч үеийнхээ сайн сайхан, улс орныхоо хөгжил цэцэглэлтийн төлөө залуу нас, халуун амиа зориулан тулалдсан орос, монгол цэргүүд, халуун сэтгэлт ахан дүүсээ бид хэзээ ч мартах ёсгүй.
Түүхийг өнөөгийн улс төрийн өнцгөөс бус, тухайн цаг үеийн нөхцөл байдал, архивын эх сурвалж, эрдэм шинжилгээний судалгаанд тулгуурлан үнэлэх нь өнгөрснөө зөв ойлгох үндэс болдог. Ийм хандлага нь түүхэн ой санамжийг хадгалах төдийгүй үндэсний тусгаар тогтнол, төрийн залгамж чанарын үнэ цэнийг хойч үедээ бодитоор өвлүүлэхэд чухал ач холбогдолтойг түүхч судлаачид, хүүхэд залууст, эрдэмтэн багш нарт дахин сануулья.
Халхын голын байлдааны түүхийг зөвхөн цэргийн ялалтын хүрээнд бус Монголын төр, үндэсний аюулгүй байдал, олон улсын харилцааны хөгжлийн хүрээнд авч үзэх нь илүү өргөн ойлголтыг өгдөг.
1939 оны үйл явдал нь Монгол Улсын тусгаар тогтнолыг бататгах үйл явцын нэгэн чухал үе шат байсан бөгөөд үүнд Монголын төр, ард түмэн, цэргийн алба хаагчид болон тухайн үеийн орос орон, ахан дүүсийн нөхөрлөл, хоёр орны хамтын ажиллагаа онцгой чухал үүрэг гүйцэтгэснийг Халхын голын ялалтын тэмдэглэлт өдрүүдийн босгон дээр эргэцүүлэн суухуй.
Түүхч, судлаач багш Д.Тогтох
Сэтгэгдэл ( 0 )