Тийм ээ, та буруу сонсоогүй. Инфляцын өсөлт, эдийн засгийн бууралтаас шалтгаалж Төв банк бодлогын хүүгээ нэмэгдүүлж болзошгүй нөхцөл байдалд хүрлээ. Ялангуяа 2026 оны төсвийн тодотгол, 2027 оны төсвийн төсөлд орлого болон зарлага урьд хожид байгаагүйгээр өссөн нь ийнхүү нэмэгдүүлэх гол шалтгаан болоод байна. ОУВС зэрэг олон улсын банк санхүүгийн байгууллагууд ч бодлогын хүүг нэмэгдүүлэх хүлээлттэй байгаа.
Тэгэхээр яана гэсэн үг вэ? Нэн түрүүнд зээлийн хүү өснө. Арилжааны банкнууд Төв банкнаас болон хоорондоо татах эх үүсвэрийн өртөг нэмэгдэх тул иргэд, ААН-дэд олгох зээлийн хүү дагаад өснө. Хүү өндөр тул иргэд болон бизнесүүд шинээр зээл авахгүй, зээлийн хүртээмж, олдоц багасна. Төв банк арилжааны банкнуудаас өөр дээр нь байршуулах шаардлагатай мөнгөн дүнг нэмэгдүүлснээр банкнуудын зээлэх боломжтой бэлэн мөнгөний хэмжээ буурна. Мэдээж мөнгө олдохгүй учраас худалдан авалт багасна. Худалдан авалт багасахнь эрэлт саарч, үнэ тогтворжиход нөлөөлнө. Төгрөгийн нийлүүлэлт багасаж, хадгаламжийн өгөөж дээшилснээр төгрөгийн үнэ бэхжиж, ам.доллар руу тэмүүлэх урсгал саарна, уг нь. Эдийн засгийн өсөлт саарч, бизнесүүдийн хөрөнгө оруулалт сулран, шинэ ажлын байр нэмэгдэхгүй.
Нэг ёсондоо зээлтэй эсвэл шинээр зээл авах гэж буй иргэдэд сөргөөр нөлөөлнө гэсэн үг.
Гэхдээ нэг зүйл бий. Монголын банкны системд бодлогын хүүгийн нөлөө онолын дагуу шууд тусахгүй. Системийн нөлөө бүхий банкнуудад иргэийн хугацаатай хадгаламжаас илүүтэй ААН—дийн харилцах хадгаламж болон гадаад, дотоодын томоохон эх үүсвэрүүд тодорхой хувийг эзэлэг. Бодлогын хүү өслөө гээд банкнууд иргэдийн хугацаатай хадгаламжийн хүүг өөр дээрээ ашиггүй болгох хэмжээнд тултал өсгөх шаардлага гардаггүй. Учир нь томоохон корпорацууд болон төрийн байгууллагуудын бага хүүтэй эсвэл харилах дасны үлдэгдэл байсаар байдаг. Энэ талаар нь харъя. Бодлогын хүү яг одоо 12.5% байгаа. Энэ үед иргэдийн хадгаламжийн хүү инфляцыг давж чадахтай үгүйтэй байдаг. Өөрөөр хэлбэл хүүгийн өсөлтийн ашгийг иргэд гүйцэт хүртэж чадахгүй. Харин зээлийн хүүгийн хувьд банкнууд эрсдэлийн цочролоо шууд иргэд дээр буулгаж, зээлийн хүүгээ цаг алдалгүй нэмнэ, эсвэл зээлээ шууд зогсооно. Нэг ёсондоо хатуу бодлогын шанаа иргэдэд шууд тулна гэсэн үг.
Монголбанкны бодлогын хүү 2022 онд 13% болж өссөн. Энэ нь дэлхий дахиныг нүүрлэсэн цар тахал, нийлүүлэлтийн шалтгаант инфляцын өсөлт өндөр байсантай холбоотой. Улмаар 2024 оны нэгдүгээр улирлд 12% болгоод, гуравдугаар улиралд нь 10% болгосон. Ингээд байж байтал 2025 оны гуравдугаар сард бодлогын хүүг 12% болгож нэмэгдүүлсэн. Инфляц тухайн үед өссөн нь цэвэр улстөрийн шалтгаант өсөлт байсан. Сонгуулийн үеийн популист амлалт, дээрээс нь Тавантолгойн хувьцааг палхийтэл гэнэт тараасан нь инфляцын өсөлтөд нөлөөлсөн. Авчиг Төв банкнаас бас л хүнсний үнийн өсөлт, ус ундаанд буруугаа чихээд өнгөрсөн. Макро зохистой бодлого гэх сайхан малгай өмсгөөд төрийн лай ланчиг ард иргэдэд ирсэн нь энэ. Тэгээд яасан дэлхийн чиг хандлагыг манай мөнгөний бодлого сөрж зогссон. Тухайн үед дэлхийн томоохон Төв банкнууд бодлогын хүүгээ буулгаж, зөөлрүүлэх циклдээ ороод байхад манайх эсрэгээрээ ердөө буулгаагүй. Мөнгөний хатуу бодлого баримталж, хэрэглээний зээлийг хязгаарласан. Үүнээс үүдээд арилжааны банкны бизнес, иргэдийн зээлийн хүү өндөр байсан. Хүү буурах хүлээлт давамгайлсан зах зээлд бодлогын хүү өндөр хэвээр бүтэн жил өнжөөд, одоо 12.5% болж өслөө. Өнгөрсөн хоёрдугаар сард 6-7 хувьд хэлбэлзэж байсан инфляц таван сарын дотор хоёр дахин нэмэгдсэн. Суурь инфляц 13% болж эрчимжсэний дараа Төв банк ухаан орсон юм шиг бодлогын хүүгээ нэмэгдүүлсэн нь хамгийн том алдаа.
Тэлсэн төсөвтэй Монгол Улсын хаазыг Төв банк татаж, бодлогын хүүгээ нэмэгдүүлэхээс өөр арга байхгүй.
Одоо дэлхий даяар төв банкнууд бодлогын хүүгээ нэмэгдүүлж байна. Япон улс 1995 оноос хойш, АНУ 2020 оноос хойш анх удаагаа бодлогын хүүгээ нэмэгдүүлсэн. Төв Азийн болон манайтай адил хөгжилтэй улс орнууд бодлогын хүүгээ нэг нэгж хувиар нэмэгдүүлээд байна. Монгол Улс сонгууль угтсан популист амлалтаа гул барьж, яг одоо 2027 оны төсвийг дэлхийд байхгүйгээр тэлээд ороод ирсэн. Энэ цаг үед Монголбанк “хаазаа татаж” бодлогын хүүгээ нэмэгдүүлэхээс өөр аргагүй. Гай нь ард түмэнд ирнэ, бэлтгэлтэй байгаарай!

Сэтгэгдэл ( 0 )