Засгийн газар 33₮ их наядын ачааг иргэддээ үүрүүлнэ

Б.Сэцэн | Zindaa.mn
2 цагийн өмнө

Тийм ээ, та буруу сонсоогүй. Ирэх онд 33 их наяд төгрөгийн татвар орлого бүрдүүлнэ. Бас болоогүй үүний 24% нь нийгмийн даатгалын шимтгэлийн орлого гэж байгаа. “Ард түмнээсээ төсөв харамлахгүй“, “Юундаа ард түмнээсээ таван цаас харамлаад байдаг юм” гэж ирээд л уянгалсан Ерөнхий сайдын уянгга энэ хүрээд тасарч байгаа нь энэ. Хөдөлдөг хэдээсээ татвар нэрээр сааж, сааж аваад нөгөөхөө дуслын чинээг нь цалин, тэтгэвэр гэж нэмнэ. Нэмэгдэл нь инфляц болж тусна. “Волгын барлагууд” шиг хөдөлдөг хэд нь нуруундаа ачааг нь үүрээд, улстөрчид өнөөхөөр нь улс төрийн оноогоо нэмнэ.

Тоо худлаа хэлэхгүй. Сандал суудал, эрх мэдлийн төлөө шунан тэмцэлдэж байгаа энэ үед батлагдахаа хүлээж буй 2027 оны төсөвт 33 их наяд төгрөгийг татварын орлогоор бүрдүүлнэ гэж тооцсон. Үүний 24 хувь буюу 7.9 их наяд  төгрөг нь нийгмийн даатгалын шимтгэлийн орлого байна. Жилийн өмнө 5.6 их наяд төгрөгийг НДШ-ийн орлогоос бүрдүүлдэг байлаа. Тодотголоо хүлээж байгаа 2026 оны төсөвт энэ тоо 6.8 их наяд төгрөг болж нэмэгдсэн. Үүнээс харвал НДШ нь иргэдийн нийгмийн баталгаа болохоос илүү татварын дарамж болж байгаа юм. Олон эдийн засаг, улстөрчид үүнийг хэлдэг ч “тэтгэгч ангийнхан” үүнийг тоож хардаггүй, харахыг ч хүсдэггүй юм.

2027 оны төсөвт 33 их наяд төгрөгийг татварын орлогоор бүрдүүлнэ гэж тооцсон. Үүний 24 хувь буюу 7.9 их наяд  төгрөг нь нийгмийн даатгалын шимтгэлийн орлого байна.

Уг нь нийгмийн даатгалын шимтгэлийн мөн чанар нь аливаа иргэнийг амьдралд тохиолдож болох эрсдэлийг сэргийлэх, эрсдэл тохиолдосон үед санхүүгийн биеэ даасан байдлыг нь хамгаалах хамтын туслалцааны механимз. Гэтэл манайх татварын орлого төдийгүй, төсвийн суурь бааз гэж ойлгоод байдаг. Татвар гэдэг бол хариу төлбөргүйгээр улсын төсөвт төвлөрч, нийтийн үйлчилгээнд зарцуулагддаг. Харин НДШ гэдэг бол шууд хариу үйлдэлтэй. Төлсөн шимтгэлийн хэмжээ, хугацаанаас хамаарч иргэн өөрөө эргүүлэн тэтгэвэр, тэтгэмж тусламж хэлбэрээр хүртдэг ойлголт юм.

НДШ гэдэг бол мөрийн хөтөлбөрөө гүйцэлдүүлэх гэсэн намын даргын хүслийг гүйцээх шидэт дохиур биш юм. Гүйцэтгэх засаглалын уянгыг хөглөх долоон нот, “соль түлхүүр” ч биш.

Ирэх оны төсвийг эдийн засгийн эрх чөлөө, татвар, нийгмийн даатгалын хуулийн шинэчлэлтэй уялдуулсан гэж зөвтгөж буй. Чухам иймээс нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авагчид 651 мянга, нийгмийн халамжийн сангаас тэтгэвэр, тэтгэмж авагчид 236 мянга болж нэмэгдэхээр тооцоолсон. Гэвч тоо өөрийг хэлж байна. Ингэснээр сангийн нийт зарлага 2027 онд есөн их наяд төгрөгт хүрч, 2026 оны төсвийн тодотголд тусгаснаас 33.8% өснө. Энэ нь өмнөх жилүүдийн дундаж өсөлтөөс огцом өсөж таарах нь. Өсөлтийн гол шалтгаан нь суурь тэтгэвэр. Тогтолцоог нь эргэж харж, зоригтой реформ хийхгүйгээр энэ байдал цаашид өссөөр л байна. Өөрөөр хэлбэл нь зарлага нь нэмэгдсээр л байна. Төсөв нь тэлсээр л байна. Иргэдийн ачаа нэмэгдсээр л байна. Тэгж, тэгж хана тулна. Тулахдаа гаднын байгууллагыг бараадна. Ард нь хэн нэгэн уянгат этгээд гарч ирээд баахан уянга яриад зогсож байна. Авчиг үндсээрээ өөрчлөгдөхгүй.

Эш үг:  “Аль ч улс төрийн систем сайн уу, муу юу гэдгийг шалгах гол сорилт бол хүн амынхаа олонхын амьжиргааг дээшлүүлэх орчныг бий болгож чадаж байна уу гэдэгт л оршино” Сингапурын анхны Ерөнхий сайд Ли Куан Ю

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top