Ардчилсан намынхан нэрээ соливол таарна

Б.Сэцэн | Zindaa.mn
2 цагийн өмнө

Афинд ардчилал анх үүсэхдээ ч Монголын ардчиллынхан шиг будилж, бантагнуулж байгаагүй юм. Гэтэл өнөөгийн Ардчилсан намыг хар. Үзэл санааны туг болоод засаг атгаж байх ёстой атал зайрмагны цехээс цаашлалгүй өнөөг хүрлээ. Хэчнээн ч жил улс төрийн гортигны гадна үлдэв. Эрх баригчид олон балай шийдвэр гаргаад улс төр хийх боломж олгосоор атал хувьхан заяаны тохиолоо мөрөөссөөр хувийн тоглолт хийсээр байна. Хоржоонтой юм шүү.

Монголын улс төрд ороод гардаг, цөөнх болдог зочин лугаа адил байсан Ардчилсан намынхан яг одоо “Залуучууд” зочид буудалд оффислож байгаа.

Ардчилсан намынхны ярьж байгааг хараарай. Оюутолгойн ногдол ашиг ярихтай зэрэгцээд бэлэн мөнгө тараа гээд уухайлж байгааг. Үзэл санааны туг нь болсон С.Зориг авсандаа тийичилж байгаа нь лавтай. Хөшөө нь амьтай байсан бол өөр тийшээ зугтаж ч мэднэ. Богино зайн явуургүй улс төр хийгээд олон нийтээс оноо авах гэсэн л арга. Уг нь тэд бэлэн мөнгө тараахыг мэдэхийн дээдээр мэдэж байгаа. Гэхдээ мэдэхгүй байж ч болно. Хүүхдийн мөнгө, ЭТТ-н хувьцааг Хүний хөгжлийн сан гэдэг нэрээр иргэдэд тараасан автор нь чухамдаа тэд юм шүү дээ. Уг нь шил дараалсан хоёр сонгуульд Ардын намынхныг дал мөрөөр нь тавья гэж санавал томоохон төслүүдэд ч хөрөнгө оруулахгүй, олон нийтэд ч тараахгүйгээр иргэдийн дансанд байршуулъя гээд уриалах байлаа. Инфляц өрдөж байна, хувийн хэвшлийг боомиллоо гэх атлаа бодит байдал дээр бэлэн мөнгө тараа гэдэг нь тэдний зарчимгүйнх.

Эрх баригчид сүрэглэн сэтгүүл зүй рүү дайрч байхад Ардчилсан намынхан таг байна. Улаан балтай ч цэнхэр батлахтай Ч.Лодойсамбуу хүртэл иргэдээс санал горьдоод таалагдсан зүйлийг нь ярьж попоч байна. Сэтгүүл зүйн үр шимийг нь хүртээд, гогцож, гогдуулаад төрийн ордонд ормогцоо төрийн байгууллагуудыг хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй гэрээ хийхийг нь хориглоно гээд шүлсээ үсчүүлж байгаа биз. Поп гэдэг нь энэ. Уг нь тэр төрийнхөнтэй хамтарч байгаад ковидын үед “Мэдээллийн урсгал” нэрээр олон нийтийн мэдэх эрхэд эрээ цээргүй халдаж байв. Б.Дэлгэрсайхантай улс төрийн хэрүүл хийж байх үеэр хэдэн цаас “хармаалж” аваад АНУ явсан. Сурсан зүйл нь харин энэ байж. Аливаа ямар ч улсад төрийн байгууллагууд мэдээллээ нийтэд таниулах учиртай. Ингэхийн тулд медиаг ашиглана. Ашиглахын тулд мөнгө өгнө. Мөнгө өгнө гэдэг нь өгсөн тал руугаа хуцаад байхын нэр биш. Хаалтын гэрээ бол бүр биш. Аудитлагдсан тайлангаар батлагдаад гэрээнд заагдсан үүргээ биелүүлж л байвал төр өгөх нь буруу биш, медиа авах нь ч хууль бус юм биш. Гэрээгээр хүлээсэн үүргээ аль, аль талдаа гүйцэтгэж байвал бизнесийн жирийн л харилцаа. Гэтэл ардчилсан нийгмийн бизнесийн жирийн харилцаанд улаан балаараа огцом татуулсан Ч.Лодойсамбуу өөрөө ойлгохгүй байгаа нь эмгэнэл юм.

Ардчилсан нам жилийн өмнө хуралдаж даргаа сонгохдоо “шал буруу” хүнээ тавьчихсан юм. Буруу эргэлт болсон энэ шийдвэрээс явж, явж буруу шийдвэр олон гарсан даа. Яг дөрвөн сарын өмнө Ардчилсан намын Үндэсний бодлогын хороо хуралдсан. Энэ хурлаар эхийг нь эцээж тугалыг нь тураахгүйн тулд таван дэд даргаар Н.Ганибал, Д.Энхтуяа, Л.Мөнхбаясгалан, П.Мөнхтулга, Ч.Өнөрбаяр нарыг сонгосон юм. Мартсанаас Үндэсний бодлогын хорооны энэ жилийн хуралдаанаар шинэ фракц мэндэлсэн явдал байлаа. “Ардчиллын сэргэлт холбоо” гэх энэ холбооны угшил бол одоогийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх.

Одоо Ардчилсан намын УИХ дахь бүлгийн дарга Б.Түвшин болсон. Ардчилсан намыг одоогийн шийдвэр Ардчилсан нам, Зайрмагны цех гэхээс илүү Ерөнхийлөгч зүгээс гаргасан л шийдвэр гэж ойлгоорой...

Ардчилсан намд шинэ, хуучин хоёр Ерөнхийлөгчийн фракц мэндэллээ. Намын аппаратын тодорхой хэсэгт аль, аль фракцаас нь хүмүүс байна. Ерөнхий зургаар нь харвал 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуулийг Ардын намд өгчхөөд 2028 онд хэн нь хэнээсээ төө илүү байж чадахгүй 2016 он шиг эвснээ гэсэн үг. Тохироо бол ийм л болсон.Ер нь Ардчилсан нам зөв хүмүүсээ, зөв албан тушаалд сонгож томилдоггүй нэг гэм бий. Хэрвээ та дээр дурдсан Ардчилсан намын таван дэд даргыг харвал энэ бүр ойлгомжтой болно.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top