Хувь заяа гэдэг хоржоонтой эд. Нэгэн цагт У.Хүрэлсүх нэгдүгээр хүн рүүгээ мацаж улс төрийн акц хийж байлаа. Тэгсээр өдгөө нэгдүгээр хүн болсон. Одоо түүн рүү эрх мэдлээ алдахгүйг хичээсэн Х.Нямбаатар мацаж байна. Гэхдээ тэрээр У.Хүрэлсүхээс ялгаатай нь байгуулсан гавьяагаа балруулдуулахгүйхэн шиг, хонгилоор чирэгдэхгүйг хичээн мацаж байгаа.
Уншигч та анзаарсан бол өнгөрсөн намар өрнөсөн намын хагарал аяндаа үүссэн прагматик хагарал бус, хэн нэгэн хувь хүнээс шалтгаалсан хагарал байгаа биз. Үнэн хэрэгтээ аливаа эрх мэдэл өөрийнхөө жинд цохигдон унана гэдэг нь энэ. Сүүлийн парламентын гурван ч сонгууль, Ерөнхийлөгчийн сонгуульд Ардын нам ялалт байгуулж, абсолют засагласан гэж хэлж болно. Энэ хооронд гуравдагч хүчин сарних нь сарниад, мэндлэх нь мэндлээд хэд ч солигдов. Нийгэм ч цар тахалтай нэг, тахалгүй нэг, хиймэл оюун ухаантай нэг, ухаангүй нэг байж үзлээ. Гэвч Ардын нам нь засагтайгаа хэвээрээ. У.Хүрэлсүх нь шадар сайд, Ерөнхий сайд гэж сайдын бүх суудлыг гишгээд одоо Ерөнхийлөгчийн суудалд зарлаж буй. Улс төр хийхдээ М.Энхболд гэдэг “бул хар чулуу”-г холдуулах хэрэг гарсан тул “Шударга тав” торойж гараад ирсэн. Энэ шударга тав бүгд ямар нэгэн сайд болох нь болоод улс төрийн карьераа хийгээд амжсан гэдгийг санах хэрэгтэй. Хожим нь торойсон таваас нэг нь Ерөнхий сайд, нөгөө нь хуулийн сайд, дараа нь Хотын дарга болсон. Үүнээс хойш эрх мэдлийн цулбуурын төлөө тэмцэлдэхдээ логик гэдэг юм аа гээж орхисон юм. Л.Оюун-Эрдэнэ намын дарга байхдаа олонх болсон. Олонх болсон ч намынхаа фракцын зодооныг шингээж, сарниаж чадаагүй. Х.Нямбаатар ч ялгаагүй. Орон нутгийн сонгуульд Ардын намыг түүхэн ялалтад хөтөлсөн ч нийгмийн шинж чанартай улстөрийн шийдвэрүүдийнхээ жинд цохигдон унасан.
Сүүлийн хоёр сард өрнөсөн үйл явдал тодорхой тул олныг үл нуршъя. Одоо ямар ч гэсэн улс төрийн зодоон нь ил боллоо. Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар, Д.Амарбаясгалан тэргүүтэй гомдогсдын арми одоо Ерөнхийлөгчийн эрх мэдэл хэрээс хэтэрч, Засгийн газар болохгүй байгаа тухай шүүмжлэх боллоо. Ядаж байхад Ерөнхийлөгчийн сонгууль хаяанд ирсэн энэ цагт одоогийн Ерөнхийлөгчийн зүгээс дэвших магадлалтай субъекттэй ч ил цагаан маргах боллоо. Сар гаруйн өмнө Ерөнхийлөгчийн институц зүгээс хэвлэлийн төлөөлөгчөөрөө дамжуулан зохион байгуулалттай шантааж зүйн эсрэг “шүгэл үлээсэн” нь ердөө энэ л зодоонтой холбогдоно. Шүгэлийн цуурайг сарниахын тулд л өнөөгийн улс төрийн гортиг зурагдаж байгаа.
Хувь заяа гэдэг хоржоонтой. 2000-аад оны дундуур У.Хүрэлсүх тухайн үеийн нэгдүгээр хүнийг дарангуйлагч боллоо гэж улс төрийн акц хийж байлаа. Харин одоо МАН-ын зарим фракцын нүдээр өөрөө тэр "дарангуйлагч" болжээ.
Хувь заяаны шоглоомоор У.Хүрэлсүх “Монголын төрийг та захирч байна уу, эхнэр чинь захирч байна уу” гэж Н.Энхбаярыг Ерөнхийлөгч байх үед улс төрийн акц хийж байлаа. У.Хүрэлсүх залуу гишүүний хувиар улс төр хийж олонд танигдсан. Улмаар намын аппаратад гарч ирээд 2012 оны сонгуульд МАН-ын генсекээр оролцож, улмаар ялагдал хүлээсэн. Хэдийгээр тэр өөрөө 2012 оны сонгуульд жагсаалтаар гишүүн болсон ч “эхнэрээ асрах шаардлагатай” гэж өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлтээ өгч байсан юм. Улс төрийн хүрээнд түүнийг хариуцлага хүлээн өөрөө огцорсон гэдэг ч яг хариуцлага хүлээсэн эсэх нь эргэлзээтэй. Ингээд дөрвөн жилийн дараа эргэн ирээд 2016 онд ялалт байгуулсны дараа Ж.Эрдэнэбатын Засгийн газрын үед ЗГХЭГ-ын дарга, Шадар сайд болоод улмаар Ерөнхийлөгч болох замаа зассан. Мэдээж хэрэг ойрын хугацаанд өөрт нь төвлөрсөн эрх мэдлээсээ салахгүйг хичээх нь тодорхой. Хэдийгээр Ерөнхийлөгч намын батлахаа өгөөд, гишүүнчлэлээсээ татгалзсан ч намын дотоод тэрний хүн, үүний хүн гэдэг гортиг зурагдсан болохоор өнөөгийн зодоон ингэж өрнөж байгаа юм.
Одоо удахгүй нийслэлийн МАН-ын хорооны даргыг сонгох ёстой. Үүгээр цаашдын хоёр ч сонгуулийн өнгө төрх шийдэгдэнэ. Чухам иймээс эрх мэдлийн төлөө ил цагаан тэмцэлдэж байгаа хэрэг. Улс төрийн тэмцлийн дүйвээнд сэтгүүл зүй л жаахан толхилцох шив.
Сэтгэгдэл ( 0 )