Сэтгүүл зүйг "Шантааж зүй" гэж цоллоод зайдлах нь хэнд ашигтай вэ?!

Б.Сэцэн | Zindaa.mn
5 цагийн өмнө

Засаг атгасан ах намынхан заамдалцаж дуусахгүй юм. Гэхдээ бас цохилцохгүй юм аа. Тоос манарган заамдалцсан тэд цохихгүй ч засаглалаа тонгорчих гээд байдаг гэм бас байна. Ямарсайндаа засаглалын гурван хэлбэрийн хоёрынх нь толгойлогчгүй бараг долоо хоносон шүү дээ. ҮАБЗ-ийн хоёр субъект болсон УИХ-ын дарга, Ерөнхий сайдаа нэг өдөр тонгорсон түүх зөвхөн тэднийх. Замдаалцсан ах нар цэц дээр очиж жүжгээ дэглээд, “Буянт-Ухаа” дээр очиж учралын баяраа хийсэн. Авчиг заамдалцаан дуусаагүй байж. Гэхдээ зодолдоогүй. Зүгээр л тоос манаргахдаа дөрөв дэх засаглал болсон сэтгүүл зүйг тэд ганхуулж байна. Ганхуулахдаа иргэдийн итгэлээр наадаж, жижиг хаос үүсгэлээ. Итгэлгүй сэтгүүл зүй дээр чухам хэн зайдагнана гээч, ах нам. Итгэл үгүй атар онгон сэтгүүл зүй дээр ах нам зайдагнаж хоёр сонгууль дараалан тонгочно. Тролл арми гэж ах нам л анх ярьсан. Тэд л мэдэж байсан болохоор тэр шүү дээ.

Цаг хугацааны давхцал эсвэл драматург байсан эсэх нь мэдэгдэхгүй ч бүх зүйл ЕТГ-аас эхэлсэн юм. Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Ц.Ганзориг “Шантааж зүй” гэж бараг шинжлэх ухааны судлагдахуун маягийн юм гаргаж ирээд нэр бүхий сэтгүүлчийг нийгэмд “хаяж” өгсөн. B гэдэг телевиз байхад сүнсний тухай нэвтрүүлэг хөтөлдөг байсан энэ субъект мэргэжлийн үйл ажиллагаа эрхэлж буй бүхэл бүтэн салбарыг “шантааж зүй” гэж цоллоход сэтгүүл зүй дуугүй байв. Уг нь манайхаас өөр ардчилсан чиг баримжаатай улсад ингэж хэлэх эрх Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгчид байдаггүй юм л. Аравдугаар сарын 9-ний өдөр энэ мэдэгдэл гараад удаагүй байтал ажлын долоо хоног эхэлмэгц “Save Tuul” талаас нэр бүхий сэтгүүлчдийг газар авсан гэж барим тавим мэдэгдээд сэтгүүл зүйг нийгэмд хаясан. Хаалтын гэрээгээр эхлээд, Нямбааг огцруулах руу чиглэсэн энэ “тэмцэл” сүүл рүүгээ сэтгүүл зүйн бизнесийн үйл ажиллагаа руу ч эрээ цээргүй орж эхэлсэн юм. Шантааж, ажил гүйцэтгэх гэрээний ялгамжийг үгүй хийх дээрээ тулсан энэ тэмцэл “Нетфликс”-ийн олон ангит сериал лугаа адил өдөр бүрийн мэдэгдлээр нийтийг “баясгасаар” одоо сошиал хэрүүл болоод дуусаж байх шиг байна. Бүхэл бүтэн нэг институцийн хэвлэлийн төлөөлөгч нэг салбарыг нийгэмд хаяж өгч байхад дуугүй байсан сэтгүүл зүй хэн нэгний чарлааны дараа би газартай, газаргүй, чи мөнгө авсан, аваагүй болж хоёр талд боргох болов. Чухам үүнийг л ах нам хүлээж байсан. Хөшигний ард, дэлгэцийн ард алгаа ташаад, уруулаа долоогоод сууж байгаа.

Тоос манарган заамдалцсан ах намынхан цохихгүй ч засаглалаа тонгорчих гээд байдаг гэм бас байна.

Тэртээ тэргүй сэтгүүл зүйд итгэх итгэл суларсан. МАН-ынхан засаглахад Хэвлэлийн эрх чөлөөний индексээр 100-аас дотогш байрт бичигдэж байгаа. Дээрээс нь үг хэлээрээ болдоггүй нөхдийг эхлээд сошиалд дүүжлээд цагдан хорьдог жишиг тогтоод удлаа. Улс төрийн зодоон дундаа ч сэтгүүл зүйг, сэтгүүлчдийг элдэвлэх нь байдаг л нэг үзэгдэл болсон. Энэ даамжирвал юу болно гээч автократ засаглал тогтох юм. Ийм сонирхолтой этгээдүүд ч мэр, сэр байдаг гэдэг нь өнгөрсөн хэд хоногийн хэрүүлээс хангалттай харагдлаа. Уншигч та бүхэн анзаараад хараараай. Сошиал дүйвээнээр троллууд эрчимжсэн гэдгийг. Нэр ус нь тодорхойгүй, гэрэл зураг ч үгүй шивийн шинэ профайлууд нэмэгдээд найзын хүсэлт явуулж эхэлсэн биз. Тэгвэл ах нар амь орсны шинж.

Ер нь ч тэгээд зодоон дөхөөд ирмэгц сүнснүүд амилдаг цаг л даа. Үндэсний аюулгүй байдлын судалгааны хүрээлэнгийн тайланд дурдсанаар “энэ цаг үеийн мэдээллийн дайн нь Монголд “саармаг буюу хосолмол аюул”-ын нэг хэлбэр болж, олон нийтийн итгэл үнэмшилд хүчтэй нөлөөлсөн гэж үздэг. Саяхан Дэлхийн банкнаас Монгол Улсын онцлох эрсдэл нь хуурамч мэдээллийн нөлөө гэж дүгнэсэн. Саяхан хиймэл оюун ухаанаар баавгайн дүрс хийгээд цацсан тухай дэлхийн бараг бүх хэвлэл мэдээллийн хэрэгсэл монголын сэтгүүлчийн мэдээллийг эш татан мэдээлсэн. Уншигч та нар бэлтгэлтэй л байгаарай 2027, 2028 оны сонгуульд троллууд л амь орно. Амь орох учраас сэтгүүл зүйд итгэх олон нийтийн итгэлийг унтраах үйлдлийг эрх баригчид системтэйгээр хийж байгаа юм. Тийм ч учраас 2024 оноос эхлэн үг хэлсэн, чанга дуугарсан хэнбугай ч “шоронгийн хаалга” татах болсон.

Ер нь ч тэгээд энэ хэрүүл Ерөнхийлөгч зүгээс хэвлэлийн төлөөлөгч нь эхлүүлсэн юм шүү дээ!

ЕТГ зүгээс ниссэн сэтгүүл зүйн тухай яриа хөөрөө өдгөө газар авлаа. “Шантааж зүй” гэсэн тодорхойлолтод ч дөхөж очив. Одоо үр дүнг нь үзээд хэн нь худал, хэн нь үнэн яриад байгаад анхаарал хандуулахгүй. Сошиалаар гөвж өгнө. Гөвөхдөө сэтгүүл зүйн нэр хүнд ч шалдаа бууна. Хариуцлага гээч юмыг хэн ч хүлээхгүй. Хэрэлдсэн этгээдүүд юу ч болоогүй мэт өнгөрнө. Авчиг бүтэн нэр бүлээн зүс нь үлдэхгүй юм даа. Ядаж байхад Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл нь 1000 сэтгүүлчийн форум зохион байгуулах гээд байдаг. Дээр эзэд нь зодолдоод байхад сэтгүүлчид 1000-аараа уулзаад яахав дээ...

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top