Алтан хөшөө бариад ч “алцан майга” нь хэвээрээ

Б.Сэцэн | Zindaa.mn
2 цагийн өмнө

Өчигдөр Чингис хааныгаа бахдаж, бөх барилдаад, бараг л хөшөө нь босож ирэхээр юм болов. Улстөрчид нь дээл өмсөж попроод, зарим нь ч Чингисээ ч мэдэхгүй тууж яваа харагдана лээ. Шинжааны хасагийн үлдэгдэл бид Чингис хааны үр сад гэж гөрдөж ч үзэгдэв. Үнэндээ бид бахархлаа барж идээгүй нь гайхалтай. Гэхдээ үүнээс өөрөөр гайхаж баярлаж, бахдан бишрээд байхаар зүйл алга.

Сүүлийн 30 жил халаас хоосон, мөрөөдөл үгүй, эх орноосоо дайжих чинхүү эрмэлзэлтэй залуусыг өсгөн бойжуулсан эрх баригчдын бодлого л гайхмаар...

Бахархлын өдрийн базаахгүй мэдээ нь инфляцын өсөлт байлаа. Чингисийн алтан хөшөөг 107 кг алтаар цутгаж хийгээд, үүнийг Монголбанкны нөөц хөрөнгөнөөс гаргаж байхад инфляцын ханш инфляц 7 орчим хувьтай байлаа. Гэвч үүнээс хойш даруй зургаан хувиар өсжээ. Энэ оны эхэнтэй харьцуулахад ч зургаан хувиар өссөн үзүүлэлттэй байна. Эрх баригч намын нэг муу бүлгийн дарга үүнийг нь зохицуулна аа гээд хэнэг ч үгүй хэлж байгаа харагдана. Инфляц өсөөд байхад иргэдийн бодит худалдан авах суларч, төгрөг шалдаа бууна. Төрийн тэргүүнд бол энэ хамаагүй. Нэр хүнд, улс төрийн оноо нь л чухал болохоор “Оюутолгой”-н ногдол ашгийг тараа гэж байна. Чингисийн үед бол сэлэмгүй бөгөөд амтай л дайчин байх байлаа.

Инфляц тэлээд л байдаг, төсөв нь ч дагаад тэлсээр байна. Өргөн барьсан ч өрцөндөө өтөлж буй 2027 оны төсөвт төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 43.1 их наяд, зарлагыг 43.6 их наяд төгрөг байхаар тооцсон. Төсвийн сахилга баттай бай гэдэг гаднын бүү хэл, дотнын байгууллагуудын зөвлөгөө худлаа боллоо. Төсвийн тогтвортой байдлын зөвлөл мянга хашхираад ч түүнийг нь сонсдог амьтан алга. Монголбанк стоп кран татах үүрэгтэй атал хамт хааз гишгээд шааригдаж байна.

Ер нь л мега бүү хэл гега төсөлтэй гэж цээжээ дэлдэж байсан манай төрд ард иргэдийнхээ наад захын хэрэгцээг ч хангах чадамж алга...

Ер нь л бахархаад байх юмгүй боллоо. Эдийн засгийн эрх чөлөөгөөрөө 100-аас дотогш, хэвлэлийн эрх чөлөөгөөр 100-аас дотогш, ардчиллын үнэлгээгээр 90-ээс дотогш, авлигын үзүүлэлтээр 100-аас дотогш автократ улсуудтай зуузай холбоод явж байна. Энэ хооронд эрх баригч нам ч улсын бодлого гэхээс илүүтэй дотоодын хэрүүл, тэмцэлдээ анхаарлаа. Өчигдөр ер нь л Чингисээ боддог, бахархдаг улсууд л төрийн ордноор дүүрэн. Гэвч хэрэг ярьж айлгадаг, ял наймаалж чихддэг, сошиалаар “дүүжилж алдаг” хэлтгий тогтолцоотой хэрүүл засагладаг төр болтлоо завхран доройтсоныг бодолцсонгүй. Ер нь л тэд үүнийгээ мартсан бололтой. Бодит байдал дээр ард иргэдийн халаас хоосорч, авдаг хэд нь цаас боллоо. Энэ цаасны тоо дахиад ч нэмэгдэнэ. Төр нь нэмээд л байдаг ужиг өвчинтэйгөө ер тэмцсэнгүй. Хэдэн баяраар гоё үг хэлж мартагнуулахаа л бодох юм. Дээрээс нь дараа жил сонгууль болно. Сонгуулийн өмнө ямар нэгэн сюрприз барьж л таараа. Эрх баригчид угаасаа ингэж аргалж ирсэн. Гэнэтийн бэлгэнд нь халаас хоосон түмэн олон хууртана. Авчиг энэ нэг тамын тогооны үлгэр дуусахгүй.

Өчигдөр Чингис хаанаараа бахархсан иргэн та цонхоороо нэг хараарай. Хоолой хорсом байгаа биз. Эрх мэдэл нэг газар удаан төвлөрсний тодорхой үр дүн нь энэ. Хоолой хорссон энэ амьдралд бид шатахуундаа дугаарлана. Үнэ нь дахиад ч өснө. Үнэн нь хадгалах сав байхгүй. Ер нь л мега бүү хэл гега төсөлтэй гэж цээжээ дэлдэж байсан манай төрд ард иргэдийнхээ наад захын хэрэгцээг ч хангах чадамж алга...

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top