Аймшгийн баяраар барьж буй Ардын засгийн "бэлэг"

Б.Сэцэн | Zindaa.mn
49 минутын өмнө

Эрх барьснаасаа хойш айлгаж байгаа Ардын нам аймшгийн баяраар “гар хоосонгүй байх нь”. Тэд Монгол Улсын нэг иргэн цахим орчинд нэг хаягтай байх хуулийн төсөл боловсруулж байна. Ер нь ч тэгээд Ардын намынхан зодолдохдоо айсан зүйл нь сошиал орчин байсан. Сошиал орчноос, цахим их далайгаас айхдаа цочоод, цочихдоо нэг ийм балай хууль бодоод олчихлоо. Ер нь л коммунистууд үг, хэлэх үзэл бодлоо илэрхийлэхэд дургүй юм билээ. Үүнийг тэртээ холын түүх, энүүхэн эндийн байр байдал харуулна.

Айх уу, хууртах уу

Ах намын ах нар зодолдохоо сошиал орчныг л ихэвчлэн ашигладаг юм. Сааж сурсан хүн саалийн үнээгээ мэднэ гэлээ гэдэг шиг троллуудыг турхидаг хүн л тролл армийг мэднэ. Үндсэндээ Ардын намынхан хүний өөрийн гэлтгүй тролл армиас айсан. Тийм ч учраас “нэг хүн – нэг хаяг” гэдгийг тэд зуны сүүл сараас хойш ярих болсон юм. Саяхан даа, лхагва гарагт Засгийн газрын хуралдааны дараа цахим орчин дахь аюулгүй байдлын хууль боловсруулаад зогсохгүй “нэг хүн-нэг хаяг” бодлого баримталж гүтгэх, доромжлох, худал мэдээлэл тараахтай тэмцэнэ гэж ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэн хэлнэ лээ. Улс төрийн зөвлөлөө давсан уран сайхны зөвлөлөө давахгүй удсан МАН-ын непотизмын дараагийн анги ийнхүү аймшгийн баярын бэлгийг өмнөх сайдаасаа буухиалаад бидэнд барьсан нь энэ. Тэд айхдаа иргэдээ ч давхар айлгасан нь энэ.

Meta (Facebook, Instagram), X (Twitter), YouTube, TikTok бол глобал шинжтэй. Үүнийг Ардын намынхан очоод хааж боочихдог ч юм биш!

Айлгадаг юм байж, одоо хууртаж болохгүй. Монголчуудын голчлон ашигладаг Meta (Facebook, Instagram), X (Twitter), YouTube, TikTok зэрэг платформууд нь үндэстэн дамнасан корпорацууд. Тэд өөрсдийн дүрмээр ажилладаг. Монгол Улсын хууль, тогтоомжоор хэрэглэгчдийг нь шууд РД, хувийн мэдээллээр холбож, хянах, хаах боломжгүй. Тэгээд ч тэд платформынхоо дүрэм буюу "Community Standards"-аар дамжуулан хуурамч хаяг, бот, троллуудтай тэмцдэг. Жишээ нь: бодит хүн мөн эсэхийг баталгаажуулах зарим сайн дурын "verified" тэмдэглэгээ олгох гэх мэтээр тэмцдэг гэдгийг та бүхэн мэднэ дээ. Одоо бүр чухал нь дээрх томоохон компаниуд нь Монгл Улсын жижиг зах зээлд төдийлөн анхаарал хандуулдаггүй. Яахав манайхан л үүнийг улс төрийн жийргэвч болгоод байгаа болохоос биш. Монгол хэл дээрх контент, хуурамч хаяг, мэдээллийн шүүлтүүр суд байдгаас болж л хуурамч мэдээлэл, гүтгэлэг хурдан тархдаг. Тэгээд ч энэ тухайн платформ нь глобал шинж чанартай учраас Хэрэв Монголд үүнийг албадвал тэдгээр компаниуд үйл ажиллагаагаа зогсоох эсвэл Монголын зах зээлийг тооцохоо болих замаар хариу үйлдэл үзүүлэх магадлалтай.

Аймшигтай нь юу гээч

Иргэн бүр цахим орчинд нэрээ нууцлах (anonymity) эрхтэй гэж олон улсын хүний эрхийн байгууллагууд үздэг. Заавал регистрийн дугаар, иргэний үнэмлэхээр тулгуурлаж хаяг нээхийг шаардах нь иргэдийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, шүүмжлэх эрхийг хумих, төрийн хяналтыг нэмэгдүүлэх эрсдэлтэй. Тэгээд ч Г.Тэмүүлэн сайдын тэмүүлээд байгаа цахим орчинд нэг иргэн, нэг хаягтай байх хууль нь зөвхөн нэг хаягийн тухай асуудал биш. Энэ бол хувь хүний хамгаалагдсан эмзэг, хувийн мэдээллийн асуудал. Өмнө нь өгүүлсэнчлэн ашигладаг Meta (Facebook, Instagram), X (Twitter), YouTube, TikTok нь үндэстэн дамнасан хил хязгааргүй, том компани. Энэ том урсгалд Монгол Улсын нэг хүний иргэний мэдээлэл ил гарна. Тухайн хүний хувийн мэдээлэл олон нийтийн сүлжээтэй холбогдох үед тэр мэдээллийг хэн цуглуулж, хэн хамгаалж байгаа нь мэдэгдэхгүй тул хадгалах, хямгадах тал дээр бүр ч аймаар. Тухайн мэдээлэлд хэн хандах нь ч эргэлзээтэй. Ер нь ч тэгээд манайх нэг эмнэлгийн үйлчлүүлэгчдийн бүртгэл, “И-Монгол”-ын иргэний мэдээллээ хар зах дээр алдчихдаг улс, энэ их мэдээллийг хянана гэж байхгүй.

Г.Тэмүүлэн сайдын тэмүүлээд байгаа цахим орчинд нэг иргэн, нэг хаягтай байх хууль нь зөвхөн нэг хаягийн тухай асуудал биш. Энэ бол хувь хүний хамгаалагдсан эмзэг, хувийн мэдээллийн асуудал.

Монгол Улсын Үндсэн хуульд иргэний хувийн болон гэр бүлийн нууц, захидал харилцааны нууцыг хамгаалахаас гадна үзэл бодол, үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөг баталгаажуулсан. Мөн Хувь хүний мэдээллийг хамгаалах тухай хуулиар Төр болон гуравдагч этгээд иргэдийн хувийн мэдээллийг хуульд заасан үндэслэлгүйгээр (зөвхөн гэмт хэрэгтэй тэмцэх гэх мэт тусгай тохиолдлоос бусад үед) нийгмийн сүлжээний платформ дээрх хувийн хаягтай нь тулган шалгах, цуглуулах нь уг хуулийг зөрчихөд хүргэнэ. Дээр нь дээрх хуулийн дагуу дата аюулгүй байдлыг хангах үүрэг төрд ногддог бөгөөд хэрэв иргэдийн цахим хаяг болон регистрийн мэдээллийг нэгтгэсэн серверт хакерын халдлага гарвал үндэсний хэмжээний аюулгүй байдлын маш том эрсдэл үүснэ. За тэгээд Хүний эрхийн түгээмэл тунхаглал, хүний эрхийн конвенц зэрэг олон улсын баримт бичгийг ч зөрчих үндэслэл болж байгаа юм. Тэгээд ч Зөрчлийн болон Эрүүгийн хуулиар Хэрэв хэн нэгэн цахим орчинд бусдын нэр төрд халдсан, гүтгэсэн, худал мэдээлэл тараасан бол үүнтэй тэмцэх эрх зүйн зохицуулалт аль хэдийнээ бий.

Дэлхийд байхгүй хууль

Бидний сонгож аваад замнаж байгаа ардчилсан засаглал л лав ийм хууль санаачлаагүй юм даг. АНУ болон Европын холбооны ихэнх орнуудад хувь хүний нууцлал, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх нь үндсэн хуулиар хамгаалагдсан байдаг. Иргэд хоч нэрээр (pseudonymity) эсвэл нэрээ нууцалж (anonymity) цахим орчинд байх эрхтэй гэж үздэг. Тиймээс төрийн зүгээс "бүх хүн яг нэг хаягтай байх ёстой" гэж шаардах нь хүний эрхийн үндсэн зарчимтай шууд зөрчилддөг. Тийм ч учраас ийм албадлагын хэлбэр сонгодоггүй. Одоо хэлэлцэж байгаа 16-аас доош насны хүүхдүүдийн хэрэглээ гэдэг бол тусдаа асуудал юм шүү. Өмнөд Солонгост 2000-аад оны дундуур интернетийн сэтгэгдэл бичих хэсэгт "Иргэний бүртгэлд суурилсан жинхэнэ нэрийн систем" (Internet real-name system)-ийг хуульчлан туршиж байсан. Гэвч хүний эрх зөрчигдсөн, томоохон дата алдагдал гарсан, гадаадын платформуудад (YouTube, Google гэх мэт) үйлчлэхгүй байх зэрэг олон хүндрэл гарсан тул Үндсэн хуулийн цэц нь уг хуулийг "Үндсэн хууль зөрчсөн" гэж үзэн 2012 онд бүрмөсөн хүчингүй болгож байжээ.

Ардчилсан чиг баримжаатай, үг хэлэх эрх чөлөөг дээдэлдэг улс орнуудад төрөөс бүх хүнийг "нэг хаягтай байх" гэж албадах эсвэл бүх хаягийг нь хянах эрх зүйн болон ёс зүйн боломж байдаггүй.

ОХУ, Иран, Вьетнам зэрэг автократ орнуудад эрх баригч намын шүүмжлэгчдийн амыг таглах, цахим орчныг хянаж байхын тулд иргэдийг бүртгэлжүүлэх хууль эрх зүйн арга хэмжээнүүдийг байнга авдаг. БНХАУ Кибер аюулгүй байдал болон хэрэглэгчийн жинхэнэ нэрийн хуулийг (Real-name registration) хамгийн хатуу хэрэгжүүлдэг. Бүх сошиал медиа, мессенжер, форумын хаягууд нь гар утасны дугаар болон иргэний үнэмлэх, царай таних технологиор заавал баталгаажсан байх ёстой бөгөөд зөрчвөл шууд хаагддаг. Тэгээд ч биет карт, гар утасны апп уншуулалгүйгээр царайгаа таниулаад төлбөр тооцоо хийхээс гадна, төрийн үйлчилгээ авдаг юм.

Манай галактикийн дэлхий гарагт л лав ийм хууль үйлчилдэггүй юм байж. Угаасаа ч үйлчлэх боломжгүй. Хэрэв дотоодын сүлжээнээс нэвтрэхэд ямар нэг байдлаар иргэний системээр баталгаажуулах заавал шаардлага тавьлаа ч хэрэглэгчид VPN (Virtual Private Network) ашиглан байршлаа өөрчилж, хуурамч эсвэл нэр үл мэдэгдэх хаягаас нэвтрэх техникийн боломж хэзээд нээлттэй байдаг. Тэр бүгдийг нь Монголын төр хянана гэдэг эргэлзээтэй. Нөмрөгийн дархан газрынхаа амьтан ургамлын бүртгэл хийж чадахгүй, бүр байя гэхэд баавгайгаа тоолж чадаагүй улс яаж энэ бүгдийг хянах юм эргэлзээтэй. УИХ-ын чуулганд гишүүдээ ч суулгаж чадахгүй, Ардын намынхаа дотоодын эв нэгдлийг ч хангаж чадахгүй байгаа эрх баригчид хүн бүрийг хянаж цагдана гэвэл мордохын хазгай л болно.

 

Эцэст нь...

Ардчилсан чиг баримжаатай, үг хэлэх эрх чөлөөг дээдэлдэг улс орнуудад төрөөс бүх хүнийг "нэг хаягтай байх" гэж албадах эсвэл бүх хаягийг нь хянах эрх зүйн болон ёс зүйн, дэд бүтцийн боломж байдаггүй. Энэ бол иргэний үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөнд халдаж буй хэрэг. Хэрэв үнэхээр гүтгэлэг, доромжлол, хуурамч мэдээллэ, тролл армиас айгаад цэвэр аруиныг хүсээд байгаа юм бол интернэт хэрхэн ажилладаг гэдгийг Ардын намынхан ойлгох хэрэгтэй байна.

Интернэт хэрхэн ажилладаг гэдгийг Ардын намынхан ойлгох хэрэгтэй байна.

VPN гэж юу болох, олон улсын платформууд үндэсний хуулийг ямар хэмжээнд дагадаг (эсвэл дагадаггүй) гэдэг талаар гүнзгий биш юм аа гэхэд өнгөц ойлголттой болох, үгүй ядахдаа Meta (Facebook, Instagram), X (Twitter), YouTube, TikTok зэрэг платформуудын “community standard”-г орчуулаад ч хамаагүй ойлгочих хэрэгтэй байна. Хэрэв ойлгочихвол заавал хаяг хааж, бүртгэл бүртгээд сууж байхын оронд хуурамч мэдээллийн дархлаа тогтоох иргэд рүүгээ чиглэсэн сургалт явуулж, хууль, эрх зүйн орчныг хүний эрхэд суурилан боловсронгуй болгоход анхаарна. Хааж боох, хяхаж авчих, цензур тогтоох амархан. Харин бодлого боловсруулж, углуургаар нь шийдэх хэцүү...

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top