Шэньжэн хотод Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын (АПЕК) дээд хэмжээний уулзалтын хүрээнд ОХУ, БНХАУ, АНУ-ын удирдагчдын түүхэн дэх анхны гурван талт уулзалт болж өнгөрлөө.
Нийт нэг цаг хагас орчим үргэлжилсэн уг уулзалтын эхний 10 минут хэвлэл мэдээллийнхэнд нээлттэй болж, талууд дэлхийн аюулгүй байдал, цөмийн зэвсэг, Украины дайн болон олон улсын байгууллагуудын талаарх байр сууриа илэрхийлжээ.
Ши Жиньпин хүн төрөлхтөн “дэлхий хэмээх нэг тосгонд” амьдарч, хүн бүрийн хувь заяа харилцан уялдаатай болсон өнөө үед БНХАУ, ОХУ, АНУ гурван улс дэлхийн хэмжээний асуудлыг шийдвэрлэх, энх тайвныг сахихад хамтран ажиллаж, дэлхий дахинд үлгэр дуурайлал үзүүлэх онцгой хариуцлагатай гэж уриалав.
Владимир Путин олон улсын энх тайван, аюулгүй байдлыг сахин хамгаалах үүрэг хариуцлага гурван гүрнийг нэгтгэж байгааг онцлоод, олон улсын эрх зүйн тогтолцоог бэхжүүлэх, дэлхийн эдийн засгийн харилцаа, хүнс, эрчим хүчний аюулгүй байдлыг хэлэлцэхийг санал болгов. Мөн Украины дайны асуудлыг Ши Жиньпин болон Трамп нартай тус тусад нь ярилцсанаа дурдаж, хэрэв тус гурван улс харилцан хүндэтгэх, тэгш эрх, ашиг сонирхлын тэнцвэрийг хангасан зарчим дээр тулгуурлан хамтран ажиллах аваас дэлхийн дахины аюулгүй байдлыг бэхжүүлэх үйлсэд хувь нэмрээ оруулж чадна гэв.
Доналд Трамп гурван улсын цөмийн зэвсгийн нөөц нь дэлхий дахинд цөмийн зэвсгийг хэрхэн хорогдуулахыг хэлэлцэх онцгой боломж олгож байна гээд, цөмийн зэвсэг дэлгэрүүлэх аюулын эсрэг, ялангуяа Ираныг цөмийн зэвсэгтэй болгохгүй байх чиглэлд хамтран ажиллах нь туйлын чухал болохыг онцолжээ. Түүнчлэн Путин Украины дайныг зогсоох хүсэлтэй байгаа гэдэгт итгэж буйгаа илэрхийлж, нөгөө тал ч мөн ижил хүсэлтэй байгаа гэдэгт найдаж буйгаа хэллээ. Мөн Путин болон Израилын ерөнхий сайд Биньямин Нетаньяху нарыг баривчлах тушаал гаргасан Олон улсын эрүүгийн шүүх зэрэг хяналтаас гарсан байгууллагуудаас хамгаалах арга замыг хайхыг санал болгов.
Уулзалтын үр дүнгээр БНХАУ, ОХУ, АНУ-ын төрийн тэргүүн нар Энх тайвны тунхаг гаргав.
Тус баримт бичигт стратегийн тогтвортой байдал, олон улсын аюулгүй байдлыг дэмжих, дэлхий дахинд нүүрлэж буй сорилтуудад илүү үр дүнтэй хариу үйлдэл үзүүлэхийн тулд НҮБ-д шинэчлэл хийхийг дэмжих, газрын тосны бүтээгдэхүүний үйлдвэрлэл, нийлүүлэлтийг нэмэгдүүлэх, цөмийн эрсдэлийг бууруулах, цөмийн зэвсгийг дэлгэрүүлэхгүй байх чиглэлээр яриа хэлэлцээ хийх, албан тушаалтнуудын халдашгүй байдлыг хүндэтгэж, олон улсын эрүүгийн шүүхийг эрх мэдлээ урвуулан ашиглахгүй байхыг шаардах зэрэг заалтуудыг тусгажээ.

Гурван гүрний удирдагчдад энэ уулзалт ямар ач холбогдолтой байв?
Олон улсын ажиглагчид болон шинжээчдийн дүгнэж буйгаар Шэньжэний уулзалт удирдагч тус бүрд өөр өөрийн стратегийн чухал зорилгыг биелүүлэх талбар болжээ.
Владимир Путины хувьд олон улсын тусгаарлалтаас гарахыг зорьсон. Украины дайнаас хойш өрнөдийн орнуудын зүгээс тусгаарлалтад ороод байсан түүний хувьд АНУ, Хятадын удирдагчидтай нэг ширээний ард сууж, дэлхийн хувь заяаг шийдэлцэх нь дипломат томоохон ялалт юм. Тэрбээр мөн дайныг зогсоох чиглэлд өөрийн нөхцөлөө дахин тулгаж, санаачилгыг гартаа авахыг зорьсон гэж шинжээчид үзэж байна.
Доналд Трампын хувьд өмнө нь хэний ч хийж чадаагүй гурван их гүрний анхны уулзалтыг зохион байгуулснаар өөрийгөө хүчирхэг удирдагчидтай шууд ойлголцож чаддаг цорын ганц улстөрч гэдгээ харуулахыг зорьсон. Мөн өнгөрсөн хоёрдугаар сард Орос, АНУ-ын цөмийн зэвсгийг хязгаарлах сүүлчийн гэрээний хугацаа дуусгавар болсон тул шинэ хэлэлцээрт Хятадыг татан оролцуулах нь Вашингтоны гол зорилго байв.
Харин Ши Жиньпиний хувьд дэлхийн гол зуучлагч гэдгээ батлахыг зорьжээ. Вашингтон, Кремль хоёрыг өөрийн нутагтаа нэг ширээнд суулгаж чадсан нь Хятад улс дэлхийн геополитикийн гол зуучлагч, хүчний төв болсныг харууллаа. Түүнчлэн Бээжин өөрийн цөмийн зэвсгийн нөөцийг хязгаарлах талаар ямар нэгэн хатуу амлалт өгөлгүйгээр энхийг эрхэмлэгч гэсэн нэрийг олж авч чадсан гэж шинжээчид үзэж байна.

Сэтгэгдэл ( 0 )