Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан тэргүүтэй иргэний нисэхийн салбарын төлөөлөгчид АНУ-ын Өмнөд Каролина мужийн Хойд Чарлстон хот дахь “Boeing” компанийн үйлдвэрт зочилж, “787 Dreamliner” агаарын хөлгийн үйлдвэрлэлийн үйл ажиллагаатай танилцаж, тус байгууллагын удирдлагуудтай уулзлаа.
Уулзалтад “Boeing” компанийн талаас “Boeing South Carolina” мужийн Инженерчлэл хариуцсан Дэд ерөнхийлөгч Lisa Fahl, Борлуулалт хариуцсан захирал Geneve Ling, Маркетингийн албаны дарга BJ Bryan, холбогдох албаныхан оролцлоо.
Уулзалтын эхэнд Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан агаарын зорчигч тээвэр, аялал жуулчлалын эрэлт хэрэгцээ өсөн нэмэгдэж байгаатай уялдуулан Монголын үндэсний агаарын тээвэрлэгч “МИАТ” ТӨХК-ийн агаарын хөлгийн паркийг өргөжүүлэх, олон улсын нислэгийн сүлжээг тэлэх зорилттой ажиллаж байгаагаа товч танилцууллаа. Монгол Улс одоогоор 40 гаруй улстай агаарын харилцааны хоёр талт хэлэлцээр байгуулсныг дурдаж, Италийн Ром, Милан зэрэг дэлхийн том хотууд руу шууд нислэг үйлдэх боломжийн талаар хэлэлцэж буйг мэдээллээ.
Түүнчлэн Монгол Улс Францын “Талес” групптэй хамтран агаарын навигаци, нислэгийн хөдөлгөөний удирдлагын тогтолцоог шинэчилж байгааг дурьдан нислэгийн аюулгүй ажиллагаа бол ЗТЯ болон иргэний нисэхийн салбарын нэн тэргүүний зорилт болохыг онцоллоо.
“Boeing” компани Хойд Чарлстон дахь үйлдвэртээ “787 Dreamliner” агаарын хөлгийн үндсэн хэсгүүдийг үйлдвэрлэж, эцсийн угсралт, системийн туршилт, нислэгийн бэлэн байдлын шалгалтыг хийсний дараа агаарын хөлгийг захиалагчдад хүлээлгэн өгдөг юм байна.
”Boeing”-ийн төлөөлөгчид энэ үеэр “787 Dreamliner” хөтөлбөрийн хэрэгжилтийн явц болон агаарын хөлгийн үйлдвэрлэлд аюулгүй ажиллагаа, чанарын үзүүлэлтийг хэрхэн хянаж ажилладаг талаар танилцууллаа. Тухайлбал, үлдвэрлэлийн аюулгүй ажиллагаа, чанарын үзүүлэлтүүдийн үр дүнг АНУ-ын Холбооны нисэхийн захиргаатай (FAA) тогтмол хэлэлцдэг талаар мэдээллээ.
Мөн агаарын тээвэрлэгчдийн саналд тулгуурлан агаарын хөлгийн найдвартай аюулгүй ажиллагаа, түлшний зарцуулалт, нислэгийн хурд, түлшний хэмнэлт зэргийг сайжруулж, системийг нь улам боловсронгуй болоход анхаарч ажиллаж байгааг танилцуулав.
Танилцуулгын үеэр мөн “МИАТ” ТӨХК-ийн ашиглаж буй “Boeing 787-9” загварын нислэгийн зай, суудлын багтаамж, түлшний хэмнэлтийн талаар мэдээлэл өглөө.
Уулзалтад Монголын талаас Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан, “МИАТ” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Т.Тэлмэн, Зам, тээврийн яамны Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Нямдаваа, холбогдох албаныхан оролцов.
Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан тэргүүтэй иргэний нисэхийн салбарын төлөөлөгчид АНУ-ын Өмнөд Каролина мужийн Хойд Чарлстон хот дахь “Boeing” компанийн үйлдвэрт зочилж, “787 Dreamliner” агаарын хөлгийн үйлдвэрлэлийн үйл ажиллагаатай биечлэн танилцлаа.


Сэтгэгдэл ( 0 )