Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Чагнаадорж нар Монгол Улсын Засгийн газар, Ерөнхий сайдаас өгсөн үүрэг, чиглэлийн дагуу хилийн боомтуудын экспортын тээвэрлэлтийг эрчимжүүлэх, хилийн боомтын ачаалал, тээврийн хэрэгслийн хүлээгдэл саатлыг бууруулах, нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэхээр албан томилолттой ажиллаж байна.
Ажлын хэсгийнхэн 2026 оны арваннэгдүгээр сарын 02-03-ны өдрүүдэд хилийн боомт, экспортын тээвэр зохицуулалтын бүсэд ажиллаж, ачаа тээврийн урсгалд үүссэн хүндрэл, тулгамдсан асуудлыг шийдвэрлэхээр уулзалт, хэлэлцээ хийж ажиллалаа.
Уулзалтын үр дүнд зэсийн экспортын тээвэрлэлт хэвийн үргэлжилж байна. Тодруулбал, өдөрт тогтмол 14 гардаг байсан тээврийн хэрэгслийн тоо өнөөдөр 134 болж, сүүлийн өдрүүдэд хүлээгдэл үүсгээд байсан тээвэрлэлт хэвийн үргэлжилж байна.
Мөн Ханги-Мандал боомтын чиглэлд өдөрт 350-400 гардаг байсан экспортын тээвэрлэлтийн тоо өчигдрөөс 530 болж, дөрөв дахин өсжээ. Цаашид уг үзүүлэлтийг өдөрт 700-800 болгон нэмэгдүүлэхээр тохиролцоод байна.
Түүнчлэн Гашуунсухайт-Ганцмод боомтын чиглэлд өдөрт 430 тээврийн хэрэгсэл нэвтэрч байгааг эхний ээлжинд хоёр дахин нэмэгдүүлэх, цаашид өдөрт 1200-д хүргэж, экспортын тээвэрлэлтийн хэмжээг нэмэгдүүлэхээр холбогдох талуудтай уулзалт хэлэлцээг хийж байна.
Ажлын хэсэг өнөөдөр буюу арваннэгдүгээр сарын 03-ны өдөр БНХАУ-ын Бугат, Баяннуур хотод ажиллаж, хилийн боомтуудын нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх, хил дамнасан ачаа тээврийн зохион байгуулалт, уялдаа холбоог сайжруулах, экспортын тээвэрлэлтийг тогтворжуулах чиглэлээр талуудтай уулзалт ярилцлагыг хийж байна.



Сэтгэгдэл ( 0 )