ЭМЯ-ны ТНБД асан Д.Очирбатын хэргийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шилжүүлжээ

Б.Сэцэн | Zindaa.mn
8 минутын өмнө

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсээс Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбатын хэргийг Мөрдөн шалгах хэлтэс шалгуулахаар шилжүүлжээ.

ЭМЯ-ны ТНБД асан Д.Очирбат нь хууль бус үүрэг чиглэл өгснөөр мөнгө гаргуулан авч зарцуулсан, мөн сонгон шалгаруулалт явуулах ажлын хэсгийн албан тушаалтанд амаар үүрэг, чиглэл өгснөөр холбогдох албан тушаалтнуудад хууль бус давуу байдал бий болгосон, мөн тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах этгээдэд тавигдах шаардлагыг бүрэн хангасан бусад нэр дэвшигчдийн эрхийг хязгаарлаж, суралцах боломжийг алдагдуулсан зэрэг үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1, 22.8 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжтэй байх тул Мөрдөн шалгах хэлтэст шилжүүлжээ.

Ташрамд сануулахад Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Д.Очирбат нь Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Удирдах зөвлөлийн даргаар давхар ажиллахдаа төсөв батлах, худалдан авах ажиллагаанд хяналт тавих зэрэг чиг үүргийг давхардуулан эрхэлж, ашиг сонирхлын зөрчил үүсгэсэн гэх үндэслэлээр 2026 оны дөрөвдүгээр сард Засгийн газраас Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалаас нь чөлөөлсөн билээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top