Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хууль нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын гишүүн Н.Батсүмбэрэл нарын есөн гишүүн боловсруулжээ. Уг хуулийн төсөлд жил бүрийн зургаадугаар сарын 7-ны өдрийг Морин хуурын өдөр, нэгдүгээр сарын 24-ний өдрийг Монгол тэмээний өдөр болгон хуульчлахаар тусгасан байна.
Нэгэн цагт дунд сургуулийн номын санг өөрийн нэрэмжит болгоод Н.Учралыг хөгжөөж явсан УИХ-ын гишүүн нэг ийм хууль санаачилжээ.
Хуулийн цаана: Монгол-Германы хамтарсан археологийн экспедиц 2008 оны 6-р сарын 7-ны өдөр Ховд аймгийн Манхан сумын нутаг дахь Жаргалант хайрханы хадны оршуулгаас эртний нүүдэлчдийн үед (МЭ VII–VIII зуун буюу Түрэгийн үе) хамаарах морин толгойтой чавхдаст хөгжмийн зэмсгийг илрүүлсэн. Энэ олдвор нь морин хуурын өвөг хэлбэр бөгөөд Дэлхийн хөгжмийн түүхэнд морин толгойтой хөгжмийн зэмсэг 1300-1400 гаруй жилийн тэртээ Төв Азийн нүүдэлчдийн дунд хэдийнээ төгөлдөржин хөгжсөн байсныг радиокарбоны (нүүрстөрөгчийн) шинжилгээ болон археологийн баримтаар нотолсон юм.
Монгол тэмээний өдрийн тухайд ямар шалтгаанаар сонгосоныг мэдэх юм алга. Харин тэмээ нь хахир өвлийг давдаг тэсвэртэй амьтан гэдгээрээ сонгосон байж магадгүй. Зоологийн үүднээс авч үзвэл Монгол тэмээний төллөлт ихэвчлэн хаврын эхэн буюу 2–4 дүгээр сард явагддаг. Нэгдүгээр сарын сүүлч бол хээлтэй ингэний маллагаа, тэжээллэг, дулаалга, хариулга маллагаанд онцгой анхаарах зоотехникийн чухал үе шаттай давхцдаг. Сүүлийн үед тэмээн тоо толгой өсөж, тэмээ уралдуулсан уяачдад алдарт уяач цол олгодог болсон нь нийтийн анхаарлыг татаж байна. Ялангуяа говийн гурван аймагт тэмээг алдаршуулах өдөрлөг зохион байгуулж байгаа нь онцлууштай үйл явдал юм.

Сэтгэгдэл ( 0 )